Өчигдөр ОХУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгэээр одоогийн Ерөнхийлөгч, бие даан нэр дэвшигч В.Путин илт давуу байдлаар ялалт байгуулж байгаа нь тодорхой болоод байна. Энэ удаад ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөө 8 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд эдгээрийн 7 нь ямар нэг нам эвслээс нэр дэвшсэн бол харин В.Путины хувьд бие даан нэр дэвшиж байгаа юм. Сонгуулийн урьдчилсан дүнг өнөөдөр Улаанбаатарын цагаар 15 цагийн үед нийтэд зарлана гэсэн товтой байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт иргэдийн 76 хувь нь В.Путиныг дэмжсэн гэх урьдчилсан мэдээ байна.
Нэгэнт сонгуульд ялалт байгуулсан болохоор Засгийн газраа шинээр эмхлэн байгуулах ажлаа бодож төлөвлөж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. В.Путин өчигдөр орой улс төрийн бүх хүчнүүдийн удирдлагууд, тэрчлэн сонгуульд хамт өрсөлдсөн нэр дэвшигч нартайгаа уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр эрх барих дараагийн 6 жилийн хугацаанд улс орондоо ямар өөрчлөлт хийх, олон улсад тулгамдаж буй асуудлыг шийдэх арга зам, эх орон, иргэдийнхээ эрх ашгийн асуудлыг улстөрийн хүчнүүдтэй зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа бололтой.
Тэр сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлмэгц Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлана. Одоо энэ талаар хэрхэн ямар шийдвэр гаргах вэ гэдгээ бодож төлөвлөж байна” хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сарын 7-оос хэрэгжиж эхлэх учиртай юм. Гэхдээ засгийн газрын шинэ бүрэлдэхүүний талаар одооноос бодож төлөвлөнө гэжээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэсэн сурвалжлагчийн асуултад тэрбээр “Би ямар ч өөрчлөлтийг төлөвлөөгүй байна” гэжээ.
Тус улсын үндсэн хуульд нэг хүн Ерөнхийлөгчөөр хоёроос илүүгүй удаа сонгогдох боломжтой хэмээн хуульчилсан байсныг 2012 онд өөрчилж В.Путин ийнхүү 4 дэх удаагаа сонгогдож байна. Түүний энэ удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна. Харин тэр үед тэрбээр дахин нэр дэвших үү гэсэн асуулт тэр болтол хариултгүй үлдэж байна.
М.Нэргүй