Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр яамны болон харьяа байгууллагын нийт албан хаагчдыг оролцуулсан шуурхай хурал хийлээ.
Энэ үеэр яамны харъяа газар, хэлтсийн өнгөрсөн оны тайлан мэдээнд алдаа дутагдал цөөнгүй байгааг нэг бүрчлэн дурьдаж, дахин ийм алдаа гаргахгүй байхыг сануулсан юм.
Түүнчлэн үндэсний хэмжээний хөтөлбөр бодлогын баримт бичгийг даруй боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг энэ оны хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөж ажиллахыг үүрэг болгов.
Энэ оноос худалдан авах ажиллагааг яам хариуцахгүй, орон нутагт нь шилжүүлэх бөгөөд шилжүүлсэн гээд тайван суухгүй, бодлогоо тодорхойлж, хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гүйцэтгэлийн хувийг өндөрсгөх, сар бүрийн эхний 5-ны дотор аймаг орон нутаг, сум, дүүргээс явцын мэдээлэл авч, 8-ны дотор сайдад танилцуулах, шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авч ажилла гэв.
Мөн яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ил, тод байдлыг хангаж ажиллах, салбарын мэдээлэл сурталчилгааг шинэ төвшинд гаргах, хүн бүр хариуцсан ажлаа нээлттэй ил тод мэдээлэх чиглэл өглөө.