УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дөнгөж сая Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барилаа. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг шударга ажиллаж чадахгүй байна гэх үндэслэлээр огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулсан.
Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож, Ёсзүйн хороогоор оруулж хариуцлага тооцохыг шаардсан. Тодруулбал, ЖДҮ-ээс зээл авсан хүмүүс, ББСБ, ХЗХ-гоор энийг дамжуулсан гэдэг нь тогтоогдох, сэжиг таамаг байгаа бол УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бүр сэжигтэй бол хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж байна гэсэн юм.
Харин түүний шаардлагад УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хуралдуулах хариу өгсөн байдаг.
Ийнхүү Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барилаа. Харин энэ асуудлыг МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нэн түрүүнд монголын ард түмнээс уучлал гуйж байна. Нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулахаар ярьж байгаадаа хүлцэл өчиж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учрах нөхцөл байдал үүссэн. Тиймээс бидэнд Монгол улсын том эрх ашиг байхаас намын эрх ашигт захирагдаж болохгүй гэж үзэн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа" гэлээ.
Мөн "Нэгдүгээрт, ЖДҮХС-гийн хөрөнгийг Засгийн газрын сайд нартаа болон өндөр албан тушаалтнуудад тараан өгсөн.Хамаарал бүхий компаниуддаа тараасан байна. Тиймээс ЖДҮХС-гийн асуудлаар танхимын сайд нартаа намын удирдах албан тушаалтнууддаа хариуцлага тооцох шаардлага өгсөн ч хариу өгсөнгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг хаацайлж байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуулинд тун тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа тайлагнаж, ЗГ-ын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хариуцан ажиллана гэж заасан байдаг. Гэтэл УИХ, намын, Засгийн газар, энд тэндэхийн эндэр дээрээс Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь битгий хэл Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүйгээ өөрөө зарлан мэдэгдэж ирсэн. Мөн жагсаал цуглаанд иргэдийг уруу татаж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, Үндэсний байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд байж ард иргэдээ буруу зүйлд турхирч байна.
Гуравдугаарт, Гадаадын иргэнд лиценз дамлан зарсан, өөрийн төрсөн дүүдээ төсвийн хөрөнгийг дамжуулан зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохыг нийгмийн зүгээс мөн бидний зүгээс удаа дараа шаардсан ч харамсалтай нь үүнийг үл ойшоож, ёсзүйн хариуцлага хүлээлгэх чадваргүй нь болтлоо сул дорой байгаа нь энэ танхимын сайд нартаа барьцаалагдсан гэж үзэх үндэслэл байгаа юм" зэрэг үндэслэлүүдийг дурдлаа.