"Салбарын хүн салбар руугаа нулимж, эмч мэргэжилтнүүдийнхээ ажил хөдөлмөрийг үгүйсгэн гутаан доромжилно гэдэг эмгэнэл"


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар авсан тухай мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Одоогоор сүрьеэгийн өвчлөл ямар байна вэ. Яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Манай улсад жилд дунджаар 4,000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд тогтмол буурч байна. 2013 онд 4,111, 2014 онд 4,172, 2015 онд 4,270, 2016 онд 4,045, 2017 онд 3,779, 2018 онд 3,498 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүрьеэгийн өвчлөлийн 10 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд дөрвөн багцаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа бөгөөд энэ үзлэгт сүрьеэгийн тохиолдол түлхүү бүртгэгдэж байгаа 18-34 насны иргэдийг хамруулж байна.

Ерөнхий боловсролын сургууль дээр сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг хийж байна. Өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 25 сургуулийг үзлэгт хамруулж, сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.

-Өмнө нь сургуулийн хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон ч арга хэмжээ аваагүй гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг тодруулахгүй юу?

-15 дугаар сургуулийн тухайд миний харамсаж байгаа зүйл гэвэл 2015 онд сүрьеэгийн халдварын 33 тохиолдол гарахад арга хэмжээ авалгүй орхисон тухай архивын материалд байна. Хэрэв тэр үед нь арга хэмжээ авч голомтыг устгасан бол тохиолдлын тоо нэмэгдэхгүй байлаа. Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөл тухай бүрд нь чиглэл зөвлөмж өгсөн байдаг.

2018 онд надад мөн урьдчилан сэргийлэх үзлэг явуулах зөвлөмж , өвчнөө нуун дарагдуулсан багшийн талаарх мэдээллийг өгсөн. Үүнд тулгуурлан урьдчилан сэргийлэх үзлэг эхлүүлж, салбарын мэргэжлийн баг ажиллаад явж байна. 15 дугаар сургуулийн үйл ажиллагааг гурван өдөр зогсоож иж бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдвар авсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээд байна.

15 дугаар сургуулийн хүүхдүүдэд сүрьеэгийн халдвар илэрсэн учраас тус сургууль дээр хичээллэж байсан 32 дугаар сургуульд мөн үзлэг хийж өвчлөл, халдварын тохиолдлуудад арга хэмжээ авсан. Энд нэг зүйлийг хэлэхэд халдварт өвчин тэр дундаа сүрьеэ өвчтэй,сүрьеэгийн халдвартай хүмүүс ялгаварлан гадуурхалтад их өртдөг учраас өвчнөө нуудаг.

Тиймээс хувь хүний эрүүл мэндийн талаарх мэдээлэлд болгоомжтой хандах ёстой. Ялангуяа хүүхдүүд их эмзэг. Мэдээлэл тарсны улмаас хүүхэд хичээлдээ явахгүй, эмчлүүлэхээс татгалзах, улмаар тааварлахын аргагүй асуудал үүсвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Энэ бол бидний төсөөлж ч байгаагүй эрсдэл дагуулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байнга анхааруулдаг асуудал.

1990 оноос дахин сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учраас 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод эрүүл мэндийн сайд нарын хурал, 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг авч хэлэлцсэн. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна.Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгдсэн байна.

-Сургуулиудад дахин эрт илрүүлэг үзлэг шинжилгээ хийх үү?

-Энэ онд ерөнхий боловсролын 90 сургуульд сүрьеэгийн илрүүлэг үзлэг, шинжилгээг хийх төлөвлөгөөтэй байгаагаас 25-д нь хийсэн. Одоо 65 сургуульд хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. 2018-2020 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэг илрүүлэх үзлэг шинжилгээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. Сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар тушаалаар баталсан зааврын дагуу хийж байна.

2018 онд нийт 25 ерөнхий боловсролын сургуулийн 4,160 сурагч, багш, ажилчдыг үзлэг шинжилгээнд хамруулж, сүрьеэгээр өвчилсөн 19 хүнийг илрүүлж, эмчилгээнд хамрууллаа. Өнгөрсөн сарын 16-ны байдлаар нийт 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6,932 хүүхэд, багш ажилчдыг хамруулж 47 хүнийг илрүүлж, эмчилгээ хийж байна.

-Сүрьеэгийн халдвартай хүүхдүүдийг хэрхэн эмчилж байгаа вэ. Төсөв хөрөнгийг нь хэрхэн шийдвэрлэв?

-Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь л өвддөг гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан бол эмчилдэггүй дархлаагаа дэмжих зөвлөгөө өгдөг. ДЭМБ-аас шинэ стандарт гаргаж халдвар авсан тохиолдлыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг болсноор 15 дугаар сургуулийн хүүхдүүдийг эмчлэх ажил эхэлсэн.

Эмийн зардалд жилд 1.3 тэрбум төгрөг зарцуулдаг. 2019 онд 1.5 тэрбум болгон нэмэгдүүлсэн.

 

Энэ эмчилгээнд зөвхөн нэг төрлийн изониазид гэдэг эм хэрэглэдэг. Хэрэв өвчилсөн бол дөрвөн төрлийн эмээр сүрьеэгийн эмчилгээ хийдэг. 2007 оноос “урьдчилан сэргийлэх” болон “сүрьеэгийн эмчилгээ”-нд хэрэглэж байгаа нэгдүгээр эгнээний эмүүдийг улсын төсвөөс 100 хувь худалдан авдаг болсон.

-Сургуулийн хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон учаас илрүүлэг, оношилгоог нэлээд далайцтай хүрээнд хийх нь зөв байх. Сүрьеэгийн илрүүлэг, оношилгооны тоног төхөөрөмж хангалттай бий юү?

-Одоогийн байдлаар бид сүрьеэгийн илрүүлэг, оношилгоонд 16 зөөврийн дижитал рентген аппарат ашиглаж байгаа бол Засгийн газар энэ онд дахин таван аппаратын зардлыг шийдээд байна. 2015, 2016 онд сүрьеэгийн тоног төхөөрөмжид 1.1 тэрбум төгрөг зарцуулсан бол сүүлийн хоёр жилд улсын төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг зарцуулсан.

Сүрьеэгийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэх үүднээс Глобаль сангаас санхүүжүүлэн эмч мэргэжилтнүүдийг тэтгэлэгтэй сургалтад хамруулж, эхний ээлжид 36 эмч, мэргэжилтэн сургаж байна. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн онцлогийг үндэслэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсний дээр үлдсэн бусад чиг үүргийн ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна.

Эдгээр ажлын үр дүнд хүүхэд залуучуудын дунд мэдэгдэхгүйгээр тархаж байсан олон өвчин түүний дотор Сүрьеэг эрт илрүүлж, арга хэмжээ авч байгаа юм.

-Сүрьеэгийн асуудалд дэлхий нийтээрээ анхаарч байгаа гэлээ. Манай улсын хувьд төр, засгаас хэрхэн анхаарч байгаа вэ?

-Сүрьеэ 1990 оноос хойш дахин сэргэж байгаа халдварт өвчин. Тиймээс Ерөнхийлөгч В.Путины ивээл дор ОХУ-ын Засгийн газар ДЭМБ-тай хамтран сүрьеэгийн асуудлаарх дэлхийн эрүүл мэндийн сайд нарын дээд хэмжээний чуулганыг 2017 онд, НҮБ-ын Ерөнхий ассамблей анх удаа сүрьеэгийн асуудлаар дэлхийн улс орнуудын төр,засгийн тэргүүн, эрүүл мэндийн сайд нарыг оролцуулан сүрьеэтэй тэмцэх талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ассамблейд оролцсон. Засгийн газар сүрьеэгийн асуудлыг гурван удаа авч хэлэлцэж нөөц хөрөнгөөс тоног төхөөрөмж авах, сургалт судалгаа явуулах зэрэг хэд хэдэн шийдвэр гаргаад явж байна.

Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэг устгах олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган зохион байгууллаа. Олон эмэнд дасал сүрьеэгийн 120 ортой эмнэлэг байгуулах гарааны санхүүжилтийг улсын төсөвт суулгалаа. Нэг сайхан мэдээ гэвэл ХӨСҮТ олон эмэнд дасал сүрьеэгийн эмчилгээний хугацааг хоёр жилээс есөн cap болгож байгаа анхны орнуудын нэг болж байна. Танилцуулгыг ойрын үед олон нийтэд хийхээр бэлтгэж байна.

-Таныг “сүрьеэ тараасан сайд” гэж огцрохыг шаардан хэд хэдэн удаа жагсаал хийлээ. Энэхүү шаардлагыг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Ер нь сүрьеэгийн асуудлыг гаргаж тавьж байгааг буруу гэж үзэхгүй байна. Миний асуудал бол дараагийн асуудал. Хамгийн гол нь нууж, хаалгүй үнэнийг ил болгож, өвчнийг илрүүлж эмчлэх.

Улс төрийн аль ч нам салбар дунд тэр дундаа эрүүл мэндийн салбарт хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж хэрхэвч болохгүй. Энэ бол эрүүл мэндийн салбарын тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаанд хортой.

 Асуудлын гол нь сүрьеэ газар авсныг мэдсээр байж арга хэмжээ аваагүй, ажил зохион байгуулаагүй хүмүүстэйгээ биш харин эрт илрүүлж эмчилж байгааг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Сайд сүрьеэ тараасан гэдэг дүгнэлт хийхийн тулд өвчний үүх түүх, статистик мэдээлэл, тоо баримт, цаг хугацаа гээд олон талаас нь судалж шинжлэх ёстой байх.

Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүссэн нөхцөл байдлын тухайд эмч мэргэжилтнүүд маань сүрьеэг илрүүлж эмчилж байгаа л асуудал. Бусдаар тэдэнд бурууг тохох үндэслэл үгүй. Болсон явдал нь өнөөдөр бус дөрвөн жилийн өмнө эхэлсэн юм билээ.

Дахин хэлэхэд дөрвөн жилийн өмнө тус сургууль дээр сүрьеэгийн халдварын 33 тохиолдол гарч, хүүхэд өвчлөн эндэхэд таслан зогсоох арга хэмжээ авсан бол 2019 онд урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд халдвартай хүүхдийн тоо 529-д хүрэхгүй байх байлаа.

Бид нууж хааж арьсаа хамгаалсангүй үнэнтэй нүүр тулж илрүүлж эмчилж байна. Энэ илрүүлэг шинжилгээний бодит байдал, тоо баримтыг жагсаж буй хэдэн хүн биш эмч мэргэжилтнүүд өөрсдөө гаргаж тогтоосон юм шүү дээ. Түүнийг нь ашиглаж улс төрийн тоглолт хийж буй нь харин хэр ёс зүйтэй хэрэг юм бол.

Ялангуяа салбарын хүн салбар руугаа нулимж, эмч мэргэжилтнүүдийнхээ ажил хөдөлмөрийг үгүйсгэн гутаан доромжилно гэдэг эмгэнэл. Одоо эмч мэргэжилтнүүд юу гэж ярьж байгааг мэдэх үү.

Тэд “Илрүүлж эмчилснээсээ айх өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй” гэж байна. Ажил хийхээр бурууддаг цаг ирсэн ч юм уу. Гэхдээ бид шантрахгүй ээ. Хийх ёстой ажлаа хийгээд л явна. Эрүүл мэндийн салбарт сайн ч юм байна, саар зүйл ч бас багагүй байна.

Ялангуяа хэсэг бүлэг хүний энэ салбарыг ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг, эзэн суух гэсэн бусармаг явдал их ажиглагддаг. Улс төрийн намууд сонгуулийн үр дүнгээр эрүүл мэндийн салбарыг өөр хоорондоо бэлэглэдэг, хавсарга байдлаар авч хандсаар ирсэн нь үүнд нөлөөлснийг үгүйсгэхгүй.

Сайд нар ч яах вэ ирж л байдаг, явж л байдаг. Тиймээс ажилдаа сэтгэл гаргахаасаа илүүтэй тэсэж үлдэх гэсэн эрмэлзэл нь ер нь аливаа яам, Тамгын газар илүүтэй хөгжсөн бололтой юм. Шулуухан хэлэхэд хувийн эмнэлэгтэй, энэ чиглэлийн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй сайд, дарга нар салбарт ажиллаж байсан нь өөрийн гэрэл сүүдрээ үлдээсэн байдаг.

Сайн тал нь гэвэл эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд бол гайхамшигтай хүмүүс. Хүнд шууд үйлчилдэг, эрүүл мэнд, амь насыг нь авардаг эмч мэргэжилтнүүд элэг зөөлөн, хүнлэг, тусч, тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг.

Эмч мэргэжилтнүүдийн ур чадвар маш сайн, тоног төхөөрөмж ч үе шаттай нэмэгдсээр байна. Гагцхүү төр, засаг, бодлогын яам бүх талаар дэмжин ажиллаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдээд явахад манай улсын эрүүл мэндийн салбар дэлхийн түвшинд тун ойртжээ.

-Эрүүл мэндийн яам бэлгийн замын халдварт өвчин тэмбүүтэй “дайн” зарлаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-За энэ ажлаас ичээд байна. Жуулчид ирэхээ болино гээд зарим хүн гүйлдээд л байх шиг байна. Бэлгийн замын халдварт өвчин 1990-ээд оноос хойш эрс нэмэгдэж байгаа талаар би ч цагтаа асуудал дэвшүүлж нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэж л явлаа. Ялангуяа манай сониныхон энэ талаар том том нийтлэл гаргаж байсан.

Статистикийн мэдээлэлд ч ил тод байж л байна. Нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар 40 орчим хувийг эзэлж байна. Бэлгийн замын халдварт тэмбүү өвчний эзлэх хувь 45 байна. Ийм байхад гуяа алгадаад гүйгээд байж таарахгүй биз дээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Үндэсний аюулгүй байдлын тэргүүнүүдийн хувьд энэ талаар УИХ-ын чуулганд мэдээлж байсан.

 Эрүүл мэндийн сайдын зөвлөл, ХӨСҮТ, эмч мэргэжилтнүүд маань ярианаас ажил руу шилжиж үндэсний хэмжээнд зохион байгуулалттай үйл ажиллагаанд орох шийдвэр гаргаж энэ талаар олон нийтэд мэдээлсэн. Үүний учир нь энэ ажилд зөвхөн эрүүл мэндийн салбарын бус олон салбарын хамтын ажиллагаа чухал байгаа юм. Иргэдийн оролцоо чухал.

Нийгмээрээ хөдөлж байж үр дүнд хүрнэ. Гэхдээ хуулийн хүрээнд. Хүний эрх, хувийн нууц, нэр хүнд гээд олон асуудал бий. Тиймээс зөвхөн код байх бөгөөд нэр ус, ажил гэрийн тухай мэдээлэл бүгд нууц байна.

Засгийн газар ч энэ асуудалд анхаарал хандуулж “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” баталж сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг бууруулах талаар авах хэмжээг онцгойлон тусгасан.

Бидний хэрэгжүүлэхээр зориг шулуудсан энэ үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн дэд сайдын ахалсан ажлын хэсэг байгуулагдан, “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан малгай үйл ажиллагааг илүү нарийвчлан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэн ажиллана.

-Тодруулбал?

-Жишээ нь, төрөлхийн тэмбүү өвчнийг устгах гол цөм болох жирэмсний хяналтыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана. ДЭМБ дэмжиж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр манайхтай 10 гаруй жил ажиллаж байгаа Австралийн эмч мэргэжилтнүүдтэй уулзахдаа энэ талаар ярилцсан.

Жуулчид томуу, САРС зэрэг өвчний үед цөөрнө үү гэхээс бэлгийн замаар дамжих халдварын улмаас жуулчдын урсгал багасна гэдэг буруу тайлбар. Австралид ч энэ өвчний халдвар байгаа,үүнийг нуух хаах ямар ч шаардлага байхгүй. Асуудлаа мэдэж байж л арга хэмжээ авна гэдгийг хэлж байсан.

-Ер нь бэлгийн замын халдварт өвчний тархалт, нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, улмаар архи хэтрүүлэн хэрэглэх, эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн олон хавьтагчтай байх, биеэ үнэлэх зэрэг эрсдэлт зан үйл газар авч, 1990 оноос хойш БЗДХ-ын өвчлөл эрс нэмэгдсэн байдаг.

Өмнө нь нэг, хоёр байсан тэмбүүгийн өвчлөл 90-ээд оноос хойш 20 промильд хүрсэн. 2013 оноос 26 промильд хүрсэн нь уг өвчнийг аюулын түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Түүнчлэн бэлгийн замын өвчлөлийн 29.8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0.2 хувийг Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хам шинж (ХДХВ/ ДОХ) тус тус эзэлж байна.

БЗДХ-тай хүн бүр өвчнөө нуух хандлагатай эмнэлэгт очдоггүй, шинж тэмдэг бүдэг байдгаас халдвар авснаа мэдэхгүй тохиолдол багагүй байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Дахин хэлэхэд бид хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр, хаягийг нь нууцлан эмчлэх болно. Богино хугацаанд энэ өвчнөөс салах боломж халдвар авсан хүн бүрт байна.

Ичиж санаа зоволтгүй хот хөдөө хаана ч харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх сумын эмнэлэгтээ хандаж оношлуулж ийшээ тийшээ явалгүй газар дээр нь эмчлүүлэх боломжоор бид хангана. Хамгийн гол нь бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлэх, дахин халдвар авахаас сэргийлэх талаар эмч, мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөөг дагах авахаас бүрэн эдгэрэх, дахин өвдөхгүй байх боломжтой.

-Эрүүл мэндийн салбарыг “элгээрээ мөлхсөн” гэдгийг олон жил ярилаа. Та энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд тулгамдаж буй асуудал болоод дэвшилттэй ажлуудыг нь хэлэх байх?

-Манай улсад 4,005 төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага ард иргэддээ орчин үеийн олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 50 гаруй мянган ажиллагсадтай том арми. Эрүүл мэнд өөрөө эрсдэлтэй салбар. Өндөр хөгжилтэй оронд ч алдаа оноо,эрсдэл гардаг.

Оносон нь дийлэнх байдаг болохоор 600 мянга хүрэхтэй үгүйтэй байсан хүн ам маань 3.2 сая, 40 хүрэхтэй үгүйтэй байсан дундаж наслалт 69.89 болсон. 2016 онд 69.89 байсан дундаж наслалт энэ онд 70.2 боллоо. Нийслэлийн тухайд дундаж наслалт 71.6 болоод байна.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тоо 2016 онд 39 байсныг 13-аар бууруулаад байна. Хамгийн алслагдсан суманд ч эрүүл мэндийн байгууллагын үүд хаалга нэалттэй, эмч мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж хүний амь нас аварч, шинэ төрсөн иргэнээ хүлээн авч чадаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн илэрхийлэл.

Эрүүл мэндийн салбарыг элгээрээ хэвтсэн гэж гоочлохоосоо илүүтэй төсвийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөгжилтэй улс орнууд шиг эрүүл мэндийн салбартаа дотоод нийт бүтээгдэхүүнийхээ 15-25 хувийг зарцуулдаггүй юмаа гэхэд 2.4 хувиа таван хувь болгочиход болгоход л илтэд сэргэнэ.

-Эрүүл мэндийн асуудал зөвхөн танайх бус бусад салбартай ч холбоотой. Тиймээс бусад салбарынхантай хамтарч, бодлогоо уялдуулж ажиллаж байна уу?

-Тийм. Нэг чухал асуудал нь эрүүл мэнд зөвхөн энэ салбарын бус бусад салбарын асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах шаардлагатай.          

Дэлхий нийтийн хандлага ч ийм байна. Сүүлийн 10 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад манай улсын хүн амын өвчлөлд амьсгалын болон хоол боловсруулах замын өвчин, зүрх судасны өвчин, шээс бэлгийн замын өвчин, гэмтэл, хордлогын өвчлөлтүүд тэргүүлж нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах болон амьсгалын тогтолцооны өвчин орж байна.

Эдгээрийг агаарын бохирдол, архи, тамхины хэт хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолт, осол гэмтэл, хүнсний хордлого, нийгмийн стресс, бухимдал нөхцөлдүүлж байна. Агаарын бохирдол, уул уурхайн хөгжил, түүнийг дагалдаад хөдөлгөөнт хүн амын тоо нэмэгдсэн нь сүрьеэ болон бэлгийн замын зэрэг халдварт өвчний гаралтыг нэмэгдэхэд хүргэж байна.

Тухайлбал, сүрьеэ гарсан сургуулийн хувьд багш халдвар тараасан гэж байгаа боловч 15 дугаар сургууль дээр нэмж 32 дугаар сургуулийн 310 сурагч багш нарын хамт хичээллэж зарим үед дөрвөн ээлж орж байсан тохиолдол байсан юм билээ.

Анги дүүргэлт, агааржуулалт стандартын бус зэрэг олон шалтгаан нөхцөл халдвар тараах нөхцөл болсон байдаг. 32 дугаар сургууль 2012 оноос хойш дуншиж дуншиж өнгөр-сөн жил ашиглалтад орсон байх.

-Үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар байгаа вэ. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр санхүүжилтийн улмаас түр зогссон гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө элэгний вирус, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх хөтөлбөр баталж төсөв зардлыг нь шийдэн ажиллаж байна.

“Элэг бүтэн Монгол”, “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх, тэмбүүг устгах үйл ажиллагаа явж байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 862,847 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 86,880 хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж,3,455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдан, эрүүлжиж байна.

Тэмбүүгийн тухайд эмч мэргэжилтнүүд асар туршлагатай, төрөлхийн тэмбүүг жирэмсний хяналтыг сайжруулах замаар, хүн амын дундах өвчлөлийг бүх түвшинд газар дээр нь ил-рүүлж эмчлэх замаар хурдан хугацаанд үр дүнд хүрэх боломжтойг мэргэжлийн баг маань хэлж байгаа. Үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан, хэрэгжүүлэх дэд бүтэцтэй, эхний санхүүжилтээ шийдвэрлээд манайхан урам зоригтой ажилдаа орсон.

Туршлагатай ахмад эмч нар, зөвлөхүүд маань энэ үйл ажиллагааг голлон удирдаж байна. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин 84-96 хувьтай байсан ноцтой үед засаг чухал шийдвэр гаргаж төсөвт санхүүжилт суулган хүүхдүүдээ эрүүлжүүлж эхэлсэн.

Одоогийн байдлаар 36,091 хүүхэд эрүүлжээд байна.

 

Эцэг эхчүүд, олон нийтийн талархлыг хүлээсэн ажлыг эрүүл мэндийн салбарынхан хийж хэрэгжүүлж байна. Голлон анхаарч байгаа зүйл энэ хөтөлбөрт халдвар хамгаалал. Тиймээс манай хувийн хэвшлийнхэн хяналт, шалгалт нь дийлдэхгүй гэж төвөгшөөж байсан. Одоо хаана хаанаа ойлголцоод жигдрээд явж байна.

Энэ хөтөлбөрийн үр дүнд эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана ч хамаагүй аваачиж эмчлүүлэхгүй, халдвар хамгааллын баталгаатай эмнэлэгт очиж тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн. “Эрүүл шүд -Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хүүхэд багачуудаа ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалж байгаа хөтөлбөр.

-Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийж байгаа вэ?

-Салбарт тоног төхөөрөмжийн шинэчлэл нэлээд хийж байна. 21 аймаг, есөн дүүрэг, лавлагаа шатны эмнэлгүүд хамгийн сүүлийн үеийн 4D эхо аппараттай боллоо. Үүний үр дүнд элэгний өвчлөл, хавдрыг эрт илрүүлэх боломжтой боллоо. Эмнэлгүүдийн орчин нөхцөл сайжирч вакуум мэс заслын өрөөний тоонууд нэмэгдэж байна.

Хөдөө орон нутагт хөгжил дэвшил гарч байна. Дөрвөн ч аймаг элэг тайрах мэс засал хийлээ. УГТЭ хамгийн сүүлийн үеийн судсан дотуурх эмчилгээний ангиографын аппарат суурилууллаа. Одоо MRI ашиглалтад оруулах гэж байна. ХӨСҮТ шугаман хурдасгуур буюу хорт хавдрыг хамгийн жижиг байхад нь илрүүлж хэлбэр, дүрс, хэмжээнд нь тохируулан эрүүл эд эрхтнийг гэмтээлгүй эмчлэх туяа эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх гэж байна.

Анагаахын их сургууль маань анх удаа өөрийн эмнэлэгтэй болж байна. Энэ эмнэлэг эмнэлзүй, сургалт, судалгааг хослуулна. Ингэхдээ Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг болох боломжтой.

Гадагшаа явах урсгалыг бууруулна гэж бид тооцож байгаа. Ирэх сарын 5-нд Үндэсний оношлогооны эмчилгээний төв маань ашиглалтад орно. Хамгийн сүүлийн үеийн РЕТСТ, изотопын үйлдвэртэй энэ төв монголчууд маань гадагшаа явж оношлогоо, эмчилгээ хийлгэх явдлыг эрс бууруулна.

Хамгийн сүүлд Цус судлалын үндэсний төв маань олон улсын магадлан итгэмжлэл авлаа. Улсын хэмжээнд цусны хангамж, аюулгүй байдал хангагдлаа. Царцаагдсан барилга, гацаад байсан төсөл хөтөлбөрүүд бүгд хөдөлсөн. 2020 оны эхээр Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг ашиглалтад орно.

Энэ мэтчилэн олон дэвшлийг хэлж болохоор байна. Тоймтой цөөхнөөс нь л хэллээ.Тиймээс энэ салбарыг элэг бөөрөөрөө хэвтлээ гэх үндэслэл үгүй.

-Өвчтэй хүнийг илрүүлж, эмчлэх нь чухал ч хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд илүүтэй анхаарах хэрэгтэй байх?

Тийм. Бид хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлж, дадал хэвшил суулгах чиглэлээр системтэй ажиллаж байна. Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчний чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч, ингэхдээ нэг сэдвээр 7-14 хоног сургалт сурталчилгаа, оношилгоо эмчилгээг зэрэг явуулж байна.

Үр дүн ч сайн байна. Тухайлбал, cap шинийн баярын өмнө, хойно, мөн баярын үеэр томуугаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, сошиал орчноор тогтвортой явуулсны үр дүнд иргэд маань хүүхдүүдээ гадуур авч явах нь багасаж, хүүхдүүд золголт хийхдээ толгойгоо ч үнэрлүүлж байсан тухай сонсож байлаа.

Хамгийн гол үзүүлэлт гэвэл cap шинийн баярын дараа ханиад томуу эрс нэмэгдэж эмнэлгийн орны ачаалал өсдөг байдал өнгөрсөн өвлийн тухайд гараагүй. Бид аливаа өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ эмчилгээ оношилгоотойгоо нийгмийн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх ажиллагаагаа хамт авч яваа.

 Ер нь, эрүүл мэндийн салбарын бодлогын язгуур суурь нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа. Монгол Улсын 18-аас дээш насны иргэдээ зүрх судасны өвчин, хавдар, бэлгийн замаар дамжих халдварууд, сүрьеэ зэрэг халдварт болон халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдах боломжийг бүрдүүлснээр 2018-2019 онд нийт 86,284 хүн дээрх үзлэгт хамрагдан өвчнөө эрт үед нь илрүүлж, эмчлүүлээд байна.

-Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх Олон улсын парламентын холбооны хурлын үеэр эрүүл мэндийн салбарын зорилтууд сайн хэрэгжиж байгааг дурдсан. Ямар төсөл, хөтөлбөрүүд олон улсынханд сайн үнэлэгдэв?

-Тогтвортой  хөгжлийн зорилтын асуудлаарх Олон улсын парламентын холбооны хурлын үеэр эрүүл мэндийн салбарын илтгэл үнэлэгдэж, зорилтууд сайн хэрэгжиж байгааг дурдсан нь салбарт зүтгэж буй олон мянган хүнд урам зориг бэлэглэлээ.

Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болон дэвшүүлсэн Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод эрүүл мэндийг дэмжих 13 зорилтыг дэвшүүлэн тавьсан. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд монгол хүний эрүүл урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх нийт дөрвөн багц зорилтыг тодорхойлсон.

Монгол хүний дун-даж наслалтыг 2020 онд 71-д хүргэх зорилттой. Одоо улсын хэмжээнд дундаж наслалт 69.89-өөс 70.2, нийслэлд 71.6 болсныг энэ үеэр онцолсон. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд 100 мянган амьд төрөлт тутамд эхийн эндэгдлийн харьцааг улс орнууд 70-аас доош болгон бууруулахаар тодорхойлсон. Харин манай орон 100 мянган амьд төрөлтөд 2030 он гэхэд 15 болгох зорилтыг дэвшүүлсэн. Эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлтөд 199 байсан бол 2018 онд 27.1 болж, 7.4 дахин буурсан. Бид энэхүү амжилтаа улам бататган 2030 оны зорилтдоо хүрэхийн төлөө олон чиглэлийн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Эх, хүүхэд нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөр баталж, алсын зайн оношилгоо, эмчилгээг нэвтрүүллээ.

Мөн жирэмсний хяналтын “нэрийн хяналт”-ыг нэвтрүүлэн ажиллаж байна. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд нялхсын эндэгдлийг 1,000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1,000 амьд төрөлтөд 25 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд нялхсын эндэгд-лийг 1,000 амьд төрөлтөд найм, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг ес болгон бууруулах зорилт дэвшүүлсэн.

Манай Улсад нялхсын болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 10 жилийн хугацаанд тууштай буурч 2008 онд 1,000 амьд төрөлт тутмаас 19.6 хүүхэд эндэж байсан бол 2018 онд 13.4 болж хамгийн бага түвшинд хүрсэн.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2008 онд 18.3 байсан бол 2018 онд 16.9 болж 1.4 промилээр буурсан. Энэ эрчээрээ явбал бид Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 2030 онд дэвшүүлсэн зорилтдоо бүрэн хүрэх боломжтой дүр зураг харагдаж байгаа юм.

-Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан нь юу байна вэ?

-Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан нь амьсгалын тогтолцооны эмгэг байна. Үүнийг бууруулах зорилгоор уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2019 оноос үндэсний түвшинд хэрэгжүүлж эхэллээ. Судалгааны урьдчилсан дүнгээр хүнд хэлбэрийн уушгины хатгалгаагаар эмнэлэгт хандсан хүүхдийн тоо 26 хувиар, маш хүнд хатгалгаагаар эмнэлэгт хандсан хүүхдийн тоо 42 хувиар, уушгины үрэвсэл оношоор хандсан нийт хүүхдийн тоо 31 хувиар буурсан байна.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт сайн байсныг онцолж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Манай улс хүний дархлал хомсдолын вирусийн халдварын тархалтын түвшин багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байна. 1992 онд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2018 оны байдлаар нийт 268 тохиолдол бүртгэгдсэн.

ХДХВ-ийн халдвартай иргэдийн 92.8 хувийг эмчилгээнд бүрэн хамруулж байна. ХДХВ/ДОХ-той 16 эмэгтэйгээс төрсөн нийт 24 хүүхдийн нэг нь ч ХДХВ-ийн халдваргүйгээр эсэн мэнд бойжиж байна. Эдгээр 16 эхийн найм нь давтан төрсөн.

Мөн энэ онд Д вирусийн халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний үнэ төлбөрийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

2019 онд В, С вирусийн халдвар илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхийн загвар хөтөлбөр” болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайшааж, 2018 онд Хепатитийн дэлхийн өдрийг “Илрүүлье-Эмчилье” уриан дор манай улсад анх удаа зохион байгууллаа. Эдгээр үйл ажиллагааг Азийн парламентчдын чуулганаас сайшаасан.

-Эрүүл мэндийн салбарт энэ онд хийх томоохон ажлууд юу байна вэ?

-Эрүүл мэндийн салбар удирдах ажилтныхаа улсын зөвлөгөөнөө хийж энэ оныхоо ажлыг тодорхойлсон. Эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, ур чадвар улам бүр сайжирч, тоног төхөөрөмж ч шат дараатай нэмэгдэж байна. Одоо бидэнд анхаарах асуудал харилцаа хандлага, мэргэжлийн ёс зүй.

Салбарынхан маань ч хүлээн зөвшөөрч энэ чиглэлээр сургалт зохион байгуулж, байгууллага дотроо бие биеэ хүндлэх, тусалж дэмжих, ажлын байрны сэтгэл ханамж бий болгох гээд цогц үйл ажиллагааг явуулж байна. Бид 2020 онд гэхэд үр дүн нь хэмжигдэхүйцээр гарах “Эрүүл мэнд-8/20” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

-Тодруулбал?

-Зорилтуудаас дурдвал, эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийг шинэчлэн батлуулж эмийн чанар, аюулгүй байдал, үнийн асуудлыг зохицуулна. Өөрөөр хэлбэл эмчилгээний үр дүн нь олон улсын түвшинд батлагдаагүй эм Монгол Улсын хилээр нэвтэрдэггүй болгох,эмийн үнийн ил тод байдлыг ханган өрсөлдөөнийг бий болгосноор эмийн үнийн хөөрөгдлийг хязгаарлах юм.

Хуулийн төслийг УИХ-д даргад өргөн бариад байна. Ахмад настнуудынхаа зонхилон хэрэглэдэг эмүүдийг 80 хүртэл хувиар Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж батлан хэрэгжээд явж байна.

Элэгний D вирусийн халдварыг илрүүлж, идэвхжилийг тоолох санхүүжилтийг даатгалаас 100 хувь санхүүжүүлэн, шинэ эмчилгээ нэвтрүүлнэ. Иргэд хувийн хэвшлийн эмнэлгээс даатгалаас санхүүжин эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлнэ. 10 мянган хүнд оногдох зүрх судасны шалтгаант нас баралтыг 15 болгож бууруулна. Зонхилон тохиолдох хорт хавдрын илрүүлэг хийнэ. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжээд явж байна.

 Жирэмсний хяналтын чанарыг сайжруулж эх, нялхсын эндэгдлийг бууруулна. Эдгээр найман зорилтыг 2019-2020 онд хэрэгжүүлж үр дүнд хүрэхээр манай салбарынхан эрч хүч, эрмэлзэл дүүрэн ажиллаж байна даа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ удаагийн өөрчлөлтийг хэр сайн болсон гэж үзэж байгаа вэ. Энэ удаагийн өөрчлөлтөөр институц хоорондын эрх мэдлийн зөрчил арилах болов уу. Уг нь анх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсан. Харин одоо дахин сонгогдох эрхийг нь хязгаарлаж, бүрэн эрхийнх нь хугацааг нэмсэн байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь цаг үеийн шаардлага. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж батлах хүртэл олон удаагийн хэлэлцүүлэг явна байх. Тиймээс олон нийтийн санаа бодол тусгагдаж батлагдана гэдэгт итгэлтэй байна.

-“Давхар дээл”-ийг тодорхой хэмжээгээр хязгаарласан байна лээ. Та өөрөө “давхар дээл”-тэй учраас асуудлын учрыг сайн тайлбарлах байх. Үнэхээр хүмүүсийн хэлж байгаа шиг хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалынхаа ажлыг хийхээр зөрчил гарах юм уу?

-Одоогийн нөхцөл байдлаас харахад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь салбараа парламентад төлөөлөх, шийдвэр гаргуулах, нөхцөл байдлаа ойлгуулах, байр сууриа хамгаалахад дөхөмтэй л юм.

Мөн засгийн газрын тогтвортой байдалд ч тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа болов уу. Ер нь чиг үүргийн яамдын сайдыг гишүүд давхар хаших санал явж байсан. Одоогийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд л гишүүн байж болох санал байгаа гэж ойлгосон. Хувь хүний хувьд үүнд амбицлаад ийм тийм байх ёстой гээд цэц булаацалдах зүйл алга. Энэ асуудлыг гишүүд олонхоороо шийднэ.

-Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтоохоор оруулж байгаа нь эрх баригч нам өөрт ашигтайгаар сонгууль явуулдаг жишгийг арилгахгүй юм биш үү. Улс орны хөгжлийн бодлого хамаарахгүйгээр өөрсөд-дөө ашигтайгаар сонгуулийн тогтолцоог өөрчилдөг байдал олон жил үргэлжиллээ шүү дээ?

-Сонгуулийн ямар тогтолцоо өөрт ашигтай вэ гэдгийг тодорхойлж чадах улс төрийн хүчин байдаг гэж үү. Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн сонгуулийн үр дүн байна. ОХУ гэхэд сонгуулийн тогтолцоогоо байнга өөрчилж байна. Бусад орны тухайд ч ялгаагүй. Ер нь улс орнууд хамгийн шилдэг хувилбарыг эрж хайж туршдаг юм байна.

Манайх ч тэр жишгээр явж байна. АН сонгуулийн тогтолцооны аль ч хэлбэрийг бид хүлээж авахад бэлэн гэж мэдэгдсэн. Улс нэг тойрог болох санал төслийн түвшинд байгаа. Гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Хэлэлцэж байгаад л нэг шийдэл гаргана шүү дээ. Яаран шүүмжилж буруутгахгүй байгаа.

-Улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төслийг боловсруулж, эрх баригч намын бүлэг дэмжлээ. Та тойргийн хуваарилалтыг дэмжиж байгаа юу? Улс нэг тойрог гэхээр шинэ залуу улстөрчдөд халгаатай сонгууль болох нь гэж хараад байна л даа?

-Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан байдаг нь намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжийг олгодог. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуульчлах гэж байна. Өөрөөр хэлбэл, намууд өөр ч ашигтай сонгуулийн хэлбэрийг сонгоод байна гэдэг шүүмжлэлийг засах санал орж ирээд байна.

 УИХ дахь МАН-ын бүлэг тэр төслийг дэмжсэн гэдэг нь бүгдээрээ санал нэгдсэн гэсэн үг хараахан биш. Улсаараа нэг тойрог болох төслийн хүрээнд томсгосон болон жижиглэсэн тогтолцоогоо ч яриад явах боломжтой. Харин УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосноороо аль нэг нам өөрт ашигтайгаар сонгууль явуулдаг гэх асуудлыг хязгаарласан зохицуулалт гэж ойлгож байна.

 

Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.21.109.54] · 2019/06/19

    урд талын хүмүүсийн хийсэн суурийг тавьсан эмнэлэг машин тоног төхөөрөмжийн нээлтэнд очоод л тууз хайчилдаг штээ тойрогтоо сайн ажилдаг байж магадгүй ч чмар нэг салбарын сайд арай ахадна мэргэжилийн хүн байх хэрэгтэй


  • DR. UROLOGIST · [197.210.54.50] · 2019/06/18

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. .


  • зочин · [59.153.114.93] · 2019/06/18

    салбараа мэдэхгүй суудлын бөглөөс нараа зайлуулаач тэнэг топороо


  • Зочин · [192.82.65.160] · 2019/06/18

    Энэ авгайг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй шүү дээ. Өмнөх сайд маш чадалтай мэргэжлийн хүн байсийм даа. Энэ ЖДҮ Ерөнхий сайдаас бас хамааралтай л даа


  • Эмч · [59.153.112.165] · 2019/06/18

    Маш сайн ажиллаж байгаа сайд. Менежмент маш сайтай, эцэж цуцахыг мэддэггүй. Зан харилцааны өндөр соёлтой, эмэгтэй хүнээс гарамгүй тэсвэр тэвчээртэй, асуудлаа маш сайн боловсруулан тавьж, богино хугацаанд шийдвэрлүүлж чаддаг, яах аргагүй шилдэг менежер. Хурдтай, гүйцэх нь байтугай зэрэгцэж ажиллахад ч хэцүү хүн. Гадаад харилцааг маш зөв хөгжүүлж байгаа, явсан газар бүртээ асуудал шийдүүлж чаддаг. Японы Эрүүлийг хамгаалахын яам хүртлэх байгууллагуудтай маш сайн ажиллаж байгаа. Тусламж, дэмжлэг хэд дахин нэмэгдсэн. Даанч дэд сайд дээрээс далд удирдлагатай робот болохоор нэмэр болохгүй, ул л шагайж байна. Төрийн нарийн гэж нэг бөөн ашиг сонирхлын зөрчилтэй, амбицтай этгээд хувийн эмнэлэг руугээ шахаа хийх боломж өгөхгүй болохоор бас дарамтлаад салахгүй юм. Сайдын хүн чанар нь зулгаагаад ийм хөгийн, хогийн юмнуудаа халахгүй юм. Түүнээс биш ажил урьд өмнө байгаагүй хурдтай явж байгааг нүдтэй нь харж, чихтэй нь сонсож байгаа. Үйл ажиллагаа шилэн болсны ачаар сүрьеэгээс эхлээд тэмбүүтэй хүртэл орон даяар тэмцэж байна. Шизотой Амарсанаа харин өөрийгөө илчилж, дахин энэ салбарт ажиллах нэр нүүргүй болж, шахааны бизнес нь зогсож магадгүй боллоо. Ийм л боловсон хүчинтэй АН-д санал өгч, дахин тоглуулж болохгүйгээ ард түмэн ойлгосоон.


  • zochin · [66.181.189.60] · 2019/06/17

    Ene tom salbarig mergejliin khun l udirdah yostoi.. Toon dotor useg tsohij yavna gedeg shig gants ch emiin ner. uvchnii emgeg jam onoshiin talaar ankhni medegdehuungui khun ERUUL MENDIIN SALBARiig tolgoilno gedeg uneheer gutamshig.SANALAARAA AJLAA UGUH heregtei


  • МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ · [202.9.44.35] · 2019/06/17

    ОРОСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ОНГОЦОНД ЗОРЧИГЧЫН АМЬ НАС АВРААД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН НЭР ТӨРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВЖ ЧАДАЖ БАЙНАДАА. МАНАЙ УЛСАД МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛЫН МЭДЛЭГ ШААРДСАН САЛБАРЫН ЯАМДЫН САЙДААР ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ МЭРГЭЖИЛГҮЙ ХҮМҮҮС ЦАГ НӨХЦӨӨЖ САЛБАРЫНХАА ДООГ БОЛЖ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД ЯВАХ ЮМ ДАА МОНГОЛЧУУД БИД АРЧААГҮЙ ТӨР ЗАСГААС БОЛЖ ИХ Ч ЦАГ АЛДАЖ ИХ ХОХИРЧ БАЙНА ДАА


  • зочин · [64.119.27.207] · 2019/06/17

    Мэргэжлийн бус салбарт нэрээ барж явахаар ажлаа өгсөн нь дээр. Ингэж нэр төрийн төлөө улайрч байдаг сэтгүүлч сэтгүүлчдээсээ ч ичмээр юм.


  • иргэн · [66.181.178.199] · 2019/06/17

    Зөв Маш ухаалаг бүсгүй байна, Манай ард түмний нэг дутагдалтай тал байна Ажиллаад юм хийгээд анхаарал татаад ирхээр заавал урд өмнө нь салбар албан тушаалтай нь холбоотой байсан нөхдүүд хэдэн төгрөг цаасны төлөө диар хийж олны анхааралд хүрхийг мөрөөдөгсөд, Жагслаа гээд шүүмжиллээ гээд баатар болдгүй л байхгүй пу Ж.Амарсанаа гуай Өөрөө сАйд байхдаа юу хийсэн билээ Бизнесээ босгосон байхыг үгүйсгэхгүй элэгний вирус устгалаа гээд хуцаад байсан Хаддиверитас билүү тийм хувийн эмнэлэгтээ өндөр үнээр түмэнд үйлчилж байгаа Чамд түмний хишиг багдаагүй л байлтай


  • Элбээ · [203.91.117.8] · 2019/06/17

    Эрүүл мэндийн сайдСарангэрэл ,дэд сайд -2 чинь зайлуул хоёуулаа Тэмбүү,Сүрьетэй улсууд юм байна эднийг сайхан гадаадад эмчилгээ хийлгэж авчирья ард түмэн минь хандив хайрлаа


  • зочин · [202.21.125.35] · 2019/06/17

    Авилгач хэрүүлч авгай минь салбараас зайлаад олон үг хуцалгүй зайлаад өгөөч


  • зочин · [203.91.116.118] · 2019/06/17

    Эрүүл мэндийн салбар ажлаа хийж байгаа юм байна аа, АН-ын үед бүх л салбарыг элгээр нь хэвтүүлж сүйтгэсэн л дээ, Тэрийг тйим амар засчихгүй нь мэдээж юм даа, АН-ын тэнэгүүд холхон байвал уул нь улс орон овоо л ургашилж байна даа


  • зочин · [202.126.88.138] · 2019/06/17

    Эрүүл мэндийн яам цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвд орж ирээд байхад юу хийгээд юу ч үнэрлээгүй юм шиг дуугай сууна вэ? Бид өмхий үнэр үнэрлээд химийн бодист хордсоор суух уу? Хөрсний бохирдолтой холбоотой юу хийж байна? Халдваргүйжүүлэлт хийж байна уу? Гэр хорооллын айл болгоны 2 м жорлонгийн асуудлаар юу хэлж хийж чадах вэ? Эндээс та бүхний ажил эхэлж, сүрьеэ, харшил гэх мэт энэ бүх өвчнүүд гарах эх үүсвэр арилах биш үү? Ард түмнийхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар дуу гарахгүй байна? Хуучин архи 10 нас, тамхи 5 нас гэх зэргээр ажлууд үгүйлэгдсээр, бэлгийн замын сүрхий нэртэй өвчинд ухуулга таниулга хийж байгаа юм байна уу? Хэрэлдэх зав та нарт байна уу? Амарсанаа та ямар ч боловсролгүй хүн л гэж харагдаад байна. Ном үзсэн хүн ийм байдаггүй, хавтас диплом авсан ч ном сураагүй бололтой, хүн болж хүмүүжээгүй мэт, эрх ашгийн сонирхол үнэртээд байх шиг. Салбарын сайд мэргэжлийн хүн байх хэрэгтэй гэдэгтэй тантай санал нэг байна.


  • zochin · [124.158.88.62] · 2019/06/17

    ene ta 2iin omch bish mongol ulsiin omch


  • Б.АМАРСАНАА · [103.111.68.3] · 2019/06/17

    ЧАМАЙГ ХЯНАЛТГҮЙ УУЖ ИДЭЖ БАЙХАД БИ САЛБАРЫН ХӨӨӨН ТОГОО РУУГАА НУЛИМАХГҮЙ ГЭЭД СУУЖ БАЙХ УУ МУДААК БӨГС АВГАЙ ШУНАЛЫН БУЗАР АА