Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шангийн татаж, шавийг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэж онцоллоо. “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд амжилт хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулж, Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчид гардуулж өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Хотын дарга хэлэхдээ "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж байгаад талархаж байна.