Х.Нямбаатар: Өмнөх хуулийн сайд нарын хийсэн үйлийн үрийг үүрч яваа хүн нь би


 Засгийн газраас тун удахгүй Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон тэдгээрийн процессын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Сүүлд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон процессын хуулиудын ажлын хэсгийг та ахласан. Та өөрөө энэ хуулийг ахалъя гэсэн юм уу, УИХ таниар ахлуулъя гэсэн юм уу?

-Манай Хууль зүйн байнгын хороонд практикт ажиллаж байсан хүн байхгүй. Би муу ч, сайн ч арваад жил өмгөөлөгчөөр ажилласан. Өмгөөлөгч бол байцаан шийтгэх ажиллагааны нэг оролцогч. Арай дөнгүүр нь юм уу гээд Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам надад санал тавьсан.

-Тэгээд зөвшөөрч. Багш, өмгөөлөгчийн ажлын туршлагатай шинэ гишүүнээр ийм том хуулиудыг ахлуулдаг нь буруу гэж нэлээд шүүмжилсэн. Одоо ч Х.Нямбаатарын хутгасан бантан гээд гөвж байна. Бас хуулиудыг шинэчлэх гэж байна. Таны үгийг сонсоё гэсэн юм.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр эд бараа биш учраас хүн болгонд таалагдах албагүй. Хоёрт, нийгмийн дэг журам, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, шударга ёс, хүний халдашгүй байдлын хана хэрэм нь энэ хоёр хууль. Энэ хоёр хуулийг зөрчсөн тохиолдолд төрийн цээрлэл хүлээдэг. Жилд дунджаар 1.3 сая орчим зөрчил бүртгэгдэж байгаа. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүсийн хэдэн хувь нь зөрчил үйлдэж байна вэ гэдгийг энгийнээр бодох ёстой. Угаадсаа асгах, хогоо ил хаях, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хүний биед халдах, гэртээ агсам тавих, хүний юм хулгайлах, хүн алах, хүчирхийлэл үйлдэх зөв юм уу. Энэ болгоныг буруу гэж томъёолсон хууль нь дээрх хоёр хууль. Ийм учраас хууль зөрчигчдөд энэ хууль таалагдахгүй. Ингээд бод, хууль зөрчихгүй л байх хэрэгтэй. Хууль зөрчихгүй бол нийтээрээ сайхан амьдрах зорилгын төлөө баталсан хуулиуд шүү дээ.

Нөгөө талаар Ардчилсан намын зүгээс 2020 оны сонгуулийг угтаж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар далимдуулж МАН-ын нэр хүндийг унагахыг хичээж байна. Энэ нь бараг амжилттай болж байна. Зөрчлийн хууль гэхээр жирийн иргэд мангаа гэж ойлгож байна. “Тэгээд яг юу нь болохгүй байна” гэхээр хэлэх үг нь олдохгүй байгаа. Аливаа шүүмжлэл үндэслэл, аргументтай байх ёстой. Би ажлын хэсгийг ахалсан хүний хувьд хэлэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр бол Монгол Улсын дархлаа. Энэ хоёр хуулийг байхгүй болговол Сири шиг, Ливи шиг эсвэл Африкийн нэг омог шиг амьдарна. Эцэст нь нэг юм хэлье.

-За

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль бол дөрвөн Хууль зүйн сайд, хоёр парламент дамжин батлагдсан хуулиуд. Хамгийн анх 2012 онд Ц.Нямдорж сайд ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийг шинэчлэн батлах ажлын хэсгийг байгуулсан. Сонгуулиар ялагдаад Х.Тэмүүжин сайд нөгөө ажлын хэсгийг өргөтгөж, одоо бидний мөрдөж байгаа шинэ Үндсэн хуулийн концепцийг бичиж дуусгасан. Х.Тэмүүжин огцорсны дараа Д.Дорлигжав сайд түүний концепцийг 180 градус эргүүлсэн. Сонгуулийн дараа С.Бямбацогт сайд болоод Д.Дорлигжавынхаа концепцийг 90 хувь өөрчилсөн. Одоо Ц.Нямдорж сайд буцаад ажиллаж байна. Ерөөсөө энэ хүмүүс хоёр парламент дамжуулж хуулийг боловсруулж, бодлогыг нь тодорхойлж, батлуулсан юм. Сүүлийн парламентаар эцэслэн батлахад Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн байнгын хороо намайг практик дээр ажиллаж байсан хуульч хүн учраас үг үсгийн алдаа, цэг таслал, утга найруулга, уялдаа холбоог нь шүүн тунгаагаач гэж ажлын хэсгийг ахлуулсан. Ингээд УИХ баталсан. Би дээр дурдсан Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, С.Бямбацогт нарын хийсэн үйлийн үрийн лай ланчгийг үүрээд явж байна. Үүнийг ард түмэн ойлгохгүй байна. Намайг л энэ хуулийг бичээд, батлуулчихсан, бүх болдогогүй зүйлийг хийсэн гэж Ардчилсан намаас харлуулсныг ард түмэн хүлээж авчихаад байна. Худлаа зүйлийг мянга давтвал үнэн болдгийн үлгэр энд оршиж байна.

-Та УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ц.Нямдорж сайд руу хаяглаж үг хэлсэн. Энэ үгээ бас Хууль зүйн байнгын хорооны хурал дээр хэлж харагдсан. Ярьснаас чинь дүгнэхэд хуулийн концепцийг эвдэлгүйгээр оруулах ёстой өөрчлөлтийг оруулж ирэх ёстой гэж байна, зөв үү?

-Одоо Ц.Нямдорж сайд эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай Засгийн газраас оруулж ирэх шаардлагатай байна. Ц.Нямдорж та Үндсэн хуулиар үүрэг хүлээсэн хүн шүү дээ. Ард түмэн таалахгүй байгаа хуулийг өөрчлүүлж батлуулах эрх нь танд байгаа. Салбарын сайд Ц.Нямдорж гуай төрийн сайдынхаа ажлыг түлхүү хийгээч ээ. Таны улстөрчийн ажил маш сайн явж байгаа. Та рейтингээрээ байнга л улстөрчдийн тэргүүн эгнээнд явж байгаа. Гэтэл улстөрч, төрийн сайдын ажлаа хослуулж хийх ёстой. Ц.Нямдорж гуай өглөө нь С.Зоригийн хэрэг яриад, орой нь Эрдэнэтийн 49 хувийг яриад салбарынхаа ажлыг хийхгүй байна шдээ. Би Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувиар хэвлэлээр дамжуулж үүнийг Ц.Нямдорж сайдаас шаардаж байна.

-Эрүүгийн хуулийг бараг жилийн хугацаанд хэрэгжүүлж үзлээ. Хууль хэрэгжүүлэх явцад практик дээр гарч буй асуудлыг дүгнээд өөрчлөлт оруулах саналуудаа хуулийнхан өгсөн. Бас хэлэлцүүлгүүд дээр ярьцгааж байна. Байнгын ажиллагаатай ажлын хэсгээс Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд оруулах саналтай байна вэ?

-Маш олон санал гарч байгаа. Тийм учраас тоймлоод хэлье. Эрүүгийн хуулийг гарцаагүй өөрчлөх хэдэн санаа байгаа юм. Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацааг эргэж харахгүй бол хэт явцуу болжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг шүүхээр таслуулах гэж байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гээд байна. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг хэн нэгэнд ял завшуулахгүй байдлаар өөрчилье гэсэн санал байна. Хоёрт, насанд хүрээгүй хүүхдэд оноох ял шийтгэлийн бодлогыг уян хатан болгоё. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн зарим төрлийн ялын төрөл, хэмжээг нэмэгдүүлье. Өнөөдөр шүүх зарим хэрэг дээр хуулийг адил төстэй хэрэглээд байна гэсэн шүүмж байгаа. Тийм учраас зааг ялгааг нь гаргая. Тухайлбал, албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэл болон зүйлчлэлийг нь нарийвчлан зохицуулъя. Тэгэхгүй бол манайхан чинь хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарладаг уралдаанд орчихоод байна. Эрүүгийн хуульд албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх гэдгийг нэг дор зүйлчилсэн байгаа. Тэгсэн чинь албан тушаал хэтрүүлэхийг гэмт хэрэг биш гэсэн хандлага явуулаад байна. Тийм учраас албан тушаал хэтрүүлэх, албан тушаал урвуулах хоёр гэмт хэргийг хуучнаар нь тусад нь зохицуулж, ялын бодлогыг нь нэмэгдүүлэх зохицуулалт ярьж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий анги дээр онолын хэд хэдэн ойлголтыг цэгцлэх зүйл бас бий. Тухайлбал, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмуудыг эргэж харна гэх мэт.

-Эрүүгийн процессийн хуульд дээр өөрчлөлт оруулах уу. Тухайлбал, тусгай субьектуудын харьяалан шалгадаг гэмт хэргүүдийг өөр хооронд нь солих уу?

-Тодорхой зохицуулж өгөх зүйл бий. Тэгэхгүй бол улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрийн ойр тойрны хүмүүсээ хууль хяналтын байгууллагад томилчихоод, тэрхүү эрх мэдлээрээ бусдыг татан шалгаж, хэрэг үүсгэдэг гажиг арилж өгөхгүй л байна. Ер нь би нэг зүйл дээр өмнөх болон одоогийн эрүүгийн эрх зүйн зарчим дээр өөр бодолтой байдаг. Үүнийгээ хэрэг шалгах процесс асуусан учраас өөрт нь зориуд хэлчихье.

Би бол үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй тагнуулын байгууллага хэрэг мөрдөх ёсгүй гэж үздэг. Гаднын улсын байгууллагууд ч ийм. Тэд цэвэр тагнуул буюу үндэсний аюулгүй байдлын чиг үүргээ хэрэгжүүлдэг, гадаад дотоод тагнуулын чиг үүрэг рүүгээ явдаг. Тэгэхгүй бол тагнуулын байгууллага хэргийн харьяаллын уутаа ашиглаж улс төр, бизнесийнхнийг намнадаг. Тухайлбал, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулж хэн дуртай хүнээ татаж шалгадаг чиг үүрэг нь хэтрээд байгаа юм. Уг нь тагнуулын байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад, дотоод аюул заналхийллийг бууруулах, тусгаар тогтнолын бүрэн эрхт байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй.

-Та мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тагнуулын байгууллага ажиллаад, хэрэг шалгахаа цагдаад юм уу, АТГ-т өг гэж байгаа юм уу?

-Тийм. Тагнуулынхан хэрэг шалгахаа хууль сахиулах байгууллагуудад шилжүүлэх ёстой гэж би боддог хүн. 1990-ээд оноос эхлээд цагдаагийн байгууллагын удирдах алба хашиж байгаа хүмүүс хөрөнгөлөг, чинээлэг болж эхэлсэн. Энүүгээрээ илүү их давуу байдал үүсгэдэг болсон гэсэн яриа явж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд 2000 оны үеэс эхлээд манай тусгай албад тэдэнтэй уралдаанд орсон гэж манай судлаач эрдэмтэд дүгнэдэг. Гаднын өндөр хөгжилтэй орнуудыг харахад тусгай албад нь ахуйн хэрэг шалгаад, улс төр, бизнесийн бүлэглэлийн нэг талд гарч, хэргийг шалгаж ажилладаг, хэн дуртайгаа татаж шантаажилдаггүй. Ийм учраас цаашид Монголын тагнуулын байгууллага хэргийн харьяаллаасаа татгалзах ёстой. Монгол Улс хөгжие гэвэл улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд хууль хяналтынхныг ашиглах хүчийг бага өгөх ёстой.

-Хоёулаа эвгүй зүйл рүү орчихлоо, зогсъё. Зөрчлийн хууль ярья. Сая Хууль сахиулах их сургууль дээр хэлэлцүүлэг болоход Зөрчлийн хуулийг хэрэглэдэг 28 байгууллагын төлөөлөл саналаа илтгэсэн. Прокурорын хяналтаас гаръя, зарим нь бүр баривчлах, саатуулах эрхтэй болъё, нөгөө хэсэг нь зөрчилд тавьсан шийтгэлийг шүүхээр хянуулдаггүй болъё, нөгөө хэсэг нь шийтгэлийн төрлийг олшруулъя гэж байна. Саналуудыг нэгтгээд удахгүй УИХ-д оруулна. Хэр өөрчлөхөөр байна вэ?

-Зөрчлийн хууль нийгэмд хэл ам дагуулж байгаа. Гэхдээ тодорхой хэсгээс зориуд зохион байгуулж байгаа зүйл нэлээд нөлөөлж байна. 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан намынхан Зөрчлийн хуулиар МАН-ыг харлуулъя гэсэн бодлогоор үүнийг хийж байгаа. Үүнийг нь мэдээллээс хол байгаа иргэд шууд хүлээж авч байгаа зүйл бий. Прокурорын хяналт зөрчлийн асуудал дээр угаасаа байсан. Байхгүй бол дур зоргоороо хууль хэрэглэдэг байдал бий болно. 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө дээрх 28 хууль сахиулах байгууллага өөр өөрийн стандартаар, өөр өөрийн байгууллагын хуулиар төрийн хяналт шалгалтыг хийж, захиргааны арга хэмжээг өөр өөрөөр авдаг байсан. Өөрсдөдөө давуу байдал үүсгэж, шан харамж авдаг, иргэдийг чирэгдүүлдэг байдлыг таслан зогсоох үүднээс Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Зөрчлийг 14 хоногт шалгаж шийдвэрлэх ёстой, цааш нь шалгана гэвэл эцсийн хугацаа 60 хоног. Үүнээс дээш хугацаанд зовоож болохгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар л бүх шалгалтын хэм хэмжээ, арга ажиллагаа явах бөгөөд хуулийг мөрдөж ажиллаж байгаа эсэхийг нь прокурор хянана гэсэн агуулгатай хууль болсон. Харамсалтай нь, 28 байгууллагын 11 мянган субьектийн дунд байгаа хуулийн мэдлэг, хүний эрхийн мэдрэмж сул нөхөд хуучин тогтолцоогоо үгүйлж, дур зоргоороо аашилдаг байснаа санагалзаж энэ яриаг дэвэргэсэн. Сая Зөрчлийн хуулиар улсын зөвлөлгөөн явуулахад сэтгүүлч та суусан байх аа.

-Суусан.

-Эрдэмтэн мэргэд, Хууль зүй, дотоод хэргийн яамныхан, хууль сахиулах байгууллагууд энэ зөвлөгөөнөөр санал нэгдэж байхыг харсан байх. Прокурор зөвхөн зөрчлийн дугаар өгнө, хугацаанд хяналт тавина, зөрчил гаргагчид оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн хуулийн хэмжээ хязгаартаа байна уу гэдгийг хянана. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх нь прокурорт хадгалагдаж байгаа. Түүнээс биш аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод, улсын байцаагчийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөөд, удирдаад байх ямар ч эрх, үүрэг прокурорт оногдоогүй.

 Г.Улсболд


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [202.179.25.161] · 2018/06/04

    dandaa l chudlaa bulterch show chiideg Nymdorjiig chalaachee