Улстөр / 2017/12/26 / 76

Ажлаа мэдэхгүй “Монгол ялна”-чууд !!!!



Хууль эрх зүйн орчинд ажиллаад зогсохгүй Монголын төрийг цэвэршүүлнэ, Монгол Улсыг хөгжүүлнэ хэмээн ам дүүрэн ярьж, алдаа оноотой ч өөрийг нь өдий хэмжээнд чирч гулдарч ирсэн ижил олон нөхдөөсөө урваж  Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон У.Хүрэлсүх хэзээ ч юуг ч хөгжүүлэхгүй нь ойлгомжтой боллоо. Өөрчилж хөгжүүлэх нь бүү хэл чухам юу хийхээ ч мэдэхгүй төөрч явна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Монгол Улсын хөгжлийн чиг хандлага стратеги боловсруулж, гадаад дотоод зах зээлийн үнэлгээний судалгаа хийж суух нь наад захын асуудал мөн. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын утаа угаартай танилцах нэрээр энд тэнд сэтгүүлчид дагуулсан шиг явна. Сүүлдээ айлаар хэсээд явж байх жишээтэй.

Ерөнхий сайд хотын утаатай танилцаж болохгүй гэсэн зүйл алга, айл өрхөөр орж болохгүй гэсэн дүрэм журам ч байхгүй л дээ. Хамгийн гол нь өөрөө юу хийхээ мэдэхгүй байгаад хамаг учир оршино. Түүний хийж чадаж буй ганц ажил нь томилгоо бололтой юм. Өөрийг нь УИХ, Байнгын хороо, МАН-ын Их, Бага хуралдаанд өргөж өгсөн хэсэг бүлэг нөхдөд албан тушаалын бялуу хүртээх гэж зовж байгаагаас өөр ажил алга гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ерөөсөө Монгол Улсад өөдтэй алхам хийх хүн бол яавч биш гэдгийг түүний өнгөрөгч улстөрийн нүүдэл шийдлээс харахад хангалттай хэлээд өгнө.

Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулга нь “Монгол ялна”, ёстой л нэг хяргаад өгөх бололтой юм ярьж байгаад л сонгогчдын санал авч Ерөнхийлөгч болсон. Гэтэл өнөөдөр хэлцэгдэн батлагдаж буй хуульд хориг тавина, тэр хориг нь ямар ч үнэ хүндгүйн зэрэгцээ өөрөө ч хуулийнхаа агуулагыг ойлголгүй хориг тавьж байгаа нь ёстой л түмний шившиг болж байна. Х.Баттулгын хувьд У.Хүрэлсүхээс ялгарах онцлог гэвэл санхүүгийн хувьд бэхжсэн томоохон бизнестэй, хувьчлалаар авч үлдсэн үйлдвэр объекттой л хүн. Өөр ямар ч ялгаагүй.

Ийм л хоёр нөхөр “Монгол ялна” хэмээсэн сүрхий уриа лоозонтойгоор тус тусын сонгуульд өрсөлдөж санасандаа хүрсэн ч цааш хаашаа ч явах арга зам харагдахгүй байна. Нийгэм эдийн засгийн байдалд таагүй нөхцөл байсаар байна. Дээрээс нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас элдэв халамжийн чиглэлд ямар ч мөнгө оруулахгүй байна. Өргөн хэрэглээний бараа материалын үнэ байнга өссөөр, ард иргэдийн амьдрал ч уруудаж буй энэ урсгалыг У.Хүрэлсүх яагаад ч зогсоож чадахгүй. Нийгмийн ийм байдалд өөрийгөө дэмжсэн нөхдийг алба тушалад хүргэх гэж зовсоор дараагийн сонгуульд оролцох нь тодорхой болж байгаа учраас түүний хувьд ялалтын тухай дурдахын ч хэрэггүй.

Хамтрагч Х.Баттулгын хувьд ч ямар ч сонголтгүй сонгуулийн үр дүнд Ерөнхийлөгч болсон болохоос эрийнхээ сайнд энэ сэнтийд заларчихсан хүн лав биш. Х.Баттулга ажлаа аваад бараг хагас жилийн нүүр үзэж байхад ганц хоёр хуульд хориг тавьснаас өөр хийсэн гэх ажилгүй сууна. Нам бүлэглэлийн дунд яс хаях замаар ажлаа явуулж байна. Уг нь үндэсний эв нэгдлийг ханган ажиллаж байх учиртай Ерөнхийлөгч маань эв эеийг холдуулах замаар ажил албаа явуулж байгаас харвал Х.Баттулгын ирээдүйд ялалт үгүй. Ингэхээр “Монгол ялна”-чууд ард түмэн нам бүлэглэлийн хайран саналыг ийнхүү гудамжны шороонд хутгаад дуусах нь тодорхой болж байна.

Х.Баатар

Шуурхай.мн