fbpx С.Түмэнгэрэл: Би зөв хүний зөв бизнесийг ТЭРБУМААР ч дэмжихэд бэлэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
39 минут 1 секунд

С.Түмэнгэрэл: Би зөв хүний зөв бизнесийг ТЭРБУМААР ч дэмжихэд бэлэн байна

“Энэ шарк хэзээ хөрөнгө оруулалт хийх юм бол доо” гэсэн асуултыг “Монгол HD” телевизээр дэлхийн алдартай бизнесийн цуврал болох “Шарк танк” нэвтрүүлэг гарч эхлэхтэй зэрэгцэн түүнд хаяглан тавих болсон. Тэгвэл “Өгөөж” компанийн захирал С.Түмэнгэрэл хэзээ хөрөнгө оруулалт хийх вэ. Энэ талаар болон өөр олон сэдвээр түүнтэй ярилцлаа.

 

-Танд өдрийн мэнд хүргэе. Хