Н.Номтойбаяр: "Ах нь эмчилгээ хийлгэж байгаа. Гадаа хүн хүлээлгэчихсэн" гээд яаруу гарсан


УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өнөөдөр талийгаач, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хамгийн сүүлд МАН-ын нэг гишүүнтэй уулзсан гэх мэдээллийг өгсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Юуны өмнө талийгаач, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ зөвхөн АН-ын харуусал биш. Монголын ард иргэдийн хувьд хүнд золгүй явдал тохиолдлоо. Өнгөрсөн баасан гаригийн 17.00 цагийн үед талийгаач бид хоёр чуулганы үүдээр алхаад явж байсан. Мэдээж өмнөх парламентэд хамт ажиллаж, адилхан авто спортоор хичээллэж байсны хувьд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Талийгаачийг гарсны дараа 19.18 цагт миний бие бүлгийн хурал руу орсон. Картаа хийхээр тэнд автоматаар бүртгэгдэж байдаг. Надаас цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авсан. Өөр мэдээлэл алга" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Талийгаач тэр өдөр ордонд “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцсон юм билээ. Энэ талаараа танд ярьсан уу? 

-Тэр бол Монголын Мотоцикл автомашины холбоо. Манайх болохоор тусдаа. Тэр хурлын талаар юу болсон, яасан ийсэн талаар яриагүй. Ямар ч байсан долдугаар сард болно гэж ярьж байсан. Миний ойлгосноор тэр хурал нь 3 давхарт ЕТГ-ын дарга З.Энхболдын өрөөнд болсон. ОХУ-ын талаас бас хүмүүс ирсэн юм шиг байна лээ. Бид хоёрын ярьдаг зүйл юу вэ гэхээр энэ жил манай төрлийн авто спортын 6 дахь жил буюу өнгөрсөн 5 жилийн ажлаа дүгнэнэ. Тамирчдын хувьд цол зэргийн асуудлыг талийгаач Г.Батхүүгээр ахлуулсан. Холбоо шийддэг. Миний зүгээс "Манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдэж өгөөрэй. Зургадугаар сарын 14-15-ны хооронд эхний тэмцээн болно. Долдугаар сарын 20-27-ны хооронд ОУ-ын тэмцээн болно. Тэгэхээр хурлаа хамт хийгээд олон нийтийн өмнө хэвлэлийн хурал хийгээд явъя зэрэг ажлын хэргийн талаар ярьсан". 3 давхарт болсон хуралд бол миний бие оролцоогүй. 

-Тантай уулзахад сэтгэл санааны хувьд хэр байсан бэ? 

-Зүгээр байсан. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Судас нь улаалттай. Тэрийгээ ах нь эмчилгээ хийлгэж байгаа л гэж надад хэлсэн. Намайг 19.18 цагт бүлгийн хуралд ороход үүдэнд сэтгүүлчид байсан. Төрийн тусгай хамгаалалтынхан ч байсан. 

-Таныг бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй маргалдсан гэх мэдээлэл гараад байна? 

-Ажил хэргийн шугамаар маргалдах зүйл байж л байдаг. Тэр өдөр хоёр гишүүний асуудал орсон. Түүнээс хувийн асуудлаар маргаад байгаа юм байхгүй. 

-Таны өрөөнөөс гарахдаа хүн амьтантай уулзана гэж байсан уу? 

-Миний өрөөнөөс гарахдаа "Ахыг нь хүн хүлээж байна" гээд зургадугаар сарын 14-нөөс өмнө яръя гээд гарсан. Мөн талийгаачийн ажил явдлын үеэр ийм мэдээлэл хийж байгаадаа уучлал хүсч байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.229.120.188] · 2019/05/21

    Ах нь буухиагаа дүүдээ дамжуулчихаад яваад өгч дээ...