Эрдэнэтийг мөлжсөн хоёр том бүлэглэлийг нам дарсан цагт МАНАН устаж үгүй болох эхлэл тавигдана


Эрдэнэтийг мөлжсөн хоёр том бүлэглэлийг нам дарсан цагт МАНАН устаж үгүй болох эхлэл тавигдана

 

 Монгол улсын үнэ цэнтэй бүхэн өнөөдөр цөөн хэдэн олигархи, дээрмийн бүлэглэлийн хараа хяналтанд ороод байна. Тэд улс төрийн хүрээлэлд ноёрхлоо тогтоох замаар эдийн засаг, санхүү, мөнгөний урсгалыг өөрсдийн хэтэвч рүү чиглүүлэхийн төлөө улайран хоорондоо үзэлцэж,  сүүлдээ зарим нь хууль хүчний байгууллагын үүдийг сахиж сууна.

Эрдэнэт үйлдвэр тэдгээр бүлэглэлийн гарт үндсэндээ бүрэн самруулав. Эгэл жирийн иргэдийн хувьд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хамсаатнууд болон 49 хувийнхны луйвар, тэдний хороондын тэмцэл хэмээн төлөөлж буй. Ер нь аль ч өнцгөөс ерөнхийдөө нэг иймэрхүү дүр зураг харагдаж байна.  

“Жаст”-ын Ш.Батхүүгийн Эрдэнэтийг барьцаалж “Стандарт” банкнаас зуу гаруй сая ам.доллар зээлдээд “баас” болгож орхисон өрийг Лондонгийн арбитрын дээд шатны шүүхийн  шийдвэрээр саяхан тус үйлдвэрийн нөөц сангаас барагдуулахаар эхний ээлжинд  40 сая сая ам.доллар төлсөн нь олны дургүйцлийг улам дэвэргэв. Өнөөгийн эрх баригчид Ш.Батхүүгийн өмнөөс  өр төлөөд дараа нь түүнээс буцааж авна гэх нь харганын үзүүрт тээглэсэн ноос бүрийг түүж аваад эсгийн хийхийн үлгэр болж дуусах бололтой. Учир нь Ш.Батхүү нь Хадгаламж банк, “Жаст ойл” гэх мэт хамаг хөрөнгөө төр, хувийн хэвшлийнхэнд алдахыг нь алдаж, бэлэглэхийг нь бэлэглээд зүйл дуусгасан, одоо түүнд сохор зоосч үлдээгүй гэдэг. Харин  бүлэг хэргээ цайруулахын тулд мань эр Ерөнхий сайд асан С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй гол хамсаатнууддаа хир халдаалгүй, өөртөө бүх бурууг тохохдоо “Ер нь тэгж ярих юм бол хэвийн ажиллаж байсан “Хадгаламж” банкыг минь  дээрэмдэж аваад Төрийн банканд нэгтгэсэнд гомдолтой” гэсэн сөрөг тайлбар тавьж байна. Хэрвээ үнэхээр тийм бол шүүхийн ийм маргаанд хэн ялагч болох нь одоогоор таах аргагүй.  

Нөгөөтэйгүүр Ш.Батхүүгийн балагаар Засгийн газраас Лондонгийн арбиртын шүүх дээр өмгөөллийн болон бусад зардалд нийтдээ 37.8 тэрбум төгрөг зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн төлбөрийг өнөөгийн эрх баригчид огт нэхэмжлэхгүй, энэ талаар ам нээхгүй байгаа нь тун гайхалтай. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нь Америкт анх бүртгэгдсэн Осеан Partners компаниар зуучлуулан Ш.Батхүүгийн дээрх 40 сая ам.долларын өрийг төлсөн нь ихээхэн зөрчил, маргаан дагуулж байна. 

Хамгийн хачирхалтай нь Осеан Partners гэдэг компани анх 2006 оноос Ш.Батхүүг Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авахад зуучилж байжээ. Осеан Partners компани нь Эрдэнэтийн зэсийн баяжмалыг олон улсын зах зээлд нийлүүлэх үүрэгтэйгээр бизнесийн арилжаанд оролцож байсан бөгөөд тус компанийн Монгол талын гүйцэтгэх захирлаар Д.Мөнхбаяр гэдэг залуу ажиллаж байсан юм. Тэрээр Таван богд группийн захирал Ц.Баатарсайханы эхнэртэй хоршиж, Эрдэнэтийн зэсийн баяжмалыг борлуулж байсныг Х.Бадамсүрэн захирал өнөөдөр оггт мэдэхгүй царайлж  буй нь бас л шударга иргэдийн эгдүүцлийг төрүүлж байна.

Их, бага хэмжээний ямар ч мөнгө ор сураггүй алга болно гэж огт байдаггүй. Ш.Батхүүгийн Стандарт банкнаас мөнгө зээлдэх нэрээр Эрдэнэтийг барьцаалсан хэрэгт энэ нь ихээхэн чухал зүйл байж таарна. Өөрөөр хэлбэл, түүний Стандарт банкнаас зээлдсэн 109 сая ам.доллар тухайн үед хаанахын ямар данс руу орж, хэнд хүрч, юунд зарцуулагдсаныг тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Зарим эх сурвалжууд энэ мөнгийг МАН-ын санхүүжилт рүү шингэж, сонгуульд  цацагдсан хэмээж буй нь үнэний ортой болов уу. Нэг үгээр хэлбэл, тухайн жилүүдэд МАН-ын даргаар ажиллаж байсан С.Баяр нь өөрийнхөө хамгийн ойрын анд найз Ш.Батхүүгийн гараар Стандарт банкнаас уг зээлийг  авахуулж, намныхаа санхүүжилт болгож ашигласан байх магадлалтай юм. Яагаад гэхээр МАН нь санхүүгийн тайлангаа олон нийтэд үнэн зөв тайлагнаж мэдээлдэггүй. Үүнийг нь “Нээлттэй нийгэм форум” зэрэг судалгааны байгууллагууд удаа дараа нотолж байлаа. Ялангуяа санхүүгийнхээ эх үүсвэрийг нэг ч удаа удаа бодитой мэдээлээгүй. Ийм улс төрийн намыг ардчилсан үзэл санаа, тогтолцоо бүхий нам гэж үзэх боломжгүй юм. Тиймээс МАН-ын санхүү рүү өнгөрсөн хугацаанд Ш.Батхүү мэтийн хүмүүсээс хэдий хэмжээний бохир мөнгө урсаж орсон нь олны анхаарлыг татсан онцгой асуудал болоод байна.

Эрдэнэтийн 49 хувийнхны хэрэг дээр ч мөн ялгаагүй, эргэлзээтэй олон зүйлийг шалгаж тогтоох шаарлага тулгараад байгаа бөгөөд саяхан энэ хэргийн гол эзэн гэгддэг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг дахин баривчилж саатуулав. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан гэгдэж буй. Түүний хамсаатнаар одоохондоо “Монголын зэс ккорпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна. Харин саяхнаас бас тэдний энэ хэрэгт  Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатарыг холбогдуулжээ. Тэрээр сахал” Д.Эрдэнэбилэгтэй эртнээс танил бөгөөд тэд анх “Монголын зэс корпораци” компанийг үүсгэн байгуулахдаа  анх “Жумейра” нэртэйгээр байгуулахад хамт ажиллаж байсан юм. Гэхдээ энэ бүлэглэлийн цаана АН-ын лидерүүд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтнүүд шовойж суугаа нь үйл явлын өрнөлтөөс сүүлдээ бас ил болж байна.

Мөн Эрдэнэтийг барьцаалж мөнгө завшсан бүлэглэл болон 49 хувийнхан нь хоорондоо  нэлээд холбоо сүлбээтэй ажиллаж байсан болов уу. Тухайлбал, 49 хувийнхны хэргийг эцэслэн шүүсэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь тухайн үед дэд сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаярыгаа нэхэмжлэгч талыг төлөөлүүлэн оролцуулах ёстой байтал “Чи шүүх хуралд суух хэрэггүй” гээд явуулаагүй бөгөөд дараа нь харин үүнийгээ булзааруулан “Чамаас болж шүүх дээр ялагдсан” хэмээн бухимдаж байсан зэргээс бас тодорхой харагдаж буй аж.

Эрдэнэт үйлдвэрт хийсэн арбитрын шалгалтын дүнгээс үзэхэд үндсэндээ хоёр их наяд гаруй төгрөгийн зөрчил илэрч, үүний 34 орчим тэрбум төгрөгийн зөрчил нь илэрхий луйврын шинжтэй болжээ. Энэ нь дээрх бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэтэрхий эрээ цээргүй болсоныг харуулж байна. Иймээс Эрдэнэтийг мөлжсөн энэ хоёр том бүлэглэлийг хуулийнхан нам дарж чадсан цагт л өнөөх МАНАН хэмээх дээрмийн бүлэглэл устгаж үгүй болох эхлэл тавигдана, түүнээс нааш их юм горьдох хэрэггүй ажээ.

О.Баяр  

Шуурхай.мн