Нохой жилийн төгсгөл дэх улс төрийн онцлох үйл явдлууд


Өнгөрсөн жил улс төрийн хүрээнд нэлээд онцлог жил боллоо. Ялангуяа, нохой жилийн төгсгөлд ЖДҮ тойрсон маргаан дэгдэж, УИХ-ын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улс төрийн томилгоонууд ч хийж амжив. Оны төгсгөлд болсон улс төрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1.ЖДҮ авсан гишүүдээ хамгаалж, авч үлдэв

 

Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан баримт ил болсон нь нохой жилийн онцлох дуулиан байлаа. Энэ нь Монголын улс төрд асуудал, анхаарлын тэмдэг дагуулсан үйл явдал болов. Үүнээс болж ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулав. Харин түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг Ерөнхий прокуророос парламентад оруулж ирсэн ч УИХ-ын гишүүдийн олонх Б.Батзоригийг хамгаалан авч үлдсэн. Үүний нэгэн адил УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарын асуудал хуулийн байгууллагаас орж ирсэн ч ангийн нөхөд нь хариуцлага тооцож чадсангүй. Тэр ч бүү хэл, сайд асан Б.Батзориг чуулганы танхимд “Энэхүү зээлийг зорилтот бүлгийн хүмүүст олгосон” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр бол ЖДҮ-чин гишүүд эмзэг бүлгийнх болж таарсан. УИХ-ын гишүүн Л.Энхболд ББСБ-тай, Г.Солтан “Монгол шаазан” гэх томоохон компанитай. Харин Д.Дамба-Очир Лүн-Очир гэх компанитай, мөн Б.Ундармаа арилжааны банкаас гадна эмнэлэгтэй гээд тэдний хамаарал бүхий компанийг жагсаавал нэлээд урт дараалал гарна. Тэгэхээр ийм хөрөнгөтэй улстөрчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт эмзэг бүлгийнх гэж үнэлэгдэж байгаа нь сонин байлаа.

 

2.М.Энхболд чөлөөлөгдөж, Г.Занданшатар ажилдаа оров

 

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  Тэрээр парламентын түүхэнд 11 дэх УИХ-ын дарга байсан. Мөн хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа өгсөн дөрөв дэх спикер болж байна.  Түүнээс өмнө УИХ-ын дарга агсан Л.Энхбиш, Ц.Нямдорж, Н.Энхбаяр нар хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа өгч байлаа. М.Энхболд нь 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2007 оноос Шадар сайдаар ажиллажээ. Мөн 2013 оноос хойш МАН-ыг тэргүүлж, 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан.  Улмаар УИХ-ын даргаар ажилласан байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлж, түүний оронд Г.Занданшатарыг томиллоо. Г.Занданшатар нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байв.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад зүтгүүлж, намын удирдах зөвлөл, бүлэг, чуулганы нэгдсэн  хуралдаанаар олонхийн санал авч ийнхүү  “ангийн дарга” болгов.   Ер нь намын дотоод зөрчилдөөний аль аль талын эрх ашгийг тэнцүүлж авч явах УИХ-ын дарга парламетад ус агаар шиг хэрэгтэй байсан. Үгүй бол УИХ дахин гацах цаашлаад тарах нөхцөл байдал үүсэх байлаа.  Харин энэ удаа  УИХ-ын даргаар Г.Занданшатарыг дэмжсэн нь улс төрд үүсэх галыг намжаах, МАН-ын дотоод дахь дундын хувилбар  боллоо гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байлаа.

 

3.Улс төрийн намууд шаардлага хүргүүлэв

 

МАХН, МҮАН, ИЗНН-аас шаардлага хүргүүллээ. МАНАН дэглэмийн эсрэг тэмцэгчид М.Энхболдыг огцруулаад санаа амрах бус  “Шударга бусын хонгил”-ыг нурааж байж үр дүнд хүрнэ гэлээ.  Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр “Олон жилийн өмнөөс “Стандарт бус Засгийн газар” нэртэйгээр МАН+АН хэмээх хууль бус аюулт үзэгдэл үүссэнийг олон түмэнд анхааруулан сэрэмжлүүлж, түүний эсрэг тууштай тэмцэж  ирснийг сануулах нь зүйтэй гэж үзэж байна. МАНАН-тай тэмцэх нь амаргүй, амь бөхтэй оршсоор байгаа уг бүтцийг устгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөлснөөр тайвширч болохгүй. Тэгвээс олон түмний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй” гэж байв.  Тиймээс  УИХ, Засгийн газарт хандаж  “Сануулан шаардах бичиг”-ийг хүргүүлж байгаагаа  мэдэгдсэн юм.   Улс төрийн намуудын мэдэгдэлд,

 

-Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан хууль бус аргаар их хэмжээний зээл аван завшиж, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх,

-Төмөртэй, Хустай, Баянголын ордын хувийн болон орон нутгийн өмчид байгаа бэсрэг ордууд, Цагаан суваргын зэсийн орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Шивээ-Овоогийн нүүрсний орд зэрэг улсын төсвөөр хайгуул хийн олж тогтоосон ашигт малтмалын ордуудыг төрийн өмчид шилжүүлэн авч ард түмний мэдэлд өгөх

-Монгол Улсын түүх, соёлын салшгүй чухал хэсэг болох өвгөд дээдсийн булш бунхан байрлаж буй Ноён уулын лицензийг цуцлан тэнд ашигт малтмал олборлохыг  хориглох  зэрэг  11 зүйл бүхий шаардлагыг дурджээ.

Мөн эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Гагцхүү улс төрийн эр зориг, ард түмнийхээ төлөө гэсэн ухамсар байхад хангалттай гэж үзэж байгаагаа намууд онцолжээ.

 

4.Сайд нарыг томилов

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг томиллоо. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар онгорхой орон тоогүй, бүгд давхар дээлтэйгээр ажилдаа орлоо. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар УИХ-ын дарга болсон учраас түүний оронд  Л.Оюун-Эрдэнийг томилсон. Харин ЗТХ-ийн сайд асан Я.Содбаатарыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан асуудлаар албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байдаг.  БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаад байв. Учир нь Ц.Цогзолмаа нь УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд дэмжсэн кноп дарсан билээ. Ийнхүү түүнийг танхимын зарчмыг барьж ажиллаагүй гэх шалтгаанаар огцруулах шийдвэр гаргасан юм. Намрын чуулганы отгон хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн   Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэхэн сайд нараа хүлээн авч уулзан, амжилт хүссэн юм.

 

5.Нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болно

 

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах, санал авах өдрийг тогтоож, баталлаа. СЕХ-ноос сонгуулийг зургадугаар сарын 30-ны ням гаригт зохион байгуулах саналыг оруулж ирснийг гишүүд дэмжив. Мөн нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт 282 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс зарцуулах юм байна. Хэнтийн 42 дугаар тойргоос 2016 онд УИХ-д сонгогдсон Д.Гантулга гэмт хэрэгт нэр холбогдсоны улмаас ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн билээ. Тиймээс тухайн тойргийн сонгогчдыг УИХ-д төлөөлөх төлөөллийг сонгох шаардлага гараад буй юм. Уг нь нөхөн сонгуулийг өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулахаар УИХ шийдвэрлэсэн байдаг. Харин Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуулийг товлон зарласан  УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Харин энэ удаагийн нөхөн сонгууль хуулийн хүрээнд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдгийг СЕХ-ноос хуралдааны үеэр мэдэгдсэн юм.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Бат · [202.9.42.90] · 2019/02/11

    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох