Хууль хяналтын байгууллага, ялангуяа шүүх шударга бус бол нийгэм бүхэлдээ ёс бусын хар хонгилын ёроол руу унадаг ажээ. Шүүхийг шинэчлэх гээд сүүлийн хэдэн жилийн турш оролдож буй ч үр дүн муутай байна. Энэ нь өнөөгийн авлигад идэгдсэн шүүгчдийн арга заль, элдэв янзын хамгаалалт болон саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар тэдний заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч гэсэн иргэдийн бухимдал хэвээрээ байгаа зэргээс бэлхнээ харагдаад байгаа юм.
Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр Шүүхийн ерөнхий зөвлөл нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хууль, ёс зүйн зөрчилтэй 17 шүүгчийн нэрийг илгээснээр Ерөнхийлөгчийн дээрх зарлиг гарч, нийгмийн дунд багагүй шуугиан дэгдээж орхив. Энд хамгийн сонирхолтой нь иргэдийн зүгээс Дээд шүүхийн шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эрхийг түдгэлзүүлэх, халж солих, хариуцлага тооцохыг хүсэж, удаа дараа тавьсан шаардлагууд биелсэнгүй.
Харин Ерөнхийлөгчийн уг зарлигаар эрхийг нь түдгэлзүүлсэн тэдгээр 17 шүүгчийн дөрөв нь Улсын Дээд шүүхийн шүүгч, тав нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, бусад нь анхан шатны шүүхийн шүүгч нар ажээ. Нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэж нэрсийг нь гарган, Ерөнхийлөгчийн зарлигаар “хусаж” хаясан эдгээр шүүгчид голцуу авлига, хээл хахуулийн хэрэгт холбоотойгоор шалгагдаж буй хүмүүс хэдий ч цаана нь бас өөр иймэрхүү үл бүтэх олон этгээд сугарч үлдээд байгаа юм. Иймээс энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга авлигад идэгдсэн шүүгч нараас зөвхөн цөөн хэдэн “жараахай” шүүрдлээ хэмээн иргэд шүүмжилж байна.
Уг нь Улсын Дээд шүүхийн гадаа хэдэн өдрийн турш шүүхийг авлигач шүүгч нараас чөлөөлөхийг шаардсан иргэд болон бусад хүмүүс маш тодорхой асуудлуудыг сөхөж тавьж байсан юм. Тухайлбал, Салхитын мөнгөний ордын 125 сая ам.долларын авлигын хэрэгт нэр холбогдсон арваад шүүгчийг зайлуулах, С.Зоригийн хэргийг шийдэхдээ эрүүдэн шүүлтийг шат шатны шүүхийн шүүгч нар огт хайхарч үзээгүй болон Эрдэнэтийн 49 хувийн хэргийг шийдэхдээ “сахал” хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэглэлд үйлчилж, асуудлыг илэрхий хуйвалдаанаар шийдсэн Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг огцруулах зэрэг шаардлагуудыг тавьж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ч бас эдгээр шүүгчдийн талаар байр сууриа илэрхийлж, АТГ-аар шалгуулах албан бичиг илгээсэн байлаа.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг хүчээр тулгасан талаарх гомдол, мэдээллүүдийг үнэн зөвөөр хянаж үзэлгүй шийдвэр гаргасан гэх шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарыг Шүүхийн ерөнхий зөвлөл нь хаацайлан Ерөнхийлөгчийн зарлигт оруулалгүй үлдээсэн байна. Үүнийг шүүхийнхний ээлжит хуйвалдаан гэж үзэхээс аргагүй болов уу.
Ер нь шүүгч нартай холбоотой иргэдийн маш олон гомдол зарга бүрэн шийдэгдэлгүй өдий хүрчээ. Тухайлбал, дээрх хэргүүдээс гадна нийгэмд томоохон дуулиан дэгдээсэн өнөөх “Шинэ төмөр замын хэрэг” гэгчийг Дээд шүүхийн шүүгч Б.Цогт, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар бас л хуйвалдаанаар шийдсэнээс болоод “шороон овоолго” хэмээн шүүмжлэгдсэн төмөр замын далангийн ажилд туслан гүйцэтгэгчээр тухайн үед ажиллаж байсан үндэсний 13 компани нийтдээ арав гаруй тэрбум төгрөгөөр хохирсон хэвээрээ үлдсэн байх жишээтэй. Үнэндээ тэрхүү “шороон овоолго” буюу Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хэрэг нь анхнаасаа Х.Баттулга болон түүний багийнхантай холбоотой байсан болохоор эцсийн дүнд ажлын хүндийг үүрч байсан үндэсний тэдгээр компани хөрөнгө мөнгөөрөө шатаад л дууссан байна. ШЕЗ нь ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн, авлигач шүүгч нараа хамгаалж хайцаалаад, Ерөнхийлөгч Х.Баттулга нь тэдний аясаар хөлөө олохгүй намирч, тийнхүү хэдэн “жараахай” шүүрдээд байвал цаашдаа шударга ёсны тухай санахын гарз болох ажээ.
О.Баяр
Шуурхай.мн