Улсын аварга Э.Оюунболд залилангийн хэрэгт холбогдсон байж болзошгүй байна. Тэрээр хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэнгээс 30 сая төгрөг 5 жилийн өмнө зээлж аваад буцааж төлөөгүй байгаа талаар мэдээлэл гарч эхлээд байна.
Бизнес эрхлэгч О.Гончигсүрэн энэ талаар хэвлэлд ярихдаа Э.Оюунболд 30 сая төгрөг авахдаа эхнэртээ автомашин худалдан авахад урьдчилгаа төлбөр 10 сая төгрөг шаардлагатай байна гэж байжээ. Удалгүй ээжид нэг сая төгрөг шилжүүлэх шаардлага байна, эхнэрт гутал авахад нэг сая төгрөг хэрэгтэй, цолны найр хийхэд мөн мөнгө хэрэг болж байна гэхчлэнгээр цувуулж авсан аж. Ингээд нийт 30 сая төгрөгт хүрсэн байна.
Г.Оюунболд аварга болж цолны мялаалгад ирсэн мөнгөөрөө 30 сая төгрөгийг төлөхөөр хандахад О.Гончигсүрэн “Цолны мөнгийг шууд авчихаж арай болохгүй байх. Дараа авъя” гээд хойшлуулсан нь ийнхүү мөнгөө авч чадахгүйд хүрчээ.
О.Гончигсүрэн өнгөрсөн хугацаанд Э.Оюунболдоос мөнгөө авахаар нэхэмжилсэн ч тусыг олоогүй гэнэ. Шүүхэд хүртэл хандаж үзээд нэмэр болоогүй аж.
Аварга Г.Оюунболд яагаад ийм үйлдэл гаргасан талаараа тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР