Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх үйл явц сүүлийн үед нэлээд асуудал араасаа дагуулж байгаа. Тодруулбал, боомтоор хил нэвтрэх гэсэн нүүрс тээврийн машинуудын оочер ихсэж үүнээс улбаалсан зарим асуудлууд үүсээд байна.
Үүний нэг жишээ нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэдэг компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар жолооч нарын эрх ашигийг ноцтой зөрчиж байна. Олон хоногийн турш машиндаа явсан ажилчдын цалинг цагт нь тавьж чадахгүй байхаас гадна тэдний нийгмийн даатгалыг нь цаг тухайд нь ч төлдөггүй гэх гомдлыг жолооч нар илэрхийлж байгаа юм. Мөн ажлын цагийн хувиар нь ч тодорхой биш байгаа тул уг асуудалд Засгийн газраас анхаарал хандуулж эхэлсэн байна. Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар жолооч нарын түр амрах байрын асуудлыг шийдсэн бол салбар хариуцсан сайд нь жолооч нарынхаа эрх ашгийг хамгаална гэдгээ өөрийн твиттер хуудснаа илэрхийлжээ.
Тэрбээр, "Бид, төр компаниудын ажиллах бололцоог хангах, компаниуд жолооч нарынхаа цалин хөлс, НД төлдөг, ажиллах амрах цагийг нь зохицуулдаг байх ёстой. Үгүй бол буцаад социализмдаа орий. Би хариуцсан шиг хариуций. Тээврийн яамны дэргэд авто бааз байгуулий" хэмээн жиргэжээ.
Түүний энэхүү санал санаачилга ажил хэрэг болж чадвал олон зуун жолооч нарын амьдралын баталгаа хангагдаж, нүүрс тээвэрлэлтэй холбоотой үүсээд байсан хууль бус асуудлуудын нэг нь ч гэсэн шийдэгдэх бололтой.
ЗТХ-ийн сайдын гаргаж буй шийдвэрүүд цаг үеэ олсон, зоригтой, иргэдийн амьдралд тун ойрхон байдаг юм. Тиймээс иргэдийн зүгээс тухайн салбарт мэргэжлийн хүн томилогдох нь их давуу талтай хэмээн ам сайтай байна.