fbpx Сайн эрчүүдээр нэршсэн аглаг хөвч, ян халил, агуй хонгил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
65 минут 6 секунд

Сайн эрчүүдээр нэршсэн аглаг хөвч, ян халил, агуй хонгил

“Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой 
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй 
Сайн эрс цугларсан байц бэрх газартай 
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой” хэмээх мөртүүд их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгэнд бий. Үүний “Сайн эрс цугларсан байц бэрх газартай” гэдэг мөр нь эрт цагийн сайн эрчүүдийн орогнож байсан уул хад, агуй хонгил, морины уяа зэргийг төлөөлүүлж хэлсэн утгатай юмсанж. Юун сайн гучаад оны ногоон малгайтнууд их зохиолчийг мань “Шилийн эрчүүдийг шүлгэндээ орууллаа” гээд ниргээд хаячихаагүй юм бол доо. Бид л анзаардаггүй болохоос биш их зохиолч маань шилийн сайн эрчүүдийг шүлгэндээ бас хавчуулаад авсан байх ажээ. Мэдээж Д.Нацагдорж өөрөөсөө өмнөх үеийн сайн эрчүүд болох “Торой” Банди, “Тогос” Чүлтэм, “Хулгар” Нацаг, “Хангай” Базар, “Ганган” Төгс, “Улаан” Дамаа нарын гайхалтай домог түүхийг сонссон л байж таараа. Тэгээд л Дарьгангын Алтан-Овоо, Шилийн Богд, Хан Хэнтийн ян хөвч, Хөвсгөлийн тайга, Хантайн нуруу, Минжийн хангай, Хан Хөхий, Хүүлээ хаан зэрэг эртнээс янагш шилийн эрчүүд шивээлэн бүгсээр ирсэн олон арван уулыг “Сайн эрс цугларсан байц бэрх газар” гээд нийтэд нь хэлчихжээ.

18-р зууны үеэс эхлээд манж нар шарын шашинд тохируулж монгол хүний нэрийг түвдчилж, мөн газар усны нэрийг түвдэчлэх бодлого явуулсан байх бөгөөд үүнд “Монголын нууц товчоо”-нд нэрлэгдсэн манай зарим газар нутгийн нэр шууд түвд нэртэй болж байжээ. Жишээ нь Богд хайрхан уулыг Дүнжингарав, Гурван цаст уулыг Цамбагарав, Хэрлэн тоонот уулыг Дашбалбар , Эрдэнэ уулыг Норивлин гэх мэтээр түвд нэртэй болгож байсан түүхтэй. Харин сайн эрсийн нэрээр нэрлэгдсэн уул ус, асга хад, агуй хонгил, тал хөндий бол Манжийн бодлогод захирагдалгүйгээр ард түмний сэтгэлд хоногшин үлджээ. Тиймдээ ч Монгол орны нэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр сайн эр, сайхан хүүхний домог түүх, элдэв адал явдлаар нэршчихсэн уул овоо, хад цохио, тал хөндий нэлээд байдаг. Энэ нь сайн эр, сайхан хүүхнийг эртнээс янагш хүндлэн дээдэлж, шүтэн биширч ирсэн монголчуудын түүхэн уламжлалтай холбоотой. Жишээ нь сайхан хүүхний домог түүхээр нэршсэн “Тамирын гол”, “Хүүхний хөтөл”, “Ээж хайрхан”, “Сэрхийн нуруу”, “Гүнжийн сүм”, “Бортоо нуур”, “Бошлой хад” гээд олон арван уул ус, тал хөндий бий. Үүн лүгээ сайн эрсийн домог түүхээр нэршсэн “Бөхөн шарын нуруу”, “Дааган толгой”, “Сартагтайн суваг”, “Шижирийн даваа”, “Шижигтийн хавцал”, “Жийлэнгийн тагт”, “Жалбаагийн хад”, “Махваалайн хонгил”, “Цэмбэлийн битүү”, “Хангай Жигжийн овоо”, “Молорын агуй” гээд өөрийн гэсэн домог түүхтэй уул ус, тал хөндий олон бий. Монгол шиг ингэж сайн эрчүүд, сайхан хүүхнээрээ нэрлэсэн уул ус, хадан хавцал, агуй хонгилтой улс орон хэр олон байдаг юм бол? Жишээ нь Орост “Ласковый девочка”, “Атаман” Семенов гэсэн уул хад байдаг гэж дуулаагүй. Шилийн сайн эрчүүдийн домгийг сонсож, намтар түүхийг нь улбаалах бүрийд аглаг хөвч, ян халил, амьтан хүн барагтай бол хүршгүй оргилуудын хадан хясаанд цөм өөр өөрийн гэсэн орогнох байр, агуй хонгилтой байжээ. Жишээ нь ард олны дунд домог болж үлдсэн “Хулгар” Нацаг, “Ганган” Төгс, “Улаан” Дамаа, “Цахиур” Төмөр, “Царцаа” Гомбо, “Торой” Банди, “Тогос” Чүлтэм, “Хүрэл” Дампил, “Уулын улаан” Цэнд, Дайчин бэйсийн Дарьсүрэн, “Тэх” Баясах нар нь цөм өөр өөрсдийн орогнох газар, агуй хонгилтой байж. “Сайн эрийн уяа” гэж Монголын аль ч нутагт байсан байна.

АРХАНГАЙ

Архангай аймгийн Хайрхан сумын нутагт байх нэгэн их хөвчийг “Бөхөн шарын нуруу” гэх бөгөөд энд эрт цагт Манжийн хааны бөхийг авч шидээд оргон зайлсан “Бөх” Шар хэмээх сайн эр бүгэж байжээ. Мөн Архангайн Хөх нуурын хөвчид “Хүрэл” Дампил хэмээх сайн эр нууц агуйтай байсан гэлцдэг. Гэвч улаан хувьсгалчид 1932 онд лам нарын нуусан бурхан тахилыг хайж явахдаа түүний агуйг олж аваад юу ч үгүй тоночихжээ. Түүний агуйгаас хуй хуйгаар нь торго дурдан, авдар дүүрэн эрдэнийн чулуу, цул алтаар чимэглэсэн хурдан буу, Бухар хотын урчуудын эрдэм шингэсэн ган сайтай чинжаал хутга, бүрэн хэрэглэлтэй мөнгөн эмээл, хазаар гарч байжээ. Мөн Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан сумдын зааг дээр “Дайхын булуу” гэж эгц өндөр уул байх бөгөөд уг уулын орой дээр хэдэн сүрэг адуу хашчихмаар хавцал байдаг аж. Үүнийг тус нутгийнхан эртнээс “Сайн эрийн уяа” гэж нэрлэж иржээ. Энд Архангай нутгаас төрж гарсан үе үеийн сайн эрчүүд адуугаа хашдаг байжээ. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос урагш 25 км газарт буюу урд Тамирын голын хоёр салааны дунд Бумбат гэдэг уул байх бөгөөд уг уулын тагтыг тус нутгийн хөгшчүүл “Сайн эрийн уяа” гэдэг юм байна. Хоёр гурван зуугаад адууг өлхөн нуучихаар уулын тагтанд байдаг хумбагар тогтоцтой хад. Дээр үед Архангайн шилийн эрчүүд холоос адуу хөөж ирээд энэхүү тагтанд адуугаа хашдаг байжээ. Архангай аймгийн Тариат сумын харъяат, хэл бичгийн ухааны магистр С.Чулуунбат нэгэн домог хүүрнэхдээ: “...Манай нутгийн Тэрхийн цагаан нуурын хойд биед байх “Гурван нарийн” хавьцаа эрт үед “Хөх” Оном хэмээх элдэвтэй эр амьдарч байсан гэдэг бөгөөд одоо ч “Ономын нүүр” гэдэг нэртэй газар бий. Манжийн үед сайн эр “Хөх” Оном хүн амьтанаас дайжин амьдарч “Доод нарийн”-ы эхэнд нутагладаг байж. Эндхийн хад ууланд “Хулгайчийн уяа” гэж байсан. Энэ нь Халхын сайн эрчүүдийн болзоот газар байсан бөгөөд агт морьд, азаргаар адуу солилцдог бааз нь болж байжээ. Энэ хэргийн учир “Хөх” Оном олон удаа баригдан цөлөгдөж байсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг далайн чанад руу цөлсөн гэдэг. “Хөх” Оном олон янзын зовлон бэрхийг туулж, дүнз модон дээр (сал ч юмуу завь биз) хэвтэж суун явсаар тэр их усыг гатлан олон сар жилийн дараа нутагтаа иржээ. Түүнээс хойш хошуу ноён нь “Хөх” Ономыг дархалсанаар тэр нутагтаа амар жимэр сууж байсаар насан өөд болсон юм гэнэ лээ. Сүүлд гучаад оны эсэргүү бослогын үеэр Тариат нутгийн ардууд дайн самууны аймшигт гамшигийг биеэрээ эдлэн байхдаа “Ономын нүүр”-ийн битүү мод, их намаг шаврын ачаар амь хэлтэрч байсан түүхтэй” гэж өгүүлсэн юм.

УВС

Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Мөндөөхэй” гэдэг агуй байдаг бөгөөд энд 20-р зууны эхэн үед Хятадын шоронгоос оргосон Увсын дуулиант эр “Гайхал” Жамъян орогнож байжээ. Сүүлд Жамъян үхэхийнхээ өмнөхөн энэ агуй дээрээ очиж салах ёс хийгээд ойр дотны хүмүүстээ “Намайг энд оршуулаарай” гэсэн гэдэг. Тэгээд л нас барчихаж. Түүнийг яг оршуулаад байж байх үед үс сахалдаа баригдсан нэгэн шилийн эр давхин ирж талийгаачийн биеийг ороосон цагаан даавуунаас тасдан авч хоёр хөлөө ороогоод, гашуудал илэрхийлээд яваад өгчээ. Тиймээс нэг үе “Мөндөөхэй”-г нутгийн ардууд “Гайхалын агуй” гэж нэрлэж байсан байна. Мөн Эрт цагт Дөрвөд Далай ханы нэгэн сайн эр зүүн аймгаас хурдан удмын азарга адуу хөөсөөр Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх “Тохой газар”-аас салж явтал хурдан удмын адуунаас нь ихэр даагатай эрмэг хоогч гүү холын замд муудаж цааш явж чадахгүй болжээ. Тиймээс сайн эр эрмэг хоогч гүүг хоёр дааганы хамт орхиод цааш хөдөлтөл нэг даага нь тэр дороо нүд аньж, нөгөө нь цаашаа таван мод газар яваад нэгэн толгод дээр сульдан унажээ. Тэр цагаас хойш нутгийн ардууд эхний даага унасан толгодыг “Дааган толгой”, хоёр дахь даага унасан толгодыг “Дээд дааган толгой” гэж нэрлэх болжээ. Харин хоёр дааганы эх хоогч гүү үр төлөө орхин явж чадалгүй тэр хавьдаа эргэлдэж байгаад усгүй хатаж үхсэн бөгөөд гүүний сэг зэм үлдсэн нэгэн бяцхан уулыг “Хоогч гүү” гэж нэрлэсэн байна. Энэхүү гурван уул Хан Хөхий уулын зүүнтээ, Тэсийн голын баруунтаа өргөн уудам тал дунд оршино. Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт “Арван гурван овоо” гэж байдаг бөгөөд тус нутгийн уугуул, Биологийн ухааны доктор Бадрахын Чимэд гуай баруун Монголын сайн эр “Тэх” Баясахын өөрийн гараар босгосон энэхүү арван гурван овооны талаар чамгүй судалгаа хийжээ.

ХЭНТИЙ

Хан Хэнтийн шилийн эр “Уулын улаан” Цэнд хүн байтугай ан амьтан үл үзэгдэх бүрхэг харанхуй ян сарьдагт хорь гаруй жил бүгсэн байдаг. Тэрбээр мориныхоо дөрвөн туурайд бугын туурай углахаас гадна баавгайн сарвууг гар хөлдөө хийж явдаг байж. “Уулын улаан” Цэнд хойшоо Оросын хил даван Агийн буриадуудтай ангийн үсээр наймаа хийдэг, мөн тоомсог морьд хөөж ирдэг байсан болохоор Хан Хэнтийн ян хөвчид юугаар ч дутагдаж байсангүй. Нисдэг тэргээр дээрээс нь харахад түүний байшин үзэгддэг байсан гэх бөгөөд даанч хүн очихын аргагүй шигүү ойд онгоц буух боломжгүй. Хожим хүмүүс Хан Хэнтийн ян хөвчөөс “Уулын улаан” Цэндийн барьсан дөрөв таван байшинг олж, улмаар тэнд байсан гурил будаа, ангийн арьс, хойноос оруулж ирсэн ховор нандин бараа таваарыг зургаа, долоон “Ходок” тэргээр зөөж байсан гэдэг. Жараад оны “Төөрсөөр төрөлдөө” хэмээх Монголын уран сайхны кинонд Балт гэдэг нэг сайн эрийн тухай гардаг билээ. Яагаав нөгөө “Хажуухан талд чинь Хан Хэнтий налайж байхад гурав ч хонолгүй баригддаг чи мөн тоогүй эр ээ” гэж бусдад басуулаад л Хан Хэнтийн ян сарьдаг руу гараад давхичихдаг. Үнэхээр ч тухайн үед Хан Хэнтийн ян сарьдагт шилийн сайн эрчүүд орогнодог байсан бөгөөд ялангуяа эндхийн Хорьдол сарьдагийн нуруу бол Ардын хувьсгал мандсаны дараахи жилүүдэд улаан хувьсгалчдын элдэв ухуулгаас уйдаж залхсан шилийн сайн эрсийг олон арван жил орогнуулж байснаараа алдартай. Учир нь энд ан амьтан, араатан жигүүртэн ихтэйгээс гадна зун, намрын цагт бол ямар ч хүн өлхөн хооллочихоор самар жимс арвинтай байж. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын нутагт “Хөх Цэмбэлийн шивээ” гэж бий. Шивээ гэдэг нь шивээлэн бүгэхийг хэлж буй бөгөөд Зоригт бэйсийн “Хөх” Цэмбэл энэхүү агуйд адуу малтайгаа цуг шивээлэн бүгдэг байсан тул ийм нэртэй болжээ. Мөн Багануурын уурхай хавьцаа “Шавилын хонхор”, “Шавилын уяа”, “Шавилын худаг” гэж байсан бөгөөд эдгээр нь сайн эр Шавилын нутаглаж явсан газар ажээ. Мөн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын нутагт “Шавилын цохио” гэж байдаг байна. Цэнхэрмандал сумаас урагш, Хэнтий аймгийн нутагт Дэлгэрхаан, Баянхаан гэдэг хад бартаа ихтэй сүрлэг сайхан хоёр уул байх бөгөөд үүгээр “Хавчиг” Мангал, “Хөх” Цэмбэл, Шавил нарын эрт цагийн сайн эрчүүд наашаа цаашаа дамждаг байсныг нутгийн хөгшчүүл хүүрнэж суух юм. Мөн Хэнтий аймгийн Галшир сумын нутагт “Сүмийн чулуу” нэртэй уул байдаг бөгөөд энэхүү уулын ханан хадны ёроолд эрт цагт нэгэн сайн эр морио хашиж, ойролцоох бяцхан тойрмоос ус авч хоол цайгаа хийдэг байж. Хожим түүний морио хашдаг байсан сонин тогтоцтой хадыг нутгийн ардууд “Морины хороо”, уургаа түшүүлэн тавьдаг байсан хадыг “Уурга”, эмээлээ тохдог байсан хадыг “Эмээлийн тавиур” гэж нэрлэх болжээ. Үүнээс гадна Хэнтий нутагт “Тахилтын овоо” гэж бий. Нэгэн цагт шилийн сайн эр явсан Тавдугаар хүүхэн хутагт Найдансүрэнгийн орогнож байсан Тахилтын овоог нутгийн ардууд “Хутагт хад” гэж нэрлэсэн байх бөгөөд нэг удаа Хүүхэн хутагт арван тавны цагдаа нараас зугтааж яваад Тахилтын овоо руу давхиад орчихож. Уг овоо нь хад цохио ихтэй, эгц өндөр уул тул арван тавны цагдаа нар мориноосоо буугаад явган мацацгаажээ. Эцэст нь тэд нум сумаар харватал Хүүхэн хутагт суунгуутаа хад болж хувирсан гэх домогтой. Мөн Хан Хэнтийн Хэрлэнбаян-Улаан дахь “Баян булгийн ам”-ны нэргүй өндөрлөгийн тагтад сайн эр Дайчин бэйсийн Дарьсүрэнгийн “Их өргөө” гэж байжээ. Уулын тагтад наадмын талбай шиг тэгшхэн газар байрласан энэхүү “Их өргөө”-г баргийн хүн олоод очиж байсангүй. “Их өргөө” байх уулын тагт нь эргэн тойрон хадтай, тэнд нэг орц байдаг бөгөөд түүнд ташуураараа хүрэхэд нээгддэг, ийм сонин байгалийн тогтоцтой. Нээгддэг орц руу морьтой хүн морио хөтлөөд орчихдог. Уулын тагтын хэсэгхэн чөлөөнд том талбайтай, энэ нь булаг шандтай, өвс ногоотой. Тиймээс шилмэл сайн адуугаа энд хашдаг, бас гүү барьдаг байж. Чухам энд л Дарьсүрэн “Их өргөө” хэмээх том гэр барьж, нутаг нутгаас шилж сонгож авсан алдартай шилийн эрчүүдийг цуглуулдаг байжээ.

ТӨВ

Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалантын заагт орших Хүүлээ хаан уул нь гурван ч сумын нутаг дамнан оршдог хөглөгөр хангай бөгөөд энэхүү уул нь шилийн эрчүүд, цуутай оргодолуудын даллагатай уул юм. 1990-ээд оны үед Авдрантын гяндангаас хянагч нараа алаад оргосон Дорнодын “Онгорхой” Чука тэргүүтэй ялтанууд хүртэл Хүүлээ хааны хөвч рүү зугтаж гараад тусгайгийнханы отолтонд орж буудуулан амь насаа алдаж байлаа. Тэгвэл Авдрантын оргодолуудаас тавин жилийн өмнө буюу 1950 оны орчим Хүүлээ хаан ууланд 505-ын орос оргодолын буун дуу тачигнаж байсан бол 1900-гаад оны үед “Шөргөөн” Дамдин хэмээх шилийн эр гурван хятад худалдаачныг цааш нь харуулж араас нь нэхсэн арван тавны цагдаа нараас хоёрыг нь хүндээр шархдуулан Хүүлээ хаан уул руу гарч байсан юмсанж. Түүнийг мөн л Манж амбаны зүгээс тохоон томилсон тусгай морьт отряд бүтэн жил эрж хайн самнаж байж анчин Жадамбаа хэмээх мэргэн бууддаг нөхөр отож байгаад буудаж алсанаар хэрэг шувтарч байжээ. Эндээс үзэхэд Хүүлээ хаан ууланд тавь тавин жилийн зайтай ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн заавал гарч, хүний цус урсдаг гэсэн мухар сүсэг хүртэл бий болжээ. Мөн Төв аймгийн нутагт байх “Буурлын даваа” бас л домогтой. Манжийн үед “Босоо” Монголжав тэргүүтэй дөрвөн сайн эр нутаг орондоо алдартай усан тэлмэн жороо бор гүүг хятадууд урагш нь гаргах гэж байгааг мэдмэгцээ араас нь сэмхэн дагаж явсаар Мэнэнгийн талд гүйцэж очжээ. Тэгээд уран арга хэрэглэж жороо бор гүүг тэднээс хулгайлаад Түшээт ханы нутгийг хөндлөн гулд туулсаар үл мэдэг даваан дээр гарч ирэхэд үзэсгэлэнт Туул голын хөндий нүд булааж, буурал өнгийн туяа татаад явчихсан гэдэг. Тиймээс тэрхүү жижигхэн толгодыг “Буурлын даваа” гэх болсон гэдэг. Манжийн эсрэг цогтой тэмцэж явсан Шижир хэмээх сайн эр зэр зэвсэг агсан тулалдахаас гадна шилийн эрсийн жаягийг дагаж хятад худалдаачдыг Их хүрээний ойролцоох нэгэн даваан дээр отож байгаад эд юмсыг нь дээрэмдэж ардуудад тарааж өгдөг байж. Тиймээс Улаанбаатар хотын баруун хойно байдаг тэрхүү давааг “Шижирийн даваа” хэмээн өнөөг хүртэл нэрлэж заншсан түүхтэй. Төв аймгийн Баян сумын нутагт “Бандихайн цохио” гэж байх бөгөөд энэ тухай Ардын жүжигчин А.Энхтайван: “Дээр үед шилийн сайн эр Бандихай арван тавны цагдаа нараас зугтахаараа энэ цохио руу авираад алга болчихдог байж. Бандихайн цохионы ойролцоо “Мөнгөн цохио” гэж бас нэг том цохио байна. Доошоо гүн агуйтай. Өвөл үхрийн нойтон гуяыг сураар оосорлон агуйн ёроолд хүргээд буцаагаад авахад алт, мөнгөн эдлэл наалдаад ирдэг байж. Энэ бүхнийг үзэж харахад манай зарим сайн эрчүүд гадна дотноос орж ирсэн хамгийн үнэтэй цайтай юмнуудыг эдэлж, хэрэглэдэг, улсынхаа хамаг эд баялгийг гадагш нь гаргахаас хамгаалдаг, өнгөн дээрээ баячуудын малыг ядуу ардуудад тарааж өгөөд өл залгуулдаг байсан ч цаагуураа бол алт эрдэнэсийн уурхай байсан бололтой. Зарим нь Богдын эдэлж хэрэглэж үзээгүй үнэтэй гаанс, хөөргийг хэрэглэдэг, хоорондоо уулзалдахаараа түүгээрээ бие биедээ чамирхдаг байж л дээ. “Мөнгөн цохио” бол шилийн сайн эр Бандихайн алт эрдэнэсийн нөөц байжээ...” гэж өгүүлсэн юм.

СҮХБААТАР

Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт шилийн сайн эрстэй холбоотой Шилийн Богд уул, “Талын агуй”, “Долоон тогоо”, “Агт нь хүрээт” гээд олон арван газар байдаг. Шилийн Богд уулнаас баруун тийш байх “Ачаа” хэмээх ууланд хавтгай чулуун дээр хүн зориуд ухаж сийлбэрлэсэн юм шиг долоон дугуй нүх байдаг бөгөөд үүнийг нутгийнхан нь “Долоон тогоо” гэж нэрлэдэг аж. Энэ тогооны онцлог нь жилийн дөрвөн улиралд голдуу цэвэр устай байдаг учир эрт дээр үед шилийн сайн эрс долоон тогооны усаар унаа морио усалж, цай ундаа хийдэг байж. Мөн Шилийн Богд уулын зүүн суганд “Агт нь хүрээт” нэртэй багахан хонхор байдаг бөгөөд энэхүү хонхор нь эрт дээр цагт газар хөдлөлт буюу галт уулын оргилолтоос сууж үлдсэн байж болохоор өндөрлөг довцогийн орой маягтай, нэг км орчим диаметртэй юмсанж. Энэхүү хонхорт “Торой” Банди тэргүүтэй шилийн эрчүүд адуугаа хашдаг, мөн Дарьгангын Ду ноён гэгч уг хонхорт адуугаа хурааж оруулаад бүрэн, дутууг нь мэддэг байсан учраас “Агт нь хүрээт” хэмээх нэрийг олсон гэх домогтой.

БАЯН-ӨЛГИЙ

Баян-Өлгий аймгийн нутагт “Каскыр дара” гэдэг ангал байдаг бөгөөд энэ тухай Түүхийн ухааны доктор, профессор, академич Х.Ислам гуай: “Манай Баян-Өлгий аймгийн Булган сумын “Хөх бэлчир”-т шилийн сайн эр Салимбахын адуугаа хашдаг газар байсан. Үүнийг “Каскыр дара” гэнэ. Монголоор бол “Чонын үүр”. Маш том ангал байдаг юм. Энэ ангалд Салимбахы адуугаа хурааж байгаад ганц шөнийн дотор Алтай давуулдаг байжээ...” гэж өгүүлсэн бол Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, УИХ-ын гишүүн асан Т.Султан гуай: “18-19-р зууны зааг дээр Алтайн ар, өврөөр адуу мал хөөн, хазаар ногт гүйлгэдэг Карахас овгийн Архалык хэмээх сайн эрийг казакууд “Архалык баатар” гэж алдаршуулдаг юм. Сайн эрийн явдлаар амьдарч, ядуу барлаг хүмүүсийг тэтгэдэг байснаас ингэж олны хүндэтгэл хүлээсэн биз. Шинжаан дахь казакуудын ерөнхийлөн захирагч, язгуур сурвалжит Ажы түүнийг хэд хэдэн удаа гянданд хорьсон ч Манжийн шоронгоос оргож босоод огт баригддаггүй байжээ. Архалык Дөрвөдийн Гунгаа гэдэг сайн эртэй андын холбоо тогтоож, Далай ханы баячуудын морьдыг Алтайн өвөр лүү давуулан, түүнчлэн Ажы ноёны хурдан хүлгүүдийг Ховд руу тууж, наймаалахыг нь наймаалж, ядуучуудад тараахыг нь тарааж амар заяа эс үзүүлдэг байж. Ийнхүү явахдаа Гунгаа тэр хоёр цасанд хаагдсан Алтайн их даваагаар адуу малын хөлийг хүлж, явган үүрээд гаргаж байсан гэдэг. Эдүгээ Увс, Баян-Өлгий аймгийн нутагт сайн эр Аркалыкийн нуугдан бүгэж байсан “Архалыкын агуй”, “Архалыкын ам” хэмээх газрууд бий..” гэж өгүүлсэн юм.

ГОВЬ-АЛТАЙ

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт сайн эр “Хангай” Жигжийн овоо гэж байдаг. Энэ овоог нутгийн ардууд одоо ч тахиж шүтсээр байдаг юм байна. Нутгийн зон олон нь “Хангай” Жигжийн хүндэтгээд уг овоог босгожээ. Сайн эр “Хангай” Жигж алс хол явахдаа энэ овоон дээр хэдэн сайхан морьтой ирж тайллага үйлддэг, тэгээд уйлж хайлаад, дуулж хуурдаад, нутгийн ардууд үүнийг нь холоос дурандаж харчихаад “За манай “Хангай” Жигж хангай руугаа явах нь дээ” гэдэг. Ингээд сайн эр маань нэг л мэдэхэд алга болдог. Ийм домог түүхтэй овоо юм” гэж “Хангай” Жигжийн удмын хүн, тулааны урлагийн нэрт мастер С.Хаянгарваа, Соёлын гавъяат зүтгэлтэн, зурхайч Л.Тэрбиш гуай нар өгүүлсэн юм. Мөн Говь-Алтай аймаг буюу Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт ханы хошууны сайн эр “Заан” Цэмбэл нь Хантайширын нурууны өвөрт олон жил амьдарсан бөгөөд уг нурууны нэгэн сүрлэг хадан цохио бүхий агуйг нутгийн ардууд “Цэмбэлийн битүү” гэж нэрлэх болжээ. Алтайн их уулсын Хөх сэрхийн нурууны эгц цавчим хадан хясаан дунд бүрмөсөн түгжигдэж хаагдсан нэгэн агуй байдаг тухай тавь, жараад оны Алтай нутгийн хөгшчүүд ярьдаг байж. Энэхүү агуй нь их сонин түүхтэй бөгөөд эрт цагт Саж бандид Намхайжамцын шавь Гунгаабалсанжамц хэмээх өвгөн даяанч лам сууж байсан, хожим харин Алтай нутгийн “Их гүзээт” Ширэндэв, “Ноцдог дэгээ”, “Тайшир тарлан бух” нарын шилийн эрчүүд үе дамжин орогнож байсан гэдэг. “Их гүзээт” Ширэндэв энэ агуйд нас барсанаар хожим араг яс нь олдож байжээ. Одоогоос жараад жилийн тэртээ нэрт зохиолч Ж.Лодойдамба агсан “Алтайд” романаа бичиж байхдаа энэхүү агуйн тухай нутгийн хөгшидөөс сонсоод алдарт шилийн сайр эр “Ганган” Төгсийн нуугдан бүгэж байсан хадан гэрүүдийн нэг биш биз хэмээн очиж үзэхээр товлож байсан ч амжаагүй гэдэг юм. Хэрвээ бичгийн их хүмүүн Ч.Лодойдамба домог болсон тэрхүү агуйд амжиж очоод үзчихсэн бол эртний гэгээн хутагт лам нар байгалийн донжийг олж нээсэн ариун дагшин нэгэн газрын талаар яруухан хуудас Монголын утга зохиолын түүхэнд шаширлан үлдэх байсан биз ээ. Нутгийн олны яриагаар 1930-40 оны хооронд Говь-Алтай аймагт ажиллаж байсан Зөвлөлтийн геологийн экспедицийнхэн Хасагт хайрхан ууланд байсан “Ганган” Төгсийн нууц агуйг тонож хаашаа ч юм ачуулсан гэдэг. Ер нь 1930-70 он хүртэл Монгол улсад ажиллаж байсан геологи хайгуулын экспедицийнхэн дээр үеийн шилийн сайн эрсийн маш олон агуйг тонож цөлмөсөн гэдэг. Гэхдээ хаа нэгтээ нууцаа хадгалж үлдсэн агуйнууд эдүгээ байж л байгаа.

БАЯНХОНГОР

Баянхонгор аймгийн Баянбүрд, Наран, Зүрүү, Ханан, Хөндлөнгийн ууланд Бондой, Гүндсамба, “Өөхөн” Памбага нарын олон арван сайн эрийн уяа байдаг байж. Эдгээрийн нэг Зүрүү, Хөндлөнгийн орчим байсан шилийн сайн эр Түмтийн Ядамын уяа нь 2000 орчим адуу оруулахад адууны эрэлчдэд анзаарагддаггүй, тошлой, жимс ургасан байгалийн үзэсгэлэн төгс газар байсан бөгөөд энд Манжийн хааны агтнаас зуу зуугаар нь таслан авч оруулаад хэд хоногийн дараа гаргаж нутгийн ардуудад тараан өгч буян үйлддэг сайн эрчүүд олон байжээ. Баянхонгор аймгийн уугуул “Бөх” Ванган хэмээх шилийн эр Шинэжинст сумын нутагт байх “Угалзын нуруу”-нд буудалласан гамин цэргийн хуаран руу нөхдийнхөө хамт дайран орж бусниулсан ч харамсалтай нь амь үрэгджээ. Нутгийн ардууд эр зоригтой ганц сайн эр “Бөх” Ванганаа “Угалзын нуруу”-нд нутаглуулж суварга босгосон бөгөөд тэр цагаас хойш уг нурууг “Суваргын нуруу” гэх болсон байна. Мөн Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт байх гэрийн чинээ том агуйд До яамныхаас зугтсан Ванчин гавж хоёр гурван ч жил бүгжээ. Тухайн үед уг агуйг “Ванчин гавжийн агуй” хожим Шинээгийн Оросоо хэмээх сайн эр уг агуйд найман жил бүгсэнээр “Оросоогийн агуй” гэж нэрлэгдэх болжээ. Мөн Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумын хил дээр “Цагаан уул” хэмээх нэгэн сүрлэг уул байдаг бөгөөд энэ нь мөн л сайн эрийн нэртэй холбоотой. Манжийн засгийн үед “Хөлгүй” Цагаан хэмээх шилийн эр энэхүү ууланд байх нэгэн агуйд олон жил бүгэх болсоноор нутгийн ард олон “Цагаан уул” гэх болсон байна. Түүнчлэн хонгор нутгийн “Нуур хатавч” хэмээх газарт дээхэн үеийн шилийн сайн эр “Хулгар” Зундуйн толгой хоргодож байсан агуй байдаг бөгөөд энд гурван хошууны ардыг өлхөн тэжээчих эрдэнэс хураалттай байсан гэдэг. Баянхонгор аймгийн Шинэ Жинст сумын нутагт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг найрагт мөнхөрсөн “Сэгс цагаан богд” уул байдаг. Ёстой л говь нутгийн үзэсгэлэн болсон асга хад, агуй хонгил ихтэй сүглийсэн уул. Энэ ууланд Шаазанхүүгийн агуй гэж байдаг бөгөөд баруун аймгийн шилийн эр Гүнсэнжавын Шаазанхүү гэгч энэ агуйд хэдэн жилийн турш орогножээ. Түүнийг баривчлахын тулд цагдаа, хилийн цэргийнхэн нисдэг тэргээр Сэгс цагаан богд ууланд бууж, тал талаас нь бүсэлж аваад маш сүртэй юм болж байсан байна.

