fbpx Х.Баттулга: АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
31 минут 2 секунд

Х.Баттулга: АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨНӨӨДӨР УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ.

ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ

Ерөнхий сайд аа

Хүндэт зочид оо

Урин дулаантай зэрэгцээд их ажил, бүтээн байгуулалт өрнөдөг онцлогтой улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын зүгээс нийгмийн дуу хоолойг анхааралтай сонсож, ард иргэдийнхээ санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, нийгэмдээ зөв дохио өгч байх нь чухал байдаг.

Ерөнхийлөгчийн хувиар нийт нутаг орноо тойрч, ард иргэдээ сонсох зорилгоор нэгдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд Нийслэлийн найман дүүрэг, 17 аймгаар аялан, уулзалтууд зохион байгууллаа.

Цуврал уулзалтуудад нийт 18200 иргэн оролцож, уулзалтын үеэр 2800 (дөрвөн аймгийн тоо дутуу) иргэн санал, хүсэлт, шаардлагаа илэрхийлснээс 1225 нь биечлэн /уулзалтын үед/  хэлсэн. 1650 иргэн 1875 өргөдөл болон санал, хүсэлтээ бичгээр ирүүллээ.

Ард иргэдийнхээ илэрхийлж байгаа санал, шаардлагуудыг бүлэглэж үзвэл:

Тэтгэвэр, тэтгэмж, халамж, ажилгүйдэл ядуурал, улстөрчдийн оффшор данс зэргийг багтаасан баялгийн шударга бус хуваарилалтаас үүдсэн гажуудлуудын талаар 689 санал, шүүмжлэл;

Утаа, агаарын бохирдол, орон сууц, төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаа, газар хувьчлал, эрүүл мэнд, боловсролын салбар дахь хүндрэл бэрхшээл зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлуудаар 534 санал шүүмжлэл;

Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийг сайжруулах асуудлаар 487 санал гомдол, шүүмжлэл;

Өрийн дарамтыг бууруулах, эдийн засгаа тэлэх, төрийн албыг цомхон чадварлаг болгох, бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэх мэт макро эдийн засгийн чиглэлээр 254 санал тус тус ирлээ.

Тэтгэвэр, тэтгэмжийн талаарх санал, шүүмж хамгийн ихээр давтагдаж байгаа нь Төр ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг орхигдуулж, үүргээ биелүүлэхгүй байгаагийн дохио юм аа. Маш олон өрхийн тогтвортой орлого, амь зуулга нь нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж байсаар байна. Тэтгэвэр, тэтгэмжийн хүрэлцээгүй байдлыг даван туулах шийдвэртэй алхам хийх шаардлага өнөөгийн нийгэмд үүсээд байна. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх нь манай орны ажиллах нөхцөл, иргэдийн наслалт, хүн ам зүйн онцлог зэрэгт  тохирохгүй байгааг анхаарч, энэ талаар гаргасан шийдвэр, өөрчилж баталсан хуулиа хүчингүй болгож, хуучныг нь сэргээн мөрдүүлэх шаардлагыг иргэд ихээр тавьж байна.

Улс төрийн намын сонгуулийн амлалт, үндэсний тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Төрөөс дэвшүүлсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх талаар үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны харилцан уялдаагүй байдлаас шалтгаалан тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус зүй тогтол бий болсныг иргэд, олон нийт илтээр шүүмжилж байна. Олон жил ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч нь цөөн жил ажил хөдөлмөр эрхэлсэн, тэтгэврийн даатгалын шимтгэл бага төлсөн хүнээс илүү тэтгэвэр авдаг тэтгэврийн даатгалын шударга тогтолцоог иргэд хүсч байна.

Өнөөгийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн хүрэлцээгүй байдал, ирээдүйд тэтгэвэр авах тэтгэврийн даатгалд даатгуулагчдын итгэл найдварыг сэргээж, урт хугацаанд монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг хангах чадамжтай Үндэсний тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх болно. Хөгжлийн урт хугацаанд шинэчлэл, сайжруулалтын үндсэн зарчмуудаа харилцан ойлголцож, хэрэгжүүлэх зорилгоор Төр, засгийг бүрдүүлэгч улс төрийн намууд, нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талуудын хооронд Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар Үндэсний зөвшилцөлд хүрэх шаардлага ч байна. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар Үндэсний зөвшилцөлд хүрсэн тохиолдолд суурь зарчмуудыг улс төрийн явцуу зорилгоор өөрчлөхгүй, гуйвуулахгүй байх, шинэчлэлийн асуудлуудад сөрөг нөлөө үзүүлэхүйц олон улсын гэрээ хэлцэл байгуулахгүй байх нь зүйтэй юм.

Улс орны макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамааруулж тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, өндөр настны өргөн хэрэглээний бараа, нийтлэг үйлчилгээний үнэ тарифын өөрчлөлтийг жил бүр тогтоож, эдгээртэй уялдуулан тэтгэврийг шинэчлэн тооцож байх аргачлалыг тогтоон мөрдөх шаардлага ч байна. Тэтгэврийн тооцооллын параметрт шууд хамааралтай бус ажил мэргэжлээр ялгаварласан хөнгөлөлт, тэгш бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоож буй практикаас татгалзах цаг болсон гэдэг нь олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн удаа дараагийн зөвлөмжүүдээс харагдаж байна.

УИХ, Засгийн газраас үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн  үр дүнд тэтгэврийн хүрэлцээтэй байдлыг хангаж, 2020 он хүртэл нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг үе шатлалтайгаар 500 мянган төгрөгт хүргэх шаардлагатай. Үүнийг энэ сарын эхээр явуулсан судалгааны дүн ч нотолж байгаа. Судалгаанд хамрагдагчдын 82.9 хувь нь тэтгэврийг нэмэгдүүлэх нь зөв гэж үзсэн. Урт хугацаандаа Үндэсний тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчилж, эрүүлжүүлэх замаар монгол хүний амьдралын баталгааг хангах, Үндэсний тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх нь баялаг бүтээгчдийн ирээдүйн сайн сайхны баталгаа болно.

Уулзалт бүрт хөндөгдсөн бас нэг асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудал байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдчих боломж бүрэн бий. Бүх аймаг, дүүрэг сумдын цэцэрлэг, сургуульд тусгай ангиуд гаргаад өгчихөд шийдэгдчихээр асуудал юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг ч гэсэн шийдэх цаг нь болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл, Засгийн газрын “Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлбөр төлөх” тухай 2009 оны 26 дугаар тогтоол зэргийг мөрдүүлэх журамд өөрчлөлт оруулах замаар шийдчихэж болохоор байна. Гадаадаас ажиллах хүч авбал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ажлын байрны төлбөр төлдөг жишгээр хуульд заасан хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй байгууллага ажиллуулаагүй ажлын байрныхаа тоогоор ажлын байрны төлбөр төлдөг заалт оруулъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэж, Үндэсний нэгдсэн холбоо байгуулбал тэр холбоонд энэ хуримтлагдсан хөрөнгийг ажлын байр үүсгэх зориулалтаар олгодог журамтай болгоё. Үндэсний холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дор хаяж 85 хувийг эгнээндээ нэгтгэсэн нөхцөлд мөнгийг захиран зарцуулах эрх нээгддэг байж болно.

Тэтгэврийн хэмжээ амьдралд хүрэлцэхгүй байгаа, ядуурал ихсэж, ажлын байр олдохгүй байгаа зэрэг асуудлуудын уг үндэс нь баялгийн тэгш бус хуваарилалтад бий. 2011 оноос хойш Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 10 тэрбум ам.доллараас дээш байжээ. Хямралтай гэгдсэн сүүлийн дөрвөн жилд ч 11 тэрбум доллараас буусангүй. Гэтэл ядуурал 37 хувьд хүрч, ядуу өрхийн тоо 250 мянга гэж бүртгэгджээ. Малын тоо өссөн, улсын нийт орлого ч буураагүй гэтэл хүн амын гуравны нэг нь ядуу тарчиг амьдарч байдаг. Энэ юуг илэрхийлж байна гэхээр баялгаас олж байгаа орлого нийтэд хүртээмжгүй байна. Мөнгө хаашаа оров? Нийтэд хүртээлтэй байж чадсан уу? зэрэг асуултуудад ямар ч хариулт алга.

Хадгаламж эзэмшиж байгаа иргэдийн хоёр хувь нь нийт хадгаламжийн 96 хувийг эзэмшиж байна гэдэг хэт цөөнхөд баялаг хуримтлагдаад байгааг л илтгэж байгаа тоон үзүүлэлт юм. Нийгмийг чирч явдаг, баялгийг бүтээдэг, тогтвортой байдлыг хангадаг дундаж давхаргын хэмжээ, нөлөөлөл огт байхгүйтэй адил болсон байна гэсэн үг. Гэтэл Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэгд газрын баялаг нь нийт ард түмний өмч гээд заачихсан байдаг. Энэ заалтыг Монголын төр хэрэгжүүлэх юм уу үгүй юу? Үндсэн хуулийн 6-р зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх аваас ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэх нь биелшгүй хүнд зорилт биш байх юм. Ард түмнээс сонгогдож, үнэмлэхүй эрх мэдлийг олж авсан олонхийн бүлгийн 65 гишүүн та бүхнийг энэ чиглэлээр дорвитой шийдвэр гаргах болов уу гээд сонгогчид чинь найдаж, хүлээсээр сууна. Та бүхний сонгогдсон дөрвөн жилийн бараг тал нь өнгөрлөө.

Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй. АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа.  Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна.

Одоо хараад суух цаг алга. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээнд би зохих асуудлуудыг тусгасан хуулийн төслүүдийг санаачлан УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх болно. Харин эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улс төржилгүй, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг дээдлэх зарчмаар хэлэлцүүлэгт оролцоорой, идэвхтэй дэмжээрэй гэж хүсэх байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлан боловсруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр гурван ч тогтоол, хуулийн төслүүд дээр иргэдээс санал авч байгаа.

2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилсан. Хүүхдийн мөнгийг халамжийн нэг төрөл болгон, хүүхдийг өмч хөрөнгө, эд хөрөнгийн байдал, нийгмийн гарлаар нь ялгаварлан мөнгөн тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хүүхдийг аливаа хэлбэрээр алагчлахгүй байх заалтуудтай зөрчилдөж байгаа юм. Иргэдийн зүгээс “Хүүхдийн мөнгө”-ийг хүүхэд бүрт олгохыг хүссэн өргөдөл, хүсэлт ихээр ирүүлэх болсон зэрэг нь энэхүү Улсын Их Хурлын тогтоолыг санаачлан боловсруулах үндэслэл болсныг зориуд дурдъя. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 80 хувьд олгохоор шийдвэрлэсэн нь санхүүгийн боломж байгааг илтгэж байна. Хүүхдүүдээ ялгаварлалгүйгээр бүх хүүхдэд буюу 100 хувьд хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслийг удахгүй өргөн барих болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг учраас ийнхүү хуулийн төсөл санаачлахаар болсон юм. Ерөнхийлөгчийн хувиар орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтуудын үеэр ч бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноодог байхыг биечлэн болон бичгээр шаардсан иргэд маш олон байна. Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд хүүхдийн хүчирхийллийн талаар тодорхой дурдсан байгаа. Миний зүгээс дөрвөн сарын өмнө ХЗДХЯ-нд “хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх” санал хүргүүлсэн. Гэвч тус яамны зүгээс албан ёсоор хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа “бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт цаазын ял оноох” Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Судалгаагаар иргэдийн 89 хувь нь бага насны хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноохыг дэмжиж байна.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь монгол зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтний ёсноос гадуур жигшүүрт үйлдэл юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Ийнхүү Үндсэн хуулиар цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтойг заасан ч салбар хуулиар, гадныхны шахалт тулгалтаар хязгаарлаж, хааж байгаа нь учир дутагдалтай. Та бүхэн Монголын ард түмнээс сонгогдсон юм бол иргэдийнхээ санал, шаардлагыг эн тэргүүнд мөрдлөг болгох учиртай. Засгийн газрыг Европын холбоо томилоогүй учраас Монголынхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих нь зүйтэй байх. Аливаа шийдвэрийг гаргахдаа үндэсний онцлог, үндэсний эрх ашиг гэсэн хоёр зүйлийг л гол болгох нь чухал. Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын хувьд монголчууд хууль тогтоомж, ялын бодлогоо хэнээс ч асуулгүй, зааварлуулалгүйгээр бие даасан байдлаар шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн дагуу нэг сарын хугацаанд иргэдээс санал авахаар бэлтгэж байна. Энэ хуулийн төслөөр 6 зүйлийг шинээр нэмж, зохих заалтуудыг өөрчлөх юм. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох, урт хугацаанд тогтвортой дэмжих, нэг тэрбум төгрөг хүртэлх өртөгтэй тендерийг мэргэжлийн холбоодод хариуцуулах зэрэг зүйл орно. Олон жижиг мэргэжлийн холбоод нэгдэж Үндэсний нэгдсэн холбоо байгуулах, гишүүдээ кластер байдлаар зохион байгуулж тендерт тогтвортой хугацаанд бараа нийлүүлэх боломжийг бий болгох нь чухал болно. Тендерийг нэг жилээр шалгаруулах нь ажлын байрыг тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлж чаддаггүй юм. Иймд тухайн бараа үйлчилгээ жил бүр хэрэгтэй нь үнэн юм бол зоригтой таван жилээр үйлдвэрлэгчдийг шалгаруулаад ажиллуулбал нэгд, олигархиудын савраас жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хамгаална. Хоёрт, маш олон ажлын байрыг урт хугацаанд тогтвортой хадгалах болно.

Хавар болж барилгын ажил эхэллээ. УИХ шинээр ямар бүтээн байгуулалт хийх вэ гэж хайж явах бус нэгэнт батлагдсан бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ сэргээгээд, үргэлжлүүлээд хэрэгжүүлэх боломж бүрэн бий. Сая УИХ-ын даргын илтгэлд ч дурдагдлаа. Та бүхэн бүтээн байгуулалтын бэлэн төслүүдийг эхлүүлэх аваас иргэдийн 90.8 хувь нь гар өргөн дэмжихэд бэлэн байгааг судалгаа харуулж байна. 2010 онд УИХ-аар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр” дуусаагүй, дүгнэгдээгүй орхигдсон. Санаачлагч, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн одоо үлдсэн бүтээн байгуулалтуудыг сэргээн хэрэгжүүлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллах байх гэж найдаж байна. Батлагдсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн оронд шинэ хөтөлбөр бодон олж, батлуулах гэж цаг алдахын хэрэг байхгүй. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, батлуулсан эрхэм гишүүн, тухайн үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад би олзуурхаж байгаа. Нэгэнт батлагдсан бодлогыг хэрэгжүүлээд ажил болгох их үйлс таныг хүлээж байгаа шүү.

Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ихээхэн санаа зовж, нэг намынхны хүслээр туйлширсан, намчирхсан зүйл, заалтууд орох гэж байгаагаас эмээж байна. Иргэдийн хүсэлт шаардлага байгаа учир энэ хаврын чуулганаар хэлэлцэх “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудалд иргэдийн эрх ашгийг хамгаалан, идэвхтэй оролцоно. Үндсэн хуулийг Тогтвортой хөгжлийн Үндсэн хууль болгон сайжруулахын тулд гагцхүү олон нийтийн санаа бодолд тулгуурлан ажиллана. Өөрчлөхийн тулд өөрчлөх биш, өөдлөхийн тулд өөрчлөх зарчмыг хатуу барина.

“Үндсэн хуулийг дордуулсан” долоон өөрчлөлтийн нэг нь УИХ-ын хууль батлах ирцийг намсгасан явдал юм. Ингэснээр гишүүдэд хариуцлага гэж зүйл алга болж, хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг ихээхэн дордуулсан билээ. Үр дүнд нь улс төрийн намуудын нэр хүнд алгуур унасаар одоо доод түвшиндээ ирлээ. Өнөөдөр бүх намуудын рейтинг нийлээд 30 хувьд ч хүрэхгүй байна. Их хурлын гишүүд нь ёс зүйгээ умартан, сонгогчдоос олгосон үндсэн эрх, үүргээ эс биелүүлэн хуралдаа суухгүй байх нь хэм хэмжээ болон төлөвшиж эхэллээ. Хууль тогтоох гэж сонгогдсон гэдгээ мэдэхгүй байгаа бол суудлаа тавьж өгдөг хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна.

Нийтийн сонсгол хийх замаар томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог, дүгнэдэг байх зайлшгүй шаардлага УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт тулгарч байна. Томилсон албан тушаалтнуудынхаа араас хяналт тавьж, томилогдсон албан тушаалдаа тэнцэж байна уу, үүргээ биелүүлж байна уу, ёс зүйтэй ажиллаж байна уу гэдгийг нэхэн шалгаж байхгүй бол хаа сайгүй, дээр дооргүй хариуцлага алдах, ёс зүйгүй авирлах нь хэрээс хэтэрч, иргэдийн бухимдлыг төрүүлэх боллоо. Ерөнхийлөгчөөс томилдог шүүгчдийн ёс зүй, иргэдээс гарч буй шүүмжлэлийг нягтлан, Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн хөрөнгөө нотолж чадахгүй бол, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх болно гэдгийг энд тодотгож хэлье.

Дэлхий даяар төрийн албыг тогтвортой байлгахад анхаарч, шатлан дэвших зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Гэтэл манайд шинэ УИХ, шинэ Засгийн газар бүрэлдэх бүрт бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халдаг зуршил тогтоод удаж байна. 2014 онд Төрийн албанд 140 мянган хүн ажиллаж байсан. Гэтэл одоо төрийн албан хаагч гэх ямар ч баталгаагүй 189 мянган ажлын байр бий болжээ. Төрийн үйлчилгээний албыг иргэддээ үйлчилдэг алба болгон хувиргах нь оновчтой шийдэл гэж харж байна. Багш, эмч нар иргэддээ үйлчлэх ёстойгоос бус төрд, төрийн албан хаагчдад үйлчлэх үүрэггүй. Иргэдийн үйлчилгээний албатай болбол багш, эмч нарын цалин орлого, санхүүжилт дээр гардаг олон хорио, хүлээсүүдээс ангижирч, эмнэлэг, сургууль өөрсдөө санхүүгийн менежментээ хийх боломж нөхцөл нь нээгдэх юм. Хүн ам өсөхийн хэрээр иргэдэд үйлчлэх ажилтны тоо ч өсөж байх боломжтой болно. Ингэж чадвал төрийн албан хаагчдын тоо өсөхгүй, төрийн захиргаа болон тусгай албан хаагчид 40 мянга хэвээр хадгалагдах боломжтой юм. Дунд давхарга алга болж, бизнес эрхлэх боломж хумигдахын хэрээр чадвартай, мэдлэгтэй олон мянган залуучууд ямар ч аргаар хамаагүй төрд шургалбал орлоготой, амьдралтай болох юм байна гэсэн итгэл, улайралтай болон хүмүүжиж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэхгүй байгаа нэг том хүчин зүйл бол гадаадаас авсан зээлийг дагаад гадаадын ажиллах хүч орж ирдэг, гадаадын бараа материал нийлүүлдэг байдал юм. Цаашид УИХ, Засгийн газар ажиллах хүч, бараа материалаа тулгах нөхцөлтэй зээлийг авахгүй, ийм гэрээг батлахгүй байх ёстой гэж би үзэж байна.

Засгийн газар уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлэх бодлого гаргаж байгаа нь талархалтай ч улам цааш ахиж Монголын эдийн засгийг үсрэнгүй хэмжээнд аваачих илүү том зүйлд тэмүүлэх шаардлага гарч байна. Өнөөдөр экспортод гарч байгаа гол түүхий эдийг боловсруулах тавхан үйлдвэр байгуулахад экспортын орлого өнөөдрийн таван тэрбум америк доллараас 30 тэрбумд хүрч зургаа дахин өсөхөөр тооцоо байгаа. 100 мянгаар тоологдох шууд болон шууд бус ажлын байр бий болно. Энэ бол ойрын таван жилд хэрэгжүүлж болох ойрын зорилт юм. Засгийн газарт эдгээр төслүүдийг удаа дараа танилцуулсан. Одоо хийх л үлдлээ.

Холын зорилт гэвэл бид байгаа боломжиндоо тулгуурласан эдийн засаг гэхээсээ илүү их боломжийг нээх эдийн засгийг бий болгоход одооноос санаа тавих учиртай. Энэ бол гарцаагүй шинэ зууны технологиуд мөн. Ирээдүйн хандлагыг угтсан бодлого гарган, үндэстнээ ахисан эрэмбийн эдийн засаг, технологийн орчинд дэвшүүлэх, хүний нөөцийг эртнээс сургаж бэлтгэх санаачилгуудыг төр өөгшүүлэн дэмжмээр байна.

Хиймэл оюун ухаан, робот техник, биг дата, куантиум компьютер, композит материал, анагаах ухааны дэвшлүүд зэрэг шинэ зууны технологийн салбарт зөв газраа зөв бодлого оновчтой төлөвлөлт хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө бүрдүүлж чадвал алсдаа Монголын эдийн засгийг хэдэн зуу дахин томруулах нөөц бидэнд байна. Ирээдүйн тухай ярихад нэг зүйлийг онцгой анхааруулмаар байна. Улаанбаатар хотын цэвэр усны хангамж 2030 он  гэхэд шавхагдах  судалгаа тооцоо гарсан. Энэ асуудлыг улсын хөрөнгөөр хайгуул, зураг төсөл нь хийгдчихсэн, Туул голын бэлэн усан сангийн төслийг Мянганы сорилын сангийн 300 сая ам.долларын хөтөлбөрт хамруулан шийдвэрлэх нь чухал байгааг Засгийн газар эртнээс анхаарч шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Ус бол аюулгүй байдлын нэгэн баталгаа, өдөр тутмын юугаар ч орлуулшгүй хэрэгцээ болохыг санаж асуудал хүндрэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх хэрэгтэй байгааг дахин, дахин сануулъя.

Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцээд утаа агаарын бохирдлоо мартаж болохгүй. Сэрүү орохтой зэрэгцээд утааны асуудал ахиад л босно. Агаарын бохирдлын асуудлыг шийдэхдээ олон айлыг орон сууцанд оруулах, олон монгол хүнийг ажилтай болгох зарчмыг гол болгочиход хэцүү зүйл байхгүй. Олон улсад хэрэглэгдэж, үр дүнтэй нь нотлогдсон төвлөрлийг сааруулах, дагуул хотууд яаралтай байгуулах, хөдөөд ажиллах, амьдрах тав тухтай орчныг бий болгох гээд аргуудыг ашиглаач. Утаагүй зуух, утаагүй түлш гэх мэт улиг болсон зүйлд цаг мөнгөө битгий үрээч гэдгийг зориуд дахин, дахин хэлье. Энд гагцхүү сэтгэл л дутагдаж байгаа.

Тулгамдсан асуудлыг шийдэхдээ төсвийн мөнгийг хэмнэх, иргэдэд ээлтэй, үр дүнтэй талаас шийдвэрлэхийн оронд ажил хариуцсан хүмүүс нь өөрсдөдөө унац гаргахад илүү анхаардаг авлигач зуршилтай Засгийн газар хатуу тэмцээч ээ.

Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна гэдгийг ард түмэн хэлж, сануулж байна. Орон нутагт 70 гаруй суманд сонгогдсон төлөөлөгчдийг Иргэдийн хуралд эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь саад болсоор хоёр жил гаруй боллоо гэж байна. Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ-ын үйл ажиллагаа бүрэн завхралд өртлөө. Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Иргэд та бүхнээс хуулийн засаглал, шударга ёсыг хэрэгжүүлэхийг хатуу шаардаж байна. Хуулиа хэрэгжүүлж, мөрдүүлж чадахгүй юм бол Засгийн газар, УИХ гэж байх хэрэг байгаа юм уу, гэдгийг ил тодоор асууж, зөвшилцөх шаардлагатай байна.

Гадаад орнуудад суух Элчин сайдуудын асуудлыг зөвшилцөхөөр Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлсэн ч нэгээс бусад нь шийдэгдээгүй өдий хүрлээ.

Төрийн хойшлуулшгүй, хэнтэй хуваалцашгүй үүрэг бол иргэдээ ажилтай, орлоготой байлгах явдал юм. Ажлын байрыг олноор бий болгох бүх эрх мэдэл та бүхэнд төвлөрсөн. Том төслүүдээ үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөдөлгөе, мөнгө олох, илүү их ажлын байр бий болгох бизнесийн шинэ талбарыг нээе. Инновацийг бүх салбарт хэм хэмжээ болтол нь нэвтрүүлье. Иргэд ажилтай бол орлоготой. Орлоготой бол амьдрал аандаа сайжирна. Амьдрал сайн бол эрүүл мэнд, боловсролд анхаарах нөхцөл үүснэ. Боловсролтой эрүүл иргэд нь улс орны хөгжлийг урт удаан хугацаанд тогтвортой авч явж чадна. Ийм энгийн дарааллыг хэрхэн зөв шуурхай удирдлагаар хангахаа төрийн байгууллагууд нь мэддэг, зүтгэдэг байвал энэ Монгол Улс маань сэвхийгээд босоод ирэх боломж, нөхцөл нь бүрдсэн улс юм шүү.

Одоо гагцхүү ажил хийх л үлдлээ. Анхаарал тавьсанд талархлаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэнэ
УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​