Барьцааг батлах уу, баллуурдах уу


Ж.БАЯР, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Улсын ерөнхий прокуророос уржигдар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн.

Хуульд зааснаар УИХ уг асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх учиртай. Эхлээд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж улмаар Байнгын хороо, чуулганы хуралдаан гэсэн дарааллаар асуудал эцэслэгдэнэ. Уг дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын ахмад гишүүд багтдаг билээ.

Гэвч өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч шийдвэр гаргалгүй тарлаа. Энэ талаар тус хорооны дарга Ц.Нямдорж “Дэд хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын саналыг сонссон. Мөн УИХ-ын гурван гишүүний тайлбарыг сонслоо. Г.Солтан гишүүн орон нутагт ажиллаж байгаа юм байна. Г.Солтан гишүүн ирээгүй учир дэд хорооны хурлыг маргааш (өнөөдөр) үргэлжлүүлэхээр боллоо.

УИХ-ын гишүүнийг өөрийг нь эзгүйд асуудлыг ярих боломжгүй” гэсэн юм. Асуудлыг хэлэлцэхийн өмнө УЕП М.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “УИХ-ын гишүүдийн бүрэн эрх хэрэг мөрдөлтөд саад учруулна гэж үзэж байгаа учир эдгээр гишүүдийн асуудлыг оруулж байна. Тиймээс УИХ энэ асуудалд нааштай хандана гэж найдаж байгаа. Би УИХ-ын чуулганд өмнө нь УИХ-ын гишүүн Б.Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэй байгаа тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулна, цаашдаа ч учруулна гэж хэлж байсан шүү дээ” гэсэн юм.

Харин УЕП-ын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулсан УИХ-ын гишүүдийн хувьд улстөржсөн явдал боллоо гэдэг утгатай тайлбар өгч байв. УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж байна. Хаалттай хуралдааны талаар мэдээлэл өгөх нь хуулиар хориотой. Гэхдээ Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн асуудлыг УИХ-д танилцуулж шийднэ гэсний дагуу асуудлууд яригдаж байгаа.

ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой хамтарсан уу, аж ахуйн нэгжийг зээл авахад нөлөөлсөн үү гэдгийг асуулаа. Миний хувьд нөлөөлсөн зүйл байхгүй. Шийдвэр ямар ч гарсан хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд “Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энэ ББСБ-д ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна. Маргааш (өнөөдөр) улс орон даяар жагсаал болно. 48 цагийг яагаад маргаашийн 13:00 цагтай тохируулж байна вэ гэдэг сонирхол татаж байна. Би УИХ-ын гишүүн болсныхоо дараахан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. “Эрдэнэс Тавантолгой”-н 49 хувийг “Шинхуа”-д 400 сая доллараар худалдах гэж буй асуудлыг гаргаж ирсэн.

Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлын үеэр 60 тэрбумын асуудлаар ярилцлага өгсөн. Олон улсын гэрээний тухай хуулиас хоёр чухал заалт алга болсон байсан. Энэ асуудлыг анх гаргаж тавьсан. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрснээс 340 сая тонн нүүрс алга болсон талаар мөн мэдээлсэн. 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй сонсгол явуулах санал гаргасан. Энэ бүхэнтэй холбогдож байна уу гэж харж байна. Мэдээж өнөөдрийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа.

Улс төрийн нөхцөл байдал харьцааны хувьд ойрхон байгаа. Ийм үед аль нэгэн улстөрчийг, УИХ-ын гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг асуудлаар нэрийг нь татах юм явж байна. Би мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй. Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх төсөл байсан учраас тэр компанийн төслийгтөсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз гэсэн бичиг явуулсан.

Би бүрэн эрхээсээ түдгэлзэж болно. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болчихсон. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр бид ажиллах ёстой. Би хувиа бодоод бүрэн эрхээсээ түдгэлзээд явах юм бол шударга бусын хонгил цаашаа явна. Ингэвэл олон бизнесмэн, улстөрчид хохирох нөхцөл байдал үүснэ” гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “УИХ-ын гишүүд орон нутгаас нь, тойргоос нь ирж байгаа саналуудыг уламжлах, шийдэх, дэмжих үүрэгтэй байдаг. Миний ойлгосноор УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо иргэдийг ЖДҮХС-гаас зээл олгохыг дэмжсэн бичиг хийж өгсөн байгаа. Би ч гэсэн ялгаагүй тойргийнхоо нэг компанид ЖДҮХС-гаас зээл олгохыг дэмжсэн бичиг хийж өгч байсан.

Түүнээс тус компанийн талаар, эзэмшигчийг нь ч танихгүй. Би өөрийн ах дүү, төрөл садандаа зээл авч өгөөгүй. Хууль зөрчөөгүй. Тойргийн иргэнээ л дэмжсэн төдий. 30 гаруй гишүүнийг АТГ-аас дуудаж байцаасан. Гэтэл тэр дундаас намайг онцолж, прокуророос гишүүний эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэнд гайхаж байна. Мэдээж би УИХ-ын даргыг огцруулах гарын үсгийг зурсан.

МАНАН-гийн эсрэг явж байгаа. Шударга ёсыг бүрдүүлэхийн төлөө явж байгаа юм. Тэгэхээр энэ үйл ажиллагааг дэмжсэнээр гарын үсэг зурснаар, хууль хүчний байгууллагыг цэгцлэхийн төлөө явснаар буруутан болж байна гэж ойлгож хүлээж авч байна. Халдашгүй байдлын дэд хороо, бусад Байнгын хороодын хуралдаанаар орно. Би тайлбараа хэлнэ. Энэ бол улс төрийн шалтгаанаар оруулж ирж байгаа санал гэдгийг хэлнэ. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж бодож байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хоорондын асуудлаас болж намайг түдгэлзүүлэх гэж байна” гэлээ. Харин Г.Солтан гишүүний хувьд тойрогтоо ажиллаж байгаа, прокуророос дуудаж уулзаагүй, ямар нэгэн мэдээлэлгүй байна гэжээ.

Ийнхүү УЕП-оос бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулсан УИХ-ын гишүүд өөрсдийгөө ямар нэгэн гэм зэмгүй, зөвхөн улс төрийн шалтгаанаар түдгэлзүүлэх гэж байна гэсэн тайлбарыг өглөө. Мөн ЖДҮХС-гийн асуудалд 30 гаруй гишүүн холбогдож байцаалт өгсөн байтал яагаад намайг оруулав гэсэн барьцаагаа ч цухуйлгаад авлаа. Түүнчлэн тэдний хувьд өмнө нь яг ийм асуудлаар түдгэлзүүлэх асуудлыг нь хэлэлцэхэд УИХ авч үлдсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтой барьцах бүрэн эрхтэй билээ.

Б.Батзоригийн асуудлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлэлцэх үеэр УЕП М.Энх-Амгалан “Хуулийн дагуу нөхцөл байдал тогтоогдсон учраас Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татаж, та бүхэнд танилцуулж байна. Та бүхэн энэ хүний эрхийг түдгэлзүүлэх эс түдгэлзүүлэхээ өөрсдөө шийдэх ёстой. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь.

Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан Их хурлын гишүүн нь болохоор энд сууж байна. Энэ чинь шударга ёс юм уу” хэмээн ширүүлж байлаа.

Тиймээс энэ удаа ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар түдгэлзүүлэхээр санал оруулаад байгаа УИХ-ын дөрвөн гишүүнийг “ангийнх нь нөхөд” хамгаалж үлдвэл нэг талаас өөрсдөө олон нийтийн өмнө эвгүй харагдах талтай. УЕП ч дөрөв дэх удаагаа УИХ-аас оруулсан саналаа буцаахгүйн тулд чуулганы хуралдаанд задлах, хэлэх юмтай байгаа болов уу. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “ЖДҮ-д холбогдсон гишүүдииг ёс зүйн хувьд уучлахгүй” хэмээн хэлж байсан ч нэгийг бодогдуулна.

Нөгөө талаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг аваад үлдсэн, цаана нь 20 гаруй гишүүд ЖДҮХС-гийн асуудалтай холбоотойгоор байцаагдаж байгаа үед УИХ-ын гишүүд одоо түдгэлзүүлэхээр яригдаж буй дөрвөн гишүүнийхээ “барьцаа”-г баллуурдахаар аваад үлдэх ч боломжтой. Ерөнхийдөө хүссэн ч, эс хүссэн ч хуулийн дагуу эдгээр дөрвөн гишүүнийг өнөөдрийн дотор Дэд хороо, Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж нэг талд нь гаргана.

Хэдийгээр хэрэгт сэжиглэн шалгах зорилгоор дөрвөн гишүүний асуудлыг УЕП оруулж ирсэн ч хэрэв тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл өнөөгийн улс төрийн зураг цаашаа өөрөөр зурагдах боломжтой гэдэг яалт ч үгүй үнэн юм. Эрх баригч намын дотоод хагарал яг голоороо болчихоод байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Нийслэлийн намын даргаа сонгохдоо гуравхан хүний зөрүүтэйгээр сонгож байв. Засгийн газрыг огцруулах асуудлыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцэж байлаа. Тэгэхэд УИХ-ын 40 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. УИХ-д 75 гишүүн байгаа үед энэ бол хүчний харьцаа тун ойр байгаа гэсэн үг.

Харин Засгийн газартаа итгэл үзүүлсэн 40 гишүүнээс одоо дөрөв нь бүрэн эрхээсээ түдгэлзэх дэнсэн дээр оччихоод байгаа. Тэгэхээр хууль хүчний байгууллагын ажлыг хүндрэлгүй хийлгэх үү эсвэл улс төрийнхөө орчин нөхцөлийг бодох уу гэдэг салаа замын эхэнд эрх баригч нам очоод байгаа нь, энэ. Үйл явдал хэрхэн өрнөх нь өнөөдөр тайлагдах билээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Иргэн · [202.180.220.172] · 2019/01/10

    ЭНД АСУУДАЛТАЙ ГАНЦ ХҮН НЬ УНДАРМАА ГИШҮҮН Л БАЙНА.


  • Бат · [202.9.42.234] · 2019/01/10

    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо