Нийгэм / 2018/04/30

С.БЯМБАЦОГТЫН НЭРЭМЖИТ “ОЮУНЫ ИХ СОРИЛГО” ОЛИМПИАДАД 3200 СУРАГЧ ОРОЛЦЛОО



С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олимпиадад 3200 сурагч оролцлоо

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиад дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ховд аймагт  хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.  Тус олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавх, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой аж.

Ховд аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн буюу 24 сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан энэхүү олимпиадын эхний шатанд 3211 сурагч мэдлэгээ сорьсноос 24 багийн 120 сурагч шалгарч хоёр дахь шатанд өрсөлджээ. Энэ жилийн олимпиадын тестийн хариуг дэлгэцээр, ил тод шууд засч, техник технологийн дэвшлийг ашигласан байна. Мөн тус олимпиадад “Шилдэг бүтээлийн эзэн” номинаци дор сурагчид шинэ санаа, шинэлэг бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.  

Дашрамд дурдахад, 10 сая төгрөгийн шагналын сантай тус олимпиад жилээс жилд өргөжин тэлж, үлгэр жишээ болон хүүхэд залуусын хөгжлийг дэмжиж, мэдлэгийг тэтгэсэн олон арван олимпиад шинээр зохион байгуулагдаж байгаа юм.