Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 12,9 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11.6 хувиар буюу 1700-аар буурсан үзүүлэлт юм. Гэвч цөөн хүн амтай манай улсын хувьд гэмт хэргийн тоо харьцангуй өндөр хэвээр байна. Гэхдээ бага ч гэсэн ахиц гарч буй нь сайн хэрэг. Ийнхүү аажим урагшилсан буй нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлийг дахин шинээр сэргээн зохион байгуулсантай холбоотой гэж үзэх хүн цөөнгүй аж. Гэмт хэргийн гаралтыг буруулахад төр засгаас сүүлийн үед нэлээд анхаарч байгаа бөгөөд ялангуяа урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар багагүй зүйл хийж эхлээд байна.
Гэмт хэрэг гарсан хойно араас нь хөөцөлдөх биш харин гэмт хэрэг гарах нөхцөлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх нь юу юунаас илүү чухал байгаа юм. Гэтэл энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин тааруу явж ирсэн байна. Тодруулбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 1997 онд батлан гаргаснаас хойш өөрчилж шинэчлээгүй тул нэлээд заалтууд нь хэтэрхий ерөнхий, тунхагийн шинжтэй, цаг үеийн шаардлагаас ихээхэн хоцорч буй ажээ.
Иймд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хууль сахиулагчдын хүрээнд сүүлийн үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс дээрх хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хийж, олон нийтийн санаа бодлыг тусгах ажлыг санаачилж байна.
Энэхүү хуулийн төслийг харахад Үндсэн хуулиас эхлээд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг нийтдээ хорь гаруй хуулийн хоорондын уялдаа холбоог сайжруулах тал дээр нэлээд бодитой хандсан нь анзаарагдаж байна. Өнгөрсөн хугацаанд манай хуулиудын харилцан хамаарал, уялдаа муугаас урьдчилан сэргийлэх ажил ахиц муутай байсан болов уу. Тэгвэл иймэрхүү дутагдлыг засах чигт хуулийн төсөл хийгджээ.
Нөгөөтэйгүүр, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд соён гэгээрүүлэх ажил чухал тул Ерөнхий боловсролын сургуулийн Иргэний боловсролын хичээлийн хөтөлбөрт эрх зүйн боловсролын асуудлыг суулгаж өгөх боломжийг бүрдүүлсэн зэрэг нэлээд тодорхой зүйлүүдийг тусгаж өгчээ. Мөн санхүүжилтийг хэрхэн зохицуулах талаар ч урьдынхаас дэвшилттэй зүйлүүдийг оруулсан байна. Тухайлбал, өнөөдөр хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар урьдчилан сэргийлэх ажлыг санхүүжүүлж байгаа нь хаанаа ч хүрэлцдэггүй учир нийт зөрчлийн торгуулийн 40 хувьтай тэнцэх хэмжээгээр санхүүжилтийг тэлэхээр төсөлд оруулжээ. Ийнхүү Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэлээд чансаатай болж, эрх зүйн орчин сайжрах юм байна.
О.Баяр
Шуурхай.мн