Шөнийн цагаар морь уралдуулж олон хүүхдиын амь насыг эрсдэлд оруулсан “Дүнжингарав 2018” уралдаантай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгчээ.
Тодруулбал, 'Дүнжингарав 2018' морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Мөн бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан байна.
Тус уралдаан нь энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон хаврын бүсийн уралдаан оройн 21.00 цаг хүртэл үргэлжилж цахим ертөнцөд багагүй шуугиан тариад байгаа юм.
Мөн Засгийн газрын тогтоолоор 12 наснаас дээш хүүхдийг хурдан морь унуулахаар заасан атал Төв аймгийн уяач 11 настай хүүхдээр морь унуулж, уралдуулан, бэртээсэн болохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн юм.