Улстөр / 2017/12/11 / 5

Европын холбооны хар тамга, МАХН-ыг булаах оролдлого, дунд шатны албан тушаалтнуудын авлига…



 
toim
 

Б.ДАМДИН-ОЧИР

Уг нь он солигдох мөч ойртсон ийм өдрүүдэд Монгол даяараа ердөө л шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд умбаж өнгөрдөг байв. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярууд болж л байна. Гэхдээ улс төрийн бужигнаан, дээрэм, авлигын эсрэг баривчилгаа, олон улс дахь Монгол Улсын дуулиан шуугиан тасрах янз алга. Энэ бүхэн зэрэг зэрэг болж, ес нь шид нь бүрэлдсэн долоо хоног өнгөрлөө. Тоймлон сануулъя.

 

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД  “ХАР ТАМГА” ДАРЛАА

Европын Холбооноос гаргасан хар жагсаалтад манай улс багтсаныг дэлхий нийтэд зарласан нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн хар үйл явдал байлаа. Хар жагсаалтад багтсан орнууд хамгийн түрүүнд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болно гэдгийг BBC агентлаг мэдээлсэн. Гэхдээ үүнээс ч илүү хор хохирол учирч болзошгүй, тиймээс энэ асуудалд жижиг гэж хандаж болохгүй хэмээн манай эдийн засагчид хэлээд байгаа. Тухайлбал, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “…хар жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэй” гэсэн бол эдийн засагч Б.Лакшми “…Европын Холбоотой харилцдаг компани, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын харилцаа холбоонд эрсдэл үүсэх магадлал бий” гэсэн. Мөн МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “…Энэ удаагийн мэдээлэлд гоомой хандаж болохгүй” гэв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Энэ бол зүгээр л анхааруулга” гэсэн тайлбарыг хэлсэн нь олны гайхшралыг төрүүллээ. Энэ талаар олон улсад, тухайлбал Оросын хэвлэлүүдэд “…Монгол Улс оффшорын цөөрөм болсон” гэж мэдээлжээ. Харин энэ үйл явдал нь өнгөрсөн хугацаанд Евродын Холбооноос ирүүлсэн хоёр ч удаагийн сануулгыг үл тоосноос болсон. Нөгөөтэйгүүр Монгол Улс Оффшорын эсрэг хууль батлахдаа оффшорчдоо өмгөөлж, хамгаалсан бодлого барьсан тул Европын Холбооны хар тамгаар “шагнуулсан” гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн энэхүү хар жагсаалт нь нэг талаар Монгол Улсад дарсан хар тамга, нөгөөтэйгүүр Монголын эрх баригчдад өгсөн F үнэлгээ гэж ойлгож болно. Хамгийн гол нь энэ хар жагсаалтыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлээд байгаа шиг “…Зүгээр л анхааруулга” гэсэн байдлаар хүлээн авч хэрхэвч болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс, мэргэжлийнхэн, эх сурвалжууд нэгэн дуугаар хэлж байгаа юм.

 

МАНАН-ЫН ЗАХИАЛГААР МАХН-ЫН БУЛААЖ АВАХ ОРОЛДЛОГО ХИЙВ

Эрх баригч МАН Их хурлаа хийж, дотоод асуудлаа цэгцэлж авсаны дараахан МАНАН-ынхан МАХН-ыг бужигнуулаад эхэллээ. МАХН-ыг хүчээр булаан авах оролдлого хийв. МАХН-ын Их чуулган гэдэг нэртэй хурал өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 9-нд болсон. Төрийн ордонд цагдаагийн хамгаалалттай хуралдсан Их чуулганы  төлөөлөгч гэх хүмүүсийг Улаанбаатарын хамгийн том гурван зочид буудалд байрлуулсан байна. Мөн хүн бүрийн банкны дансанд 100 мянган төгрөг шилжүүлсэн байна. Энэ арга хэмжээний үеэр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөд Сүхбаатарын талбайг битүү тойрсон цагдаагийн хамгаалалт гарсан байв.Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эрх баригч намынхан өөрсдөө цэцэг өргөхдөө ч үүнээс даруухан хийдэг юм. Ер нь бол мөнгөөр зодож, төрийн хүчээр нүдсэн МАХН-ыг булаан авах оролдлого амралтын өдөр тааруулан, чимээгүй атлаа сүржин болж өнгөрөв. Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “…Энэ Их хурал биш. Энэ бол луйвар. Зохион байгуулалттай жүжиг. Шүүхэд артай хүмүүсийн луйвар шүү. Эдэнд ямар ч тамга байхгүй.  Зүгээр л МАХН-ын нэр барьсан цуглаан болж байна. Бид өөрсдөө Их хурлаа зарлаж, хоёрдугаар сард хуралдуулна. Намайг хурлаас гар гэж зовоож байгаа ч үнэний төлөө энд хөөгдөөд зогсож байна” гэж байсан юм.

Түүнчлэн энд нэг зүйлийг хэлэхэд, МАНАН иймэрхүү  юмандаа цагдааг ашигладаг аргаа бас л хэрэглэв. 2013 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдаагийн хүчээр баривчилж байсан. Тэгвэл МАХН-ыг нь булаах оролдлогоо ч бас цагдаагийн оролцоотой хийлээ.

 

ЖИНХЭНЭ АВЛИГАЧИД ГЭДЭГ ТӨРИЙН ДУНД ШАТНЫ АЛБАН ТУШААЛТНУУД УУ?

Ингэж асуумаар, тийм юм байна гэж дүгнэхээр үйл явдал өнгөрсөн долоо хоногт болов. МХЕГ-ын Газрын дарга, Хэлтсийн дарга хоёрыг АТГ-аас авлигын 200 сая төгрөгтэй нь баривчилсан тухай мэдээлэл цацагдлаа. Мөн “Монголросцветмет”-ийн гүйцэтгэх захирал До.Ганболдыг газар, хэлтсийнх нь 10 гаруй даргын хамт баривчилж хорьсон байна. Үүнээс өмнө Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргыг мөн баривчилсан. Тиймээс авлига төрийн дунд шатны албан тушаалтнуудын хийдэг “ажил” болжээ гэх дүгнэлтийг нийтээрээ хийж эхлэв. Энэ талаар АТГ-ын дарга Х.Энхжаргал өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдтай уулзахдаа “…Сүүлийн үед АТГ-ын шалгаж байгаа гэмт хэргүүдийг авч үзэхэд нэлээд ноцтой байдлууд байгаа гэж хэлж болно. Сүүлийн таван жилд төрд ажилласан нэг даргыг л сая татаад шалгахад хохирол нь тэрбум, хоёр тэрбумаар яригдах жишээтэй. Зарим яаманд байж байгаа албан тушаалтны авлигын асуудлыг шалгахад давтамжийн маягт орчихсон, зуу зуун саяар яригдахаас тав, арван саяар яригдахгүй хэмжээнд байгаа зүйлүүд ажиглагдаж байна. Тийм учраас үүн дээр чангахан бодлого барьж, таслан зогсоохгүй бол ужгирчихсан байна. Хариуцлагатай холбоотой асуудлыг өөртэй чинь ярьдаг нь тийм учиртай. Бид алгуурлах эрх байхгүй л болж байна” гэж хэлсэн байгаа юм.

 

Б.ХУРЦЫГ “НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭНЭ”

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын БНСУ-д Элчингээр явах гэсэн асуудал явсаар улс донсолгосон явдал болж хувирсан. Б.Хурц Ц.Нямдорж, Б.Хурц Ж.Батзандан, Б.Хурц Лу.Болд гэсэн олон “холбоос”-той холбоотой, тэр бүү хэл Монгол Улс Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн эсэх, Б.Хурц Францаас хүн хулгайлсан уу, үгүй юу гээд ээдрээтэй үйл явдал болж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан Томилгооны сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ. Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй. Мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

 

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ “МОНГОЛЫН ЗЭС”-Д ҮЛДЭВ

Онцлохоос аргагүй нэг үйл явдал бий. Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д үлдээхээр шийдэв. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмчлөл, хувьцааны бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцээд “…Шүүхээс компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох” шийдвэрийг гаргажээ. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгсөн байна. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааны бүртгэл “Монголын зэс корпораци” компанид хэвээр үлдэхээр болж байгаа хэрэг юм.

 

ТҮҮХЧ, СОЁЛ СУДЛААЧДАД ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТЭЭВ

Өнгөрсөн долоо хоногийн гэрэл гэгээтэй ганц нэг мэдээллийн нэг нь  Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач  Ц.Санчир нарт 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ.

Түүхч Д.Өлзийбаатарт Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх үйлсэд хувь нэмэр оруулсаныг, Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн, соёл судлаач Ц.Санчирт Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас таван төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь ийн үнэлсэн байна.

Олон нийтийн зүгээс дээрх хоёр эрхэмд Төрийн шагнал хүртээсэн нь нүдээ олсон явдал боллоо гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



  • Зочин · [103.9.90.130] · 2017/12/13

    Та нартаа баярлалаа Улам ихийг бүтээгээрэй


  • Зочин · [103.9.89.210] · 2017/12/11

    NextStop 25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? Шилжилт25Final ТопУлсТөрчЗалуу ? ТопБизнесмэн ? БүтээнБайгуулалт Нэмье 2017Start БүтээгчУлсТөрчЗалуу ? БүтээгчБизнесмэнЗалуу ?


  • зочин · [202.179.27.182] · 2017/12/11

    ЭНЭ тэнэг Баасанхүүг УИХ анхааралдаа авч гишүүнээс хөө Балиар новш энэ бидний өгсөн саналаар луйвар хийж том дарга болох юм гэнээ ёстой хуцваа нам хуваадаг моод дэлгэр ч байгаа юм ЭНЭ ЦААНА ИХ Л ХААЛГАТАЙ АВИЛГАЧ УЛС БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА. Х ПИЗДААГААС ЭХТЭЙ ШҮҮ АНХАА ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН


  • иргэн · [103.57.95.156] · 2017/12/11

    Энхбаяр балайтай холбоотой юм хэвлэлд бүү тавиачээ,олон жил хэрэггүй юм уншиж залхлаа,тэрүүний тарьсан гай огт багадаагүй,тэр хүнд хэрэгтэй юм хийх хүн биш,хийж ч байгаагүй.


  • Зочин · [124.158.111.6] · 2017/12/11

    Ялзарсан шүүхтэй оронд шударга ёс гэж байх уу?