Монголын допингийн үндэсний төвөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таваас нь хориотой эмийн бэлдмэл илэрсэн. Тэднээс улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар допингийн шинжилгээний “Б” сорьцод хамрагдаагүй. Ингэснээр тэд “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрсөн болж таарна. Энэ бол олон улсад мөрддөг дүрэм юм.
Харин “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц бөх нь улсын заан Б.Пүрэвсайхан гэж эх сурвалж хэлэв. Түүний “Б” сорьцын хариу болон Цагаан сарын барилдааны үеэр авсан допингийн шинжилгээний хариу нэлээд удаж магадгүй гэнэ. Учир нь БНСУ-д саяхан “Пёнчан-2018” өвлийн олимп, паралимпийн наадамд өрсөлдсөн тамирчдын допингийн шинжилгээний дараагаас манай бөхчүүдийнх орох юм байна.