Сүүлийн үед “Хориг” нэрээрээ алдаршиж буй Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит хоригоо тавьжээ. Учир нь тэрбээр 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьсан байна. Энэ тухайд УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлж, түүнд өгүүлэхдээ
“ Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна” гэх буюу бусад үрэлгэн зүйлсийг тодорохой дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байна. Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” хэмээжээ.
Үнэхээр үрэлгэн төсөв байгаа бол хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал мөн. Гэхдээ байнга л хориг тавьж, тэр тусмаа ард түмэнд таалагдах тал дээр бол ямар нэг бодлого барилгүйгээр улстөр нийгмийнхээ нөхцөл байдлыг тунгааж харалгүй хориг тавьдаг нь манай Ерөнхийлөгчийн алдаа билээ.
Х.Баатар
Шуурхай.мн