Хичээлийн жил дуусаад хэдхэн хонож байна. Гэсэн ч ирэх хичээлийн жилийн бэлтгэл ажил салбар яамны хэмжээнд яригдаж эхлээд байна. Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-нд хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явц, байдал, тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Уулзалтад БСШУСЯ-ны газрын дарга нар, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсрол соёл урлагийн газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд оролцжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэл дүүргийн боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд зун ээлжийн амралтгүй ажиллаж, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавин ажиллахыг үүрэг болгосон байна.
Ирэх хичээлийн жилд нэмэгдэх суудлын тоог нарийн тооцох, үүндээ үндэслэн долдугаар сарын 1-ний дотор түрээсийн сургууль цэцэрлэгийн шийдлийг бэлэн болгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж хувийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгасан байх зэрэг тодорхой үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.