fbpx Б.Батдорж: Сонгогчдын эрх ашигт ноцтойгоор халдсан үйлдлээ МАН зогсоох хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 49 секунд

Б.Батдорж: Сонгогчдын эрх ашигт ноцтойгоор халдсан үйлдлээ МАН зогсоох хэрэгтэй

-УИХ-ын гишүүн Л.Энхболд ч хууль бусаар сонгогдсон-

Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга Б.Батдоржтой тус аймагт үүсээд буй улстөрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Өмнөговь аймгийн ИТХ-ын дөрвөн төлөөлөгчийг хууль бусаар сонгогдсоныг шат шатны шүүх шийдвэрлэлээ. Тэгэхээр удахгүй дахин сонгууль болох уу?

-Уг нь хуулиараа бол дахин сонгууль явуулах ёстой. Гэвч аймгийн МАН-ынхан энэ асуудалд нэлээд хойрго хандаж, сонгогчдын эрх ашигт халдсаар байна. Гэхдээ өнөөдөр болох аймгийн ИТХ-аар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, сонгогчдын эрх ашгийг өмнөө тавина байх гэж найдаж байна. Бүх шатны шүүх хууль бусаар сонгогдсоныг батлаад албан ёсны шийдвэрээ гаргасан байхад арай ч тэгж хуулийг уландаа гишгэхгүй байх гэж итгэж байна. Хуулиас дээгүүр намын эрх ашиг, намын эрх мэдэл гэж хаана ч байх ёсгүй.

-Эдгээр төлөөлөгчид нь аль сумаас сонгогдсон гишүүд вэ.  Шат шатны шүүхээр явсаар байтал бүтэн хоёр жил гаруй бүрэн эрхээ эдэлж, хууль бусаар аймгийн ИТХ шийдвэр гараад явсан болж таарах нь ээ?

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 14 дүгээр тойрог буюу Цогцэций сумын 4 мандат бүхий тойргоос сонгогдсон Д.Батзориг, Б.Баярбилэг, О.Бадарч, Ц.Доржсүрэн нарын дөрвөн төлөөлөгч юм. Анх тэднийг хууль зөрчиж сонгогдсоныг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай намын нэр дэвшигчдийн зүгээс хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан юм.  Энэ гомдлыг шалгаад, Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл байна гэж үзсэн. Ингээд энэ асуудал Эрүүгийн хэргийн 2 шатны шүүхээр дамжиж явсаар байх үед тэд хууль бусаар сонгогдсон атлаа аймгийн ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрт нөлөөлөөд явсан гэж хэлж болно. Ер нь үндэсээр нь үзвэл МАН орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар авсан.

-Сонгуулийн тухай ямар заалтыг зөрчсөн бэ, үүнийг танай намын зүгээс албан ёсоор баталгаажуулж өгсөн үү?

-Нэр дэвшигч Б.Баярбилэг нь “Энержи ресурс”  ХХК-ийн орон нутаг хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд дээрх таван нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд “Энержи ресурс” ХХК-д хийсэн уулзалтан дээрээ “Биднийг багаар нь дэмжиж бидэнд саналаа өгөөрэй, хэрвээ бидэнд саналаа өгвөл цалинг чинь олгоно, цаашид уул уурхайн ажил тогтвортой ажиллаж та нар ажилтай, цалинтай байна” гэх утгатай зүйл ярьж албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн доор ажилладаг хүмүүсээ штабын шадар туслагч, ухуулагчаар ажиллуулж “Энержи ресурс” ХХК-ийн нийт ажилчдын саналыг цалин, ажлын байраар нь барьцаалж, мөн төлөгдөөгүй байсан нийгмийн даатгалын өрөөр нь дарамталж саналыг нь худалдан авах ажиллагаа хийсэн байдаг. Мөн “Энержи ресурс” компани нь ажилчдаа цалингүй бүтэн жилийн турш амрааж байгаад гэнэт 2016 оны 05 дугаар сараас эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулаагүй боловч бүх ажилчдаа ажилд нь эргүүлэн авсан байдаг. Ажилчид 5 сараас хойш сонгууль дуустал хугацаанд хийсэн ажилгүй байсан ч гэсэн саналыг нь өгүүлэх зорилгоор хоол унд, орон байраар хангаж компанийн  байрандаа байлгасан. Ингэхдээ бүтэн жилийн хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, сонгуулийн дараа цалин олгох тухай ажилчиддаа амлалт өгч, Ардын нам ялсан тохиолдолд уул уурхайн олборлолт хэвийн явагдаж, ажлын байраар тасралтгүй хангагдах болно гэж Ардын намд саналаа өгөхийг уриалсан байсан.  Түүгээр  ч барахгүй сонгуулийн санал хураан авах байранд хүртэл сонгогчдын эрх ашигт халдсан үйлдэл гаргасан. Цогтцэций сумын санал авах хэсгийн 4 хороодод санал хураалтын явцад МАН-аас ажиглагчаар ажилласан Нармандах нарын 16 ажиглагч Сонгуулийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн сонгогчдын нэрсийг бүртгэх, тэмдэглэл хөтлөх, нэрсийн өмнө тэмдэг тавих, зураг авах, нөүтбүүк дэлгэж “Энержи ресурс” ХХК-ийн ажилчдын дотоод сүлжээг ашиглан ажилчдынхаа санал өгөх үйл явцыг бүртгэж, санал хураалтын ажиллагаанд нөлөөлж байсан. “Энержи ресурс” ХХК-ийн ажилчдын цахим групп дээр бие биеэ МАН-д өгөхийг ятгасан, дарамталсан чатуудыг баримт болгон өгсөн. Ингээд энэ бүхнийг судалж үзээд  дээр дурьдсан үйл явдал, үйлдэл нь Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн дараах зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзсэн юм. Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,4-д “Сонгогч сонгуульд оролцох эрхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно” гэсэн сонгуулийн үндсэн зарчмыг алдагдуулсан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10-д “Сонгогчдын  хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.  Эдгээр зүйл заалт болон бусдад холбогдох хуулийг дээрх нэр дэвшигчид  зөрчсөн учир тэднийг хууль бусаар сонгогдсон гэж үзсэн юм.

Хууль ёсоороо бол тэд Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон тул дахин сонгууль явуулах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тэд хууль бусаар аймгийн ИТХ-д байсаар байна.

-Дөрвөн төлөөлөгч гэтэл та сая яриандаа 5 нэр дэвшигч гэж дурьдлаа?

-УИХ-ын 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энхболд эдгээр дөрвөн төлөөлөгчтэй нэг баг болон сонгуульд нэр дэвшсэн. Энэ бүх үйл явцыг эхнээс нь хөөвөл Л.Энхболд ч хууль бусаар сонгогдсон. Түүний сонгуулийн штабын ажилчдын 35 хүн нь “Энержи ресурс”  ХХК-д захиргааны болон  удирдах албан тушаалтнаас  бүрдсэн байсныг  ч мөн гомдолдоо хавсаргасан. Харамсалтай нь хэрэг хянан шийдвэрлэх явцад УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдэг шалтгаанаар тэрээр мултарч үлдсэн байдаг. Гэхдээ анх гаргасан гомдолд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Энхболд болон бусад нэр дэвшигч нарт холбогдох зөрчлийн хэргийг хүлээж авч, хууль бусаар сонгогдсон гэдгийг Зөрчлийн тухай хуулиар тогтоосон байдаг юм. Ингээд тэднийг Зөрчлийн тухай хуулиар торгосон ч торгуулиа төлөлгүй явсаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байдаг. Хэдийгээр торгуулийн ялаас мултарсан ч тэднийг хууль зөрчиж сонгогдсоныг хэвээр баталсан. “Энержи ресурс” ХХК-ийн харьяалалд ажилладаг МАН-ын болон нэр дэвшигч Л.Энхболдын штабын бүрэлдэхүүнд ажилласан шадар туслагч, ухуулагчид өөрийн компанийн шилжүүлэн ирүүлсэн ажилчдын саналаа чөлөөтэй илэрхийлэх, сонгуульд оролцох эрхээ бие даан шийдвэрлэх эрхэнд халдаж, санал худалдан авахад чиглэсэн үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж сонгогчийн санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн юм. Үүнийг ч баталж, МАН-аас УИХ-д нэр дэвшигч Л.Энхболд, Аймгийн ИТХ-д нэр дэвшигч Д.Батзориг, Ц.Доржсүрэн, О.Бадарч, Б.Баярбилэг  нар нь шууд үйлдлээрээ  ч биш  өөрсдийн шадар туслах, менежер, ухуулагч нараараа дамжуулан Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10, 70.5.16-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж Эрүүгийн эргийн шүүх шийтгэврээ гаргасан байдаг.

-Хууль бус төлөөлөгчдийг эргүүлэн татах, дахин сонгууль явуулах талаар АН-аас шаардлага хүргүүлсэн үү?

-Өмнөговь аймгийн АН-аас аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирт хандсан боловч хүлээж авч шийдээгүй. Үүнтэй холбогдуулан манай намын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Гурван шатны шүүх нь манай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Гэтэл шүүхээс гарсан аль ч шийдвэрийг дагаж мөрдөхгүй хуулийг үл тоомсорлож байна.

-Одоо дахин сонгууль явуулахад юу саад болоод байна вэ?

-Ердөө Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа явдал. Хууль зөрчсөн дээрх нэр бүхий нэр дэвшигчдийг сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасах үйл хэргийг 2016 оны 04 дүгээр сард 21 дүгээр тушаалаар байгуулагдсан  Сонгуулийн ерөнхий хороо  хуулийн дагуу гүйцэтгэх байсан боловч  энэхүү сонгуулийн хороо нь 2016 оны 08 дугаар сард татан буугдсан. Ингээд нэр дэвшигчдийг  нэрсийн жагсаалтаас хасах, дахин сонгууль явуулах боломжгүй болоод байна. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,5-д заасан үндэслэлээр Өмнөговь аймгийн АН-ын зүгээс  Аймгийн Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд  удаа дараа хандаж, нэр бүхий этгээдүүдэд арга хэмжээ авч өгнө үү, цаашлаад сонгуулийн хороог дахин байгуулах асуудлыг тавьсан боловч ямар нэгэн тодорхой алхам хийлгүйгээр  өнөөдрийг хүрсэн.  Шалтгаан нь юу вэ гэхээр  нөгөө хууль бусаар сонгуульд ялалт байгуулсан  дөрвөн хүмүүс нь өөрсдөө Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, хоёр нь бүр ИТХ-ын Тэргүүлэгч буюу Сонгуулийн хороог байгуулах эрх бүхий субьект юм. Гэвч өнөөдрийг хүртэл бидний шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах боломжгүй гэж Х.Сугир дарга хэлсэн байдаг. Дээрх сонгуулийн маргаантай асуудлаар  аймгийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа  эс үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байна гэж бид үзэж байгаа. Гэтэл Орхон аймагт яг ийм асуудлаар  сонгуулийн хороог байгуулж, асуудлаа шийдсэн байдаг. Тэгэхээр хууль  зөрчөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч болчихсон  хүмүүс хурал хийгээд өөрсдийнхөө нэрийг хасуулах  Сонгуулийн ерөнхий хороог байгуулахгүй гацаагаад байна гэж манай намын зүгээс үзэж байна. Үүнийг ч баталж Захиргааны хэргийн шүүхээс Өмнөговь аймгийн АН-ын  Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийг хангаж,  Өмнөговь аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулахгүй  байгаа эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд даалгасан  шүүхийн шийвэрийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан. Гэвч  өнөөдрийг хүртэл Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа нь сонгогчдын  эрх ашгийг хөсөрдүүлж байгаа увайгүй үйлдэл юм. УИХ-ын болоод  Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль нь  Монгол Улсын төрийн эрх мэдлийг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг Монголын ард түмэн  сонгох чухал үйл явдал байдаг. Гэтэл гадаадын хөрөнгө  оруулалттай компани ийнхүү сонгуулийн санал хураалтанд олон тооны ажилчдын тоогоороо хүчээр нөлөөлж, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага,  орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл явцад хөндлөнгөөс, санаатайгаар, хууль бусаар оролцож иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл нь цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй  байдалд нөлөөлөхөөр байна.

-Хэрвээ МАН  хуулийн шийдвэрүүдийг үл хүндэтгэсээр байвал танай намын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Аль ч нам, төр засаг, албан тушаалтан, хувь хүнд хууль эрх тэгш үйлчлэх ёстой. Түүнээс бус олонхи болсон намд хууль үйлчлэхгүй гэсэн зүйл заалт Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар ч хуульд байхгүй. Тийм болохоор бид хуулийг хэрэгжүүлэх хүртэл шаардлагаа тавина. Мөн тэмцлийн бүх л хэлбэрүүдэд шилжинэ. Бид эрх мэдлийг авах гээд байгаа бус зөвхөн хуулийн дагуу сонгуулиа явуулж, хуулийн дор эрх тэгш амьдрах зарчмыг л хүсч байна. Ардчилсан засаглалтай, хуульд захирагдах ёстой улс л юм бол МАН аливаа асуудалд шударгаар л хандах хэрэгтэй. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “шударга ёс”-ны зарчмыг их ярих болсон. Үнэхээр намдаа, улсдаа шударга ёсыг тогтоохыг хичээж зүтгэж байгаа бол намынхаа гишүүдээс шударга ёсоо эхлэх нь зүйтэй байх.

178 хуудас материалаа ил болгохыг хүсэж байна гэв
178 хуудас материалаа ил болгохыг хүсэж байна гэв
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​