Entertainment / 2017/12/13

Нобелийн шагнал гардуулах 2017 оны ёслол боллоо



Нобелийн шагнал гардуулах 2017 оны ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт Шведийн нийслэл Стокгольм хотноо боллоо. Тус хотын концертын их танхимд энэ оны Нобелийн шагналын утга зохиол, байгалийн шинжлэх ухаан болон эдийн засаг, физикийн шинжлэх ухааны салбарт шалгарсан 11 хүнд шагналыг нь гардуулан өгсөн бол Нобелийн энхтайвны шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор Норвегийн нийслэл Осло хотод болсон байна. Энэ удаагийн Нобелийн шагнал гардуулах ёслолд XVI Карл хаан гэр бүлийн хамт оролцжээ. Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр физик, хими, анагаах ухаан, утга зохиол, энхтайван болон эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 116 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон түүхтэй. Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу 1.1 сая ам.доллар дагалддаг юм. 2016 оны байдлаар нийт 911 хүн Нобелийн шагнал хүртсэн гэх баримт байна.

2017 ОНЫ ФИЗИКИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ: Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр Альберт Эйнштэйний таамаглаж байсан татах хүчний долгион байдгийг туршилтаар баталж чадсан Райнер Вайсс, Барри Бэриш болон Кип Торн гэсэн Америкийн гурван эрдэмтэн хүртлээ.

ХИМИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ: Химийн салбарын Нобелийн шагналыг биомолекулыг хөдөлгөөн дунд нь хөлдөөж, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй молекулын үйл хөдөлгөөнийг харах боломжийг судлаачдад олгосон крио-электрон микроскоп зохион бүтээсэн Швейцарийн биофизикч Жак Дюбоше, Герман гаралтай Америкийн биофизикч Иоахим Фрэнк болон Шотландын молекулын биологич бөгөөд биофизикч Ричард Хендерсон нар хүртсэн.

АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ: Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүний бие судлалын салбарын нээлтээрээ буюу “Хоногийн хэмнэлийг хянах молекулын механизм”-ыг судалсан Жеффри Холл, Майкл Росбаш, Майкл Янг гэсэн Америкийн гурван генетикч- биологич хүртсэн билээ.

УТГА ЗОХИОЛЫН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ: Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүний дотоод сэтгэлийн мөн чанар, өнгөрсний тухай, өнгөрсөнд ямар байсан хүмүүс өнөөдөр чухам хэн болоод байгаа талаар өгүүлдэг “Өдрийн үлдэгсэд” болон бусад романаараа япон гаралтай, Их Британийн зохиолч Казүо Ишигүро хүртсэн юм.

НОБЕЛИЙН ЭНХТАЙВНЫ ШАГНАЛ: Цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах, тухайлбал цөмийн зэвсэг үйлдвэрлэж, турших, цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэхийг хориглохыг уриалж, энэ чиглэлээр кампанит ажил өрнүүлдэг “Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” хэмээх олон улсын төрийн бус байгууллагуудын эвсэл / ICAN/ энэ оны Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн.

ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ: Энэ оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг зан төрхийн эдийн засгийн /behavioral economics/ салбарт хийсэн судалгаагаараа буюу хүмүүсийн зан төрх нь эдийн засгийн шийдвэр гаргахад болон зах зээлийн үр ашигт хэрхэн нөлөөлдгийг судалсан Чикагогийн их сургуулийн эдийн засагч Ричард Талер хүртсэн.

 

Э.Билгүүн