АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид цохилт үзүүлэх зарлиг гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Дональд Трамп ард түмэндээ хандаж үг хэлэхдээ холбоотнуудын довтолгоон Сирид эхэлснийг зарласан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп: Долоо хоногийн өмнө Сирийн Доума хотод Башар Аль Ассадын арми химийн зэвсэг хэрэглэж, энгийн иргэдийн амийг хөнөөсний хариуд уг довтолгоог эхлүүлсэн. Франц, Их Британий зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн ажиллагаа яг одоо эхэлж байна. Би АНУ-ын зэвсэгт хүчинд дарангуйлагч Башар Асадын химийн зэвсгээ хадгалж буй объектуудад цохилт өгөхийг тушаасан гэж мэдэгджээ.
Ажиллагааны гол зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсоох явдал аж. Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийн хүчин Сирид удаан хугацаагаар байрлах зорилгогүй болохыг онцолсон байна.
Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Сирийн нийслэл Дамаск хотын орчмоос дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэлжээ.