Авилгалын хэргээр шалгагдаад байсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ сэжигтнээр тооцон, өчигдөр баривчилсан тухай мэдээлэлсэн. Тэднийг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Сангийн сайл асаэ С.Баярцогт гэж хэн болох, түүний ажил амьдралын тухай мэдээлэл хангалттай байгаа тул дахин мэдээллэх нь илүүу бизээ . Харин түүнтэй гар нийлэн “хам хэрэгт” орчихоод буй хоёр хүний талаар тодорхой хэмжээнд уншигч тань багахан мэдээлэл хүргэе.
Б.Ариунсан 1961 онд Говь-Алтай аймагт төржээ. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дотны найз гэлцдэг. Тэрээр Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, Эдийн засгийн институт, Удирдлагын хөгжлийн институт төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй, барилгын эдийн засагчаар докторын зэрэг хамгаалж байжээ.
1981-1997 онуудад Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт газрын дарга, 2004-2008 онд Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-нд дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, дарга, Татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Тэрээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Уул уурхай, хүнд үйлдвэр хариуцсан дэд сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар, цаашлаад салбарын сайддаа ч мэдэгдэлгүйгээр шатахууны үнийг огцом нэмж, шатахуун импортлогч компаниудын эздэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эрхийг өгсөн тухай асуудалд орж байсан аж.
Б.Бямбасайхан бол Монголын хамгийн том төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 100, "Оюутолгой" ХХК-ийн 34, "Шивээ Овоо" ХХК-ийн 90, "Багануур" ХК-ийн 75 хувийг эзэмшдэг, эдгээр стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үүрэг хүлээж ажилладаг компани юм.
Баянжаргалын Бямбасайхан МУИС болон Жорж Вашингтоны Их сургуулийг дүүргэн, Азийн Хөгжлийн Банкны Манила дахь оффист олон жил ажилласан. Тэнд байхдаа Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд эх орондоо ирснийхээ дараа "Ньюком" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг амжилттай удирдан гүйцэтгэсэн юм. Түүнийг Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн тухайн үед өндрөөр үнэлж байсан хэдий ч одоо харин буруутан, сэжигтэн этгээд болон баривчлагдаад байгаа бололтой.
Эрчим хүч, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт арвин туршлагатай түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар тодруулж байсан юм. Б.Бямбасайхан 2015 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.
Эх сурвалж Шуурхай.мн