ГОВЬСҮМБЭР

Говьсүмбэр аймаг буюу эртний Боржигон цэцэн вангийн хошуунд Харын Молор гэдэг сайн эр байжээ. Эрт цагийн шилийн сайн эрчүүд хорвоогоос халихдаа ихэвчлэн хээр талд ч юмуу, арван тавны цагдаа болон тахаруудын суманд, эсвэл хятадуудын хоронд үхдэг байсан тул андгай тангараг өргөсөн дараа үеийн сайн эр нь өв хөрөнгийг нь өвлөж авдаг байсан гэлцдэг. Үүн шиг Молорт ийм нэгэн явдал тохиожээ. Боржигон цэцэн вангийн хошууны “Аргийн чулуу” хэмээх газрын ар этгээдэд Молорын орогнож байсан “Харын агуй” гэж байдаг ажээ. Энэхүү агуй нь ихээхэн нууцлаг бөгөөд хэр баргийн хүн олоод очиж чаддаггүй юм байх. “Молорын агуй” гэж нэрлэлгүй “Харын агуй” гэж нэрлэсэн нь цаанаа бас учиртай. Молорын эцэг Хар гэдэг хүн мөн л шилийн сайн эр байсан бөгөөд өөрийнхөө амьдарч байсан агуйг хүүдээ өвлүүлсэн гэх домогтой. Мөн эрт цагт Боржигон сэцэн вангийн хошуунд “Чойрын” Гээнзий хэмээх сайн эр байжээ. Мань эр залуу зандан насандаа нутаг хошуундаа ихэд алдартай байсан тул түүний нутагладаг байсан бяцхан уул толгодтой, бартаа ихтэй газрыг нутгийн ардууд “Гээнзий” гэж нэрлэх болжээ. Энэ нь он цагийн уртад “Хээнций” болж өөрчлөгдсөн бөгөөд Говьсүмбэр аймгийн нутагт байх тэр газрыг нь одоо хүртэл “Хээнций” гэж нэрлэдэг юм байна.

ХОВД

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт “Шижигтийн хавцал” гэж байдаг аж. Засагт ханы сайн эр Шижигт энэхүү хавцалд орогнодог байжээ. Зөвхөн байгалийн дуу чимээ л ноёлдог асан Шижигтийн хавцал дээхэн үед монгол цэргүүдийг өстөн дайснаас аварч байсан түүхтэй бөгөөд буун дуу үл сонсогдох их усны чимээнээс сүрдсэн манж цэргүүд Шижигтийн хавцал руу айгаад ойртдоггүй байсан аж. Шижигтийн хавцалын сар нь хүртэл усны хэлээр дуулдаг хэмээн домогт өгүүлсэн байх бөгөөд эрт цагт харийн ноёны гэргий болохоос татгалзсан нэгэн гоо бүсгүй энэхүү хавцалд ирж амь хоргодож, эцэст нь усанд амиа өргөж, улмаар бүсгүйн нулимс ус болон урсч, сэтгэлийн зөрчил нь дуу чимээ болж үлдсэн гэх домог бас бий. Мөн Ховд аймгийн төвөөс 200 гаруй км-т орших “Лонхоон улааны агуй”-д тавиад оны үед “Нармиан” Бумцэнд хэмээх шилийн эр бүгэж, тухайн үеийн Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга Думбарай генерал тэргүүтэй хүмүүс түүнийг очиж баривчилж байсан бөгөөд уг агуйг нутгийн ардууд нэг хэсэгтээ л “Бумцэндийн агуй” гэж нэрлэдэг байжээ.

ӨВӨРХАНГАЙ

Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Сайн эрийн цохио” буюу “Соруулт цохио” гэж бий. Энэ тухай тус нутгийн уугуул, ахмад зохиолч Ж.Амарсайхан: “Дээр үед манай нутгийн нэгэн сайн эр Мааньтын өвөлжөөний амны том цонж цохион дээр суугаад гаансныхаа бохийг ухаж суужээ. Тэгтэл түүнийг барихаар хошууны тахрууд давхилдан ирж. Сайн эр маань сандран босохдоо гаансныхаа төө хирийн урт хаш соруулыг хадны ангалд унагачихаж. Тэр цагаас хойш энэ цохиог манай нутгийнхан “Соруулт цохио” гэдэг болсон...” гэж өгүүлж билээ. Мөн Хужирт, Бат-Өлзий сумын заагт байх Бага уньт хэмээх газарт хэд хэдэн том агуй хонгил байдаг бөгөөд үүнийг нутгийн иргэд “Махваалайн хонгил” гэж нэрлэсээр иржээ. Учир нь шилийн сайн эр Махваалай баруун аймгаас тууж ирсэн адуу, үхрээ нядлаад махыг нь Бага уньтын агуй хонгилуудад борцолж хатаагаад зуны цагт ядуу тарчиг айл амьтныг тэтгэдэг байж. Эрт цагт хангайгаас говийг зорин ноёд баядын адууг хөөж ядууст тараадаг шилийн сайн эрчүүд “Тонгорогийн даваа”-г зүрх алдан туулдаг байжээ. Зөвхөн оройн хэсэг нь арваад км үргэлжилдэг энэхүү даваа нь усны эх, уулын оргилыг бараадаж явдаг шилийн эрчүүдэд заримдаа аврал болдог байж. Өвөрхангайгаас Хүйсийн говийг зорин гурван азарга адуу тууж гарсан нэгэн сайн эр араас нь хөөсөн нэхүүлүүдийг төөрүүлж орхихдоо тонгорогоо судагт гээсэн дүр эсгэн амь мултарч, зам буруулсанаас энэхүү эгц халил, огцом тонгоруу замтай давааг тус нутгийн ардууд “Тонгорогийн даваа” гэж нэрлэх болжээ. Энэхүү даваа нь Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгийг холбон орших бөгөөд эрт цагт Сайн ноён хан аймгийн шилийн эрчүүд “Тонгорогийн даваа”-н дээр жилдээ нэг удаа гарч хийморио сэргээдэг байсан байна. Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт байх “Өнцөг” хэмээх талын бор уулын хадан агуйг “Жөнх Дашдаваагийн уяа” гэх бөгөөд мань эр нутаг хошуу дамнуулан хөөж ирсэн адуугаа дээрхи хадан агуйд нууж хашдаг байж. Энэхүү агуйд хөх боржин чулуугаар урласан монгол төрхтэй хүний толгой одоо ч байдаг аж. Соц нийгмийн үед нутгийн хүүхэд залуус дээрхи чулуун толгойг хэдэн саахалтын газар аваачиж тавиад, дараа нь хялбархан олохын тулд эргэн тойронд нь жижиг овоонууд босгоод орхидог байж. Тэгээд маргааш өглөө нь сайхь газраа ирвэл толгой нь байхгүй агуйдаа оччихсон байдаг гэлцнэм. Харин бурхан шашин дэлгэрсэн ерээд оноос хойш тэрхүү толгойгоор тоглодог зүрхтэй хүүхэд залуус үгүй болсон гэдэг. Гэхдээ тэр толгойг тус нутгийн хэн нэгэн хүн л буцаагаад агуйд нь аваачиж тавьдаг байсан нь ойлгомжтой. Энэхүү “Жөнх” Дашдаваа гэгч нь Өвөрхангайн Баян-Өндөр сумын нутагт “Жөнх” Найдан гэдэг нэрээр ихэд алдаршжээ. Энэ тухай Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуш гуай: “Манай нутгийн ганц сайн эр “Жөнх” Найдан хонины шаант чөмөгнүүдийн дундуур сур гүйлгээд эвхчихдэг, тэгээд хол аймаг хошуунд очоод түүнийгээ сунгаад уурга болгочихдог байжээ. Энэ сайн эр манай нутгийн Батхаан уул, Олон нуурын гол, Хүйсийн өвөлжөө хавиар олон янзын орогнох газартай байсан тухай хөгшчүүд хуучилдаг байлаа” гэж өгүүлсэн юм. .

ХӨВСГӨЛ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт “Гандан нуур” хэмээх холбоо хоёр нуур байдаг бөгөөд үүнийг дээхэн үед “Ролмаа нуур” гэдэг байж. Учир нь сайн эр Ролмааг манж нар холбоо хоёр нуурын хөвөөнд байх ганц модноос дүүжилж алснаар тэр мод навч цэцэггүй гандан хувхайрчээ. Тиймээс нутгийн ардууд гандаж хувхайрсан тэр модны хажуу талын хоёр нуурыг “Гандан нуур” гэх болсон байна. Гандан гэдэг нь гандуу гэсэн үг. Ролмаагийн амь эрсэдсэн тэр газраас хожим ус боргилон гарч нуур тогтсоноор “Ролмаа нуур” гэх болсон тухай бас нэг хувилбар байх юм. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас зүүн урагш Хөнжлийн голыг өгсөөд “Тойн толгой” гэж байдаг бөгөөд эрт цагт Далай чойнхор вангийн шилийн эр “Харц” Тойн гэдэг хүн Манжийн хааны төмөр сүрэгт халдаад асга хад бүхий хясаан дээрээс түлхүүлжээ. Тэр хясааг нь “Тойн толгой” гэх болж. Мөн үүний хажуугаар урсдаг нарийхан голыг “Тойн гол” гэх болсон бөгөөд одоо ч энэ нэрээрээ байдаг юм байна. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт “Жоондоон агуй” гэж байдаг бөгөөд дээхэн үед Далай гүний хошуунд алдаршсан “Ногоон” Жоондоон гэгч шилийн сайн эр уг агуйд олон жилийн турш бүгжээ.

СЭЛЭНГЭ

Сэлэнгэ аймгийн нутаг бол элдэв түүхтэй агуйгаар баялаг. Жишээ нь “Минжийн хангай” романы гол баатар “Улаан” Дамаа хэд хэдэн агуйтай байжээ. Мань хүн ганц нэг агуйд хоргодоод байдаггүй, энд тэндхийн уул хаданд хэд хэдэн хоргодох байртай, тэр бүгд нь өөрөөс нь өөр хүн орж чадахааргүй оньс саальтай байсан гэдэг. Тухайлбал Бугат, Салхит, Царамтын ууланд агуйтай байснаас гадна Минжийн хангайн Арцатын аманд, Ноён уулын цавчим хясаанд хүртэл хоргодох байртай байж. Улсын начин М.Мижиддорж Минжийн хангайн тухай өгүүлэхдээ: “Би арван жил хяналтын прокурор хийхдээ оргож боссон ялтан эрж хайхаар уул хадаар бишгүй дээ л нэг явлаа. Дээхэн үеийн шилийн эрчүүд орогнож байсан уул хадандаа ясаа тавих нь их байжээ. “Улаан” Дамаагийн орогнож байсан Минжийн хангайд “Ноён уулын ногоон өвгөн” гэдэг алдартай шилийн эр ясаа тавьсан гэдэг юм. Минжийн хангайн халуун рашаан, цаашлаад Ерөөгийн халуун рашаан хүртэл би явж үзсэн. Хэн хүний олж очмооргүй ойн гүнд жаахан модон амбаар барьчихсан, тэнд нь орохоор нааран дээр нь аль хэдийн үхээд арьс мах нь хатчихсан хүний араг яс байдаг байлаа. Бодвол нөгөө хөвч тайгад орогнодог байсан шилийн эрчүүдийн л араг яс биз. Бас манай Увсын Хан Хөхий ууланд бол олон сайн эр орогнож байсан. Зул гэдэг оргодол Хан Хөхийн савдагийг танилгүй өөрийгөө хорлочихсон. Бууяа, Тавхай гээд хоёр оргодол байсан ч сүүлдээ чимээ тасарсан. 1968 онд Ургамал сумын уугуул “Хээрийн” Дамиран гэдэг хүн шоронгоос оргоод Хан Хөхийд нэг жил өвөлжсөн юм. Энэ хүн хоёр гурван ч хүний араг ястай тааралдаж байсан гэдэг. Бодвол тэр нь Бууяа, Тавхай хоёрын араг яс байсан байж таарна. Шоронгийн атаман нааран дээрээ үхдэг гэсэн яриа байдаг. Үүн шиг шилийн эрчүүд уул хадандаа ясаа тавьдаг байж дээ” гэж билээ.

БУЛГАН

Булган хангайн сайн эр “Зэрлэг” Цамба Хантайн нурууны ар талын “Моёдой” уулын баруун суганд өөрийн агуйтай байжээ. “Цамбын гозгор” нэртэй жижигхэн байц хад одоо хүртэл байдаг бөгөөд дээр үед энд морь, хүн элбэг багтахуйц томоохон пүнз байж. Гэвч үүнийг нугалаа завхралын үед шатааж устгажээ. Эрт цагт Булган аймгийн Хантайн нуруунд “Зэрлэг” Цамбаас гадна олон арван сайн эрчүүд бүгэж байсан бөгөөд тиймдээ ч энэ хавийн нэгэн голыг “Бүгсийн гол” гэж нэрлэх болжээ. Энэ нь оргож бүгсэн хүмүүсийн гол гэсэн үг. Одоо ч энэ нэрээрээ байдаг юм байна. Мөн Булган аймгийн төвөөс баруун урагшаа 30-аад км газарт “Байнгын хавцал” гэж байдаг бөгөөд тус нутгийн Байнга гэдэг сайн эр арван тавны цагдаа нарт хөөгдөөд энэ хавцал руу морьтойгоо давхиж ороод алга болчихдог байжээ.

ЗАВХАН

Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт эртний Засагт ханы шилийн сайн эрчүүлтэй холбоотой уул нуруу, агуй хонгил олон байдаг ажээ. Тус нутагт уртаашаа долоон км, өргөөшөө гурван км орчим урт хөндий байдаг бөгөөд түүнийг “Эрх шарын хөндий” гэж нэрлэнэ. Энэ хөндийд шилийн сайн эрчүүд адуугаа хашиж тогтоодог байж. Хожим тус хошууны нэгэн баян тайж “Эрх шарын хөндий”-д малаа хашдаг байсан бөгөөд уг хөндийг дүүргэж байгаа эсэхээр нь түүний баян чинээлэгийг баримжаалдаг байжээ. Мөн Түдэвтэй сумын төвийн ойролцоо эрт цагийн шилийн эрчүүлтэй холбоотой “Морь хашдаг” гэх нэртэй, хажуу хоёр талаараа эгц цавчим, орох ам нь задгай, гарах ам нь давчуу ам байдаг бөгөөд үүнд ороо морийг хөөж оруулан барьдаг байжээ. Түүнчлэн “Шувуун цагаан” хэмээх морьтой ар, өврийн хангай руу явдаг Гиваапил хэмээх сайн эр байсан ба “Хул” хэмээх бэсрэг уулын оройд түүний морины уяа байж. Энд “Шувуун цагаан” морины толгойг тахижээ. Тиймээс нутгийн ардууд тэрхүү морины уяаг “Гиваапилийн овоо” гэж нэрлэх болж. Түдэвтэй сумын нутагт байх Хараатын ууланд газрын гүн рүү сүвэлсэн, хүн орж багтахааргүй “Асганы гацаа” маягийн нарийхан агуй байдаг бөгөөд энэхүү агуйн гүнд эртний мөнгө байдаг гэлцэнэ. Засагт ханы сайн эрчүүд шивээлэн бүгэж байхдаа энд мөнгөө хадгалдаг байсан гэх бөгөөд уг мөнгийг авахын тулд өвлийн цагт хонь нядлаад нойтон чигээр нь сур, дээсээр уяж доош оруулаад буцааж татахад мөнгө наалдаж ирэх жишээтэй. Гэвч өнөө цагийн хүмүүс ийм аргаар мөнгийг авах гэж оролдоод чаддаггүй юмсанж. Дөнгөж нядалсан хонийг нойтон чигээр нь агуй руу буулгаад буцаагаад татахад яг гарч ирэхийн даваан дээр наалдсан мөнгө нь буцаад уначихдаг гэж байгаа. Энэхүү агуйгаас нуусан мөнгөө авахын тулд Засагт ханы хөх харчууд бодвол өөр нэг аргыг давхар хэрэглэдэг байсан болов уу. Дээрхи уулыг “Хараат” гэж нэрлэсний учир нь Халх, Ойрадын дайны үед уг уулан дээр харуул гаргадаг байсантай холбоотой ажээ. Мөн Завхан аймгийн Баянтэс сумын нутагт дээрхи шиг “Мөнгөтэй агуй” олон байдаг аж. Энэ тухай 2012 онд Завхан аймгийн уугуул, ахмад сэтгүүлч Л.Сэлээд гуайгаас доорхи мэдээллийг авч билээ. Тэр өгүүлэхдээ “Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс баруун хойд зүгт 40 орчим км газарт 3000 метр орчим өндөр сүрлэг харуул байдаг. Энэ ууланд гурван тооны агуй бий. Гэхдээ эдгээр агуй хориг саальтай учир хэн хүн айгаад ойртдоггүй юм. Бас “Устын 33 агуй” гэж бий. Энэхүү 33 агуйны гурваас бусад нь мөнгөтэй гэдэг. Мөн Баянтэс сумын нутагт “Дүүхийн хясаа” гэж мод ургамал, хад цохио ихтэй сүрлэг уул бий. Үүнийг “Цагаанхүүгийн орон” гэж нэрлэдэг юм. Манжийн үед Цагаанхүү гэдэг шилийн сайн эр энэ агуйд орогнож байсан юм гэнэ билээ. Нутгийн сайн газарч хүн л энэ агуйг олно уу гэхээс биш хэн хүн олохгүй. Эндхийн Эрдэнэ уулын агуйд 300-гаад адуу багтдаг байж. Үүний ойролцоох Хайрхан уул нь хойноосоо нэвт нүхтэй, энэхүү нүхээр шилийн сайн эр Цагаанхүү адуугаа оруулдаг байжээ. Цагаанхүүгийн агуйд ороход давчхан замаар дотогш гулгаж явсаар цааш уужирч нэлээд явсны дараа мөсөн хонгилууд үргэлжилнэ. Тэгээд асааж барьсан гэрлүүд унтарч амьсгал давчдан гарахаас өөр аргагүй болно. Энэ мэтийн “Асганы гацаа” Завхан аймагт олон бий” гэсэн юм. “Асганы гацаа” гэдгийн талаар эдүгээ Америкт суугаа түүхч, нийтлэлч Ширчингийн Баатар цахимаар ийм мэдээлэл явуулав. “Асганы гацаа” ихэвчлэн Хангай нутагт байдаг. Хангайн нуруудын оройд галт уулын тогоо байх агаад орох, гарах жим нь тодорхой биш, тогоондоо хад, мод, ус ургамалтай, нөмөр дулаахан, хүн мал амьдарч болохоор байдаг. Чоно, нохойн хоол болчихгүй бол асганы тогоонд орсон адуу, мал таргалаад зоолчихдог, оргосон хулгайч амьдарчихдаг, хаанаас ч хэн ч хайгаад орох жимийг нь амар олдоггүй нууцлаг газрыг “Асганы гацаа” гэдэг юм хэмээв.

ДОРНОД

Дорнод аймгийн Хөлөнбөөр, Цагаан-Овоо сумдын заагт “Загдын хөндий” гэж байдаг бөгөөд энэ нь тус нутгаас төрж гарсан сайн эр “Цорой” Загдын нэрээр нэрлэгдсэнийг түүний ач хүү, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өгүүлсэн юм. Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн төвийн зүүн талд “Босоо Жаргалын худаг” гэж бий. Энд эрт цагт “Босоо” Жаргал хэмээх сайн эр хурдан борлог морио усалдаг байснаар ийм нэртэй болсон тухай Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуай бичиж үлдээжээ. Мөн Дорнод аймгийн Матад сумын нутагт байх “Хундар” хэмээх уулыг нутгийнхан “Сайн эрсийн уул” гэж нэрлэсээр иржээ. Энэ тухай нэрт гүүш Г.Аким: “Манай нутгийн Хундар уул бол Хатагины сайн эрс хол явж, адуу хөөж чадахгүй болохдоо уургаа өргөдөг гол уул юм. Хатагины сайн эрс, “Овоо заяаны эрхээр олз омог харилаа Овоо тандаа уурга юугаа тавьлаа Оорцог биеэнд осолгүй болох болтугай Ом сайн амгалангаар жаргах болтугай” гэж хэлээд Хундар ууланд уургаа өргөдөг байжээ. Одоо Булганыхны тахиж байгаа энэ уул Матад уулын санд нэр нь дурьдагдаж байна. Миний захиснаар энэ ууланд зориуд очиж үзсэн жолооч Эрдэнэ “Уулан дээр нь уурга байна” гэж надад хэлүүлсэн...” гэж өгүүлсэн бол Дорнод нутгийн багш Дашдорж “Да багшийн дурсамж” номондоо: “Эр хар хуйвны эрч нь сулрав гэнэ, Засмал зандан уурганы залуур нь гажив гэнэ, Заяа түшсэн олзны зам нь буруулав гэнэ, Хойтын үйлсэд нүгэл нь бага, Хотлын хэрэгт осол нь бага, Ом сайн амгалан болтугай” гэж Дорнодын Булган хавийн сайн эрчүүд хэлээд алсыг харан хормой дэвсээд уургаа тавьдаг байсан тухай дурджээ. Мөн түүхч, судлаач О.Сүхбаатар “Дорнод Монголын тахилгат гурван уул” номондоо: “Одоо Хундар ууланд гарч үзэхэд түүний орой дээр хэдэн зуун хуучин уургаас бүтсэн том овоо байна” гэж өгүүлжээ. *** Дорноговь аймгийн нутагт “Хилийн хормой” гэдэг хад бий бөгөөд энэ нь сайн эр “Хилэн хормойт” Ашуутай холбоотой. Мөн 5-р ноён хутагт Данзанравжаа сайн эр “Хилэн хормойт”-ын гурван тийш нь буу чиглүүлээд сууж байсан газрыг ихэд олзуурхаж Хамрын хийдийнхээ шавыг тавьж байжээ. Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт олон арван нууцлаг агуйтай “Мөнхийн цохио” гэж бий бөгөөд энэ нь эрт цагт “Булын долоо хүү” гэж нэрлэгдсэн ах дүү долоон шилийн эрийн орогнож байсан газар ажээ. Тэдний хамгийн гол агуй нь дөрвөн ханатай гэрийн дайтай, хятад жинчдийн цувааг алсаас дуранддаг жижигхэн цонхтой, өөр бусад хэд хэдэн агуйтай, тиймээс “Мөнхийн цохио” сүүлдээ “Суварган цохио” нэртэй болсон байна.

ДУНДГОВЬ

Дундговь аймгийн нутагт сайн эр Дайчин бэйсийн Дарьсүрэнгийн алжаалаа тайлж, амьдарч, орогнож явсан уул хад, морины уяа, агуй хонгил олон байдаг юм байна. “Хээрээр гэр, хэцээр дэр хийнэ” гэдэг нь хаа тааралдсан газраа зүгээр нэг унтаж хэвтэхийг хэлээгүй юм байна. Алжаалаа тайлдаг, амьдардаг, орогнодог, нуугддаг тэр агуй хонгил, хад асга, сархиагнууд нь хэн хүний олоод оччихооргүй нууцлаг газрууд байжээ. Нэрт сэхээтэн И.Дагдавдорж гуай энэ талаар: “Дайчин бэйсийн Дарьсүрэн тахаруудаас зугтааж явахдаа Цахирын уулын баруун хойд ард байх нэг талыг нь таглаж битүүлсэн нууцлаг агуйдаа морьтой юутай хээтэйгээ нуугдчихдаг байж. 1997 онд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойн баяр наадамд очих замдаа бид нутгийн ахмад настан “Хянган” Мижид гуайгаар заалган эрж хайж байж тэрхүү агуйг олж үзэж билээ...” гэж дурссан юм. Ер нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Цахирын уулыг “Сайн эр Дарьсүрэнгийн уул” гэж хэлж болмоор... Яагаад гэвэл түүний олон арван домог түүх Цахирын уултай холбогддог. Тус нутгийн хөгшчүүл Цахирын уулан дээр гарахаараа сайн эр Дарьсүрэнгээ л дурсдаг юм байна. Мөн Дэлгэрцогт сумын нутагт Бага газрын чулууны уул гэж бий. Байгалийн өвөрмөц тогтоцтой олон хад асга, Хүннүгийн үеийн булш бүхий түүхийн дурсгалт газруудтай энэхүү уул нь эрт цагт шилийн сайн эрчүүдийн орогнож ирсэн нутаг аж. Дайчийн бэйсийн хошуунаас төрж гарсан шилийн эрчүүдийн домог түүхийг судалж үзэхэд Их газрын чулуу, Бага газрын чулуугаар орон гэрээ хийж явсан нь төвөггүй ойлгогддог. Сайн эр Дарьсүрэнгийн өөр нэг чухал газар гэвэл алс холоос тууж авчраад захисан эзэнд нь хүргэж амжаагүй адуу, тэмээгээ нуудаг байсан Номгоны сархиаг ажээ. Энэхүү сархиаганд нуусан мал хэд ч хоносон сархиагнаас гарч явдаггүй, хүн үздэггүй байсан байна. Ер нь Номгоны сархиагийг Дарьсүрэнгээс өөр хэн ч түлхүүрийг нь тааруулж чаддаггүй эрдэнэсийн авдар байсан тухай Дундговийн хөгшчүүл ярьдаг юм. Цахирын уулын Бүйлстэд байсан түүний морины уяа ч мөн л Номгоны сархиагтай адил өлзий мөртэй газар байжээ. Монголын зураачдын эвлэлийн дарга, Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид нь Дайчин бэйсийн Дарьсүрэнгийн ач хүү юм. Сайн эр Дарьсүрэнгийн домог түүхийг судалдаг Д.Авирмэд, зураач Цэгмид бид хэд 2016 оны хавар сайн эр Дарьсүрэнгийн адуугаа хураадаг байсан “Хонгор толгой” дээр очиж, тэнд сэржим өргөөд, тэндээсээ Цахиурт бригадын баруун талд байх “Номтын хар овоо”-н дээр очсон юм.Энэ овооноос нэлээд хойшоо “Эвийн чулуу” гэдэг газарт сайн эрийн уудаг байсан булаг шанд байх бөгөөд тэндээсээ Их Цахир уул руу гарч Дарьсүрэн агсны морины уяа руу очсон юм. Цахирын уулын баруун хойд талд нэгэн агуй байх бөгөөд үүнийг нутгийн ардууд “Дарийн агуй” гэдэг юм байна. Учир нь сайн эр Дарьсүрэн энэхүү агуйд гурав дөрвөн морь зэрэгцүүлэн зогсоогоод, өөрөө морьдынхоо омруун доогуур хөндлөн хэвтдэг байжээ. Дайчин бэйсийн Дарьсүрэнг олон жил судалж сурвалжилсан ахмад зохиолч Х.Шонхор гуай өгүүлэхдээ: “Дундговийн “Их газрын чулуу”-нд “Торой Бандийн хорио” гэж бий. Дарьсүрэн энд адуугаа оруулчихаад, тэр хавийн айлуудаар найрлаад л явдаг байж. Мөн түүний Алшаа чиглэлээс авчирсан тэмээдээ нуудаг байсан Бор худгийн “Шорвогийн хонхорууд” гэж байдаг. Эндхийн нэг хонхорт нь гэхэд л 20-30 тэмээ оруулаад шилийг нь даруулаад хэвтүүлчихдэг байжээ” гэж дурссан юм. Нээрээ ч “Их газрын чулуун”-д Дарьгангын “Торой” Банди, Өмнийн говийн “Ширмэн” Хоовонгоос эхлээд үе үеийн сайн эрчүүд шивээлэн бүгэж, адуугаа хашдаг байсан бөгөөд эд нарын дараа үе болох сайн эр Дарьсүрэн ч энд бас саатан морилдог байжээ. Энд Баганатын, Гимбэлийн, Жийлэнгийн зэрэг хэд хэдэн тагт байх бөгөөд эдгээр тагтууд нь азарга адуу өлхөн багтах зайтай. Тиймээс эрт цагийн шилийн эрчүүд алс холоос хөөж ирсэн адуу малаа эдгээр тагтнуудад хашдаг байж. Эндхийн “Сэнжит хад”-нд Дарьгангын сайн эр “Торой” Банди морио уядаг байсан гэх домогтой юм байна. Их газрын чулуунд “Тахилын ус” гэж бий. Үүний ойролцоо амсар нь цуурсан нэгэн ширмэн тогоо байх бөгөөд нутгийн хүмүүс “Чингисийн ганзагалаа тогоо” гэж нэрлэнэ. Эрт цагт шилийн эрчүүд энэхүү тогоонд цай чанадаг байсан гэх. Тиймээс дундговьчууд дээхэн үед энэхүү ширмэн тогоог жил болгон тахиж найр наадам үүсгэдэг байжээ. Мөн Их газрын чулуунд говь нутгийн алдарт бөх Хур харцагын амьдарч байсан “Хур харцагын таг” гэж бий. Их газрын чулууны нэрд гарсан байгаль хамгаалагч, нэр төртэй буурал өвөө Ж.Цэмбэлдорж гуай “Их газрын чулуу ийм сайхан хангай” хэмээх номынхоо 20 дахь талд “Жийлэнгийн тагт” буюу “Адууны хорио” хэмээх бүлэгтээ “Энд өндөр ханан хадаар хүрээлэгдсэн нууцгай нэгэн тагтад шилийн сайн эрчүүд болох Говь мэргэн вангийн хошууны Даваамөр, Дарьгангын хошууны “Торой” Банди, Түшээ гүний хошууны Ширмэн Хоовон, Дайчин бэйсийн хошууны “Ловш” Ням, баруун аймгийн Жийлэн, Боржигон сэцэн вангийн хошууны Харын Молор, Дайчин бэйсийн хошууны хамжлага “Халтар” Төмөр нар алс холын хошуу нутаг руу сэм явж, ардаг тарган хангал адуу хөөж ирээд сар хоног өдөр болзож “Жийлэнгийн тагт”-д цугларан өөр хоорондоо солио хийж, заримыг нь нутгийн ардуудад уналга эдэлгээ, халаа сэлгээнд өгдөг байж. Тиймээс “Жийлэнгийн тагт”-ыг “Адууны хорио” гэж нэрлэдэг байлаа. Ийм нэртэй газар Их газрын чулуунд бий” гэж өгүүлсэн байв. Энэхүү “Жийлэнгийн тагт”-ын тухай Дундговь нутгаас төрж гарсан зохиолч До.Цэнджав өгүүлэхдээ: “Манай нутгийн сайн эр “Ловш” Нямыг анх шилийн эр болгосон баруун аймгийн цуутай эр Жийлэн гэдэг хүн байжээ. Ингэж Ням, Жийлэн гэж хэмжээлшгүй бяртай хоёр сайн эр андалсан гэдэг юм. Энэ Жийлэнгийн нэрээр нэрлэгдсэн “Жийлэнгийн тагт” гэж таван зуугаад адуу багтдаг хад чулуу манай Дундговийн Их газрын чулуунд бий...” гэж билээ. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт сайн эр “Сээтэн” Жалбаагийн нэрээр нэрлэгдсэн “Жалбаагийн хад”, Дарцагт хэмээх бэсрэг ууланд “Жалбаагийн ам” гэж байдаг тухай тус нутгийн ахмад зохиолч Д.Лувсандэлэг гуай өгүүлсэн юм.

Ингэж нутаг орныхоо газар нутгийг өөрийнхөө нэрээр өнө удаан жил дуудуулж, өөрийнхөө нэрээр үеийн үед мөнхжүүлнэ гэдэг бол тухайн хүн нутгийн ард олондоо ямархан нөлөөтэй, нэр хүндтэй байсныг илтгэнэ. Ийм боломж зөвхөн эрт цагийн дархлагдсан сайн эрчүүдэд л тохиодог байж дээ. Өнөө цагийн алдартнууд бол ганц нэг засмал зам, ганц нэг худгаар л өөрийнхөө нэрийг сонгуулиас сонгуулийн хооронд алдаршуулдаг юм байна. Жишээ нь тэр жил Намбарын Энхбаяр “Өргөө” кино театрын хойд талын гэр хорооллын хэсэгхэн чөлөөнд засмал зам тавиулсан бөгөөд үүнийг тэндхийн хүмүүс “Энхбаярын зам” гэдэг юм байна. Мөн Т.Ганди тээр жил 3-р хороололд нэг худаг бариулж байсан бөгөөд үүнийг тэр хавийнхан “Гандигийн худаг” гэж нэрлэх юм. Гэвч энэ нь зөвхөн нэг жижигхээн хороо хорины хүмүүсийн л хэлдэг үг болохоос биш хот даяаараа, Монгол даяараа нэршсэн юм алга. Цаг хугацааны хувьд ч үүрдийнх биш зуурдынх... Тэгтэл эрт цагийн сайн эрчүүд бүхэл бүтэн уул ус, тал хөндий, агуй хонгилыг өөрийнхөө нэрээр өнө мөнхөд нэршүүлж ирсэн нь гайхалтай. Гэвч юм уншаагүй, бусдын судалсныг анхаарч үзээгүй зарим нэг нь Монголд “Цахиур” Төмөр, “Торой” Банди хоёроос өөр шилийн сайн эр байсан юмуу гэж асууж байсан удаатай. Байхаар барах уу? Тэд ард олныхоо дунд домог түүхээ үлдээхээс гадна өөрийнхөө нэрээр мөнхөд дуурсагдаж байх уул ус, агуй хонгил, тал хөндийгөө бас үлдээчихжээ. Үүнээс илүү баримт гэж байх уу?

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ: БЭЛТГЭСЭН Б.ОЙДОВ

“Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн нэг өрсөлдөгч нь холимог тулаанч Боб Сапп
“Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн нэг өрсөлдөгч нь холимог тулаанч Боб Сапп
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​