Чуулган: У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Өнөөдөр ганцхан асуудал хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай юм.
Чуулганы эхэнд Ёс зүйн дэд хорооны дэд дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр өчигдөр “Ёс зүйн дэд хороо хуралдах гээд хоёр удаа тов зарлаад, ирц хүрээгүй. Өнөөдөр ч хурал зарлаад ирц хүрэхгүй байна. Тиймээс чуулганы хуралдааныг явуулах юм байлгүй” гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Тиймээс Я.Санжмятав даргаар удирдуулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Хэлэлцэж байгаа асуудлаа батлахаас өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. “Оффшорын хуулийн” 8.2 дугаарт маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн бол мэдэгдэх ёстой. Сайд нарт ашиг сонирхол үүссэн. Тэд өөрсдөө хэвлэлд өгсөн “уучлаарай” гэдэг үгээр баталсан. Эд нарт ашиг сонирхлын зөрчил үүссэн байна. Сайдуудыг чуулганы танхимаас гаргах хуулийн зохицуулалт үүсээд байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Өнөөдрийн хуралдааныг хууль зүйн талаас нь харж, хууль зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. “Оффшорын хууль”-ийн тодорхой заалт байсаар байхад ашиг сонирхолтой нөхдүүд танхимаас гарсан нь дээр. Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Я.Санжмятав гишүүн хуралдаан даргалсан ч ашиг сонирхол үүсэх магадлалтай. Тиймээс Л.Энх-Амгалан байна уу, Я.Санжмятав байна уу аль нэг нь даргалаад явах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүн чуулган даргалж болохгүй. Я.Санжмятав даргаар хуралдаан даргалуулмаар байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-“Оффшорын хууль”-тай холбогдуулан зарим гишүүдийг хуралд оруулахгүй байх зохион байгуулалттай үгийг гишүүд хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Та бүхэн мөрийн хөтөлбөрөөсөө буцсан. Тэгэхээр танай байгуулсан аль ч Засгийн огцрох ёстой. Гэхдээ та нар ЖДҮ-ээр шалтаглаж огцруулах ёсгүй. Өнөөдрийн энэ ЖДҮ бол “60 тэрбум”-ыг нотолж байна. Энэ Засгийн газрыг золионд хаяж ЖДҮ-гийн асуудлаа цэвэрлэх гэж байгаа бол хэзээ ч болохгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Ёс зүйн дэд хороо хүний муу үзэх гээд байгаа юм байхгүй. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зайлшгүй мэдэгдэх үүрэгтэй юм. Гэвч дэд хорооны ирц хүрээгүй. Тиймээс асуудалтай сайд нар анхааралдаа аваарай. Та бүхэн бие биеэ гутааж гүтгэсэн асуудал битгий яриарай. Ардчилсан нам биднийг ярьж байвал бид ойлгоно. Харин Ардын намынхан дотроо муу муухайгаа үзээд байх нь хэр вэ гэдгийг бодоорой. УИХ-ын дарга нь хурлаа удирдахгүй энд сууж байна шүү дээ. Гэтэл одоо дэд даргыг хурал даргалах эрхгүй гэж яриад байх нь зохимжгүй байх.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Би энэ парламентын ажил эхэлж байхад дээрээ ард түмэн дэргэдээ сөрөг хүчинтэйг битгий мартаарай гэж захисан. Харамсалтай нь алдаа гарлаа. Энэ бол зөвхөн Ардын намын асуудал биш. Энэ муухай бизнес бүлэглэлийн сүлжээ монгол төрийн ямар муухай болгосныг харж байгаа байх. Энэ УИХ-д ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу. Явсаар байгаад ашиг сонирхлын зөрчлөө шийдүүлэхийн тулд гадаадаас хүн авч ирж булай болох нь. Л.Энх-Амгалан байна уу, Я.Санжмятав байна уу хэн даргалах нь ялгаа юу байх вэ. Сөрөг хүчин бол илүү муугаар даргална. Тиймээс Я.Санжмятаваар даргална гэдэг яриагаа боль. Өнөөдөр У.Хүрэлсүхийн асуудал ярьж байна. У.Хүрэлсүх бол гишүүн биш. Хаана ямар ашиг сонирхол гаргаж, хэнийг хөөх гээд байна. Энэ хурлын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уулзсан дээр байх. Та нарыг Монгол Улсыг тайван байлга гээд суулгасан юм шүү.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Ж.Энхбаяр гишүүн уул уурхайтай холбоотой гишүүд энэ хуралд суух эрхгүй гэлээ. Өөрөө олон ч лицензтэй холбоотой хүн дээ. Дээр нь Засгийн газраа тогтвортой байлгахын тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ширээн дээр Л.Болд гишүүний "Богд" банканд бонд гаргаж өгнө, ипотекийн зээлийг дамжуулна гэдэг бичиг байгаа. Энэ мэт зүйлээ болих хэрэгтэй. Монголын төр наймаа болж гүйцсэн үү. Больж үз. ЖДҮ-тэй холбогдсон сайд нар минь хуулиа биелүүлээд танхимаас гарчих. Өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад хэд хэдэн гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан юм байна лээ. Юунд нь нуугаад байгаа юм бэ.
Ийнхүү гишүүд хэлэлцэх асуудалдаа орохын өмнө байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон тайлбар өгөв. Тэрбээр "Хууль эрх зүйн орчинг судлахаар Гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтаас сайн дураараа татгалзах эрхтэй гэсэн ганцхан заалт бий. Тиймээс гишүүд өөрсдөө татгалзахгүй бол хүчээр гаргах зохицуулалт байхгүй" гэв.
Яг одоо У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.