“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүн болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар УИХ-ын байнгын хороо болон Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа.
Семинарын үйл ажиллагаанд ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, УИХ-ын ТГ-ын МХШҮ-ний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, ХАНСГ-ын ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн, ҮТШСГ-ын статистикч Ц.Тэгшжаргал, Ю.Батзоригт нар илтгэл тавьж оролцлоо.
Семинар нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, төлөвлөгч, шийдвэр гаргагч, хэрэглэгч нарт танилцуулах, нотолгоо, судалгаанд суурилсан үр дүнд үндэслэн бодлого төлөвлөлтийг хийхэд нөлөөлөх, сурталчлах зорилготой байсан юм. Семинарын үеэр оролцогчдын зүгээс сонирхсон асуултад хариулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Үндэсний статистикийн хороо нь “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд судалгаагаар Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинж, хүчирхийлэл үүсэж буй шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан.
Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад 3 эмэгтэй тутмын 1 нь бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд амьдралдаа өртөж байна гэсэн дүгнэлт гарсан.