Улсын Дээд шүүх АН-ын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцлээ.
АН-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, АН-ын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ Дээд шүүхэд гаргасан.
Харин Дээд шүүх АН-ын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР