Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Toyota Motor” корпорац энэ онд “Land Cruiser 300”-г худалдаанд гаргахаар төлөвлөөд байна.
Японы “BestCarWeb” вебсайтад мэдээлснээр “Toyota” компани энэ оны наймдугаар сард “Land Cruiser 300” автомашиныг зах зээлд танилцуулахаар төлөвлөжээ. Компани зөвхөн шинэ “Land Cruiser”-ын концепт хувилбарыг танилцуулсан ч 300 сери нь “Land Cruise 200”-гийн 4.6 литрийн багтаамжтай “V8” бензин хөдөлгүүртэйгээр бус 3.5 литрийн багтаамжтай “V6” хосолсон цахилгаан хөдөлгүүртэй болж өөрчлөгдөж байгаа аж.
Хэдий энэхүү мэдээ “Land Cruiser”-ын хүчирхэг хөдөлгүүрт татагддаг хэрэглэгчдийг бухимдуулж магадгүй ч “Toyota” компани 2025 он гэхэд “Toyota” болон “Lexus”-ийн шинээр үйлдвэрлэх бүх автомашиныг цахилгаан хөдөлгүүртэй болгохоор төлөвлөсөн. Тиймээс компани өөрсдийн нэрийн хуудас болсон брэндээс энэхүү өөрчлөлтийг эхлүүлж байгаа бололтой. Харин үнийн хувьд “Land Cruiser 300” тусгай тоноглолоос хамаарч зах зээлд 130 мянган ам.доллараас эхлэн худалдаалагдах төлөвтэй байгаа аж. Энэ нь “Land Cruiser” автомашины хувьд түүхэн дэх хамгийн дээд үнэ юм. Одоогийн байдлаар “V8” турбо дизель хөдөлгүүр бүхий “Land Cruiser 200” автомашин 125 мянган ам.доллар орчмоор худалдаалагдаж байна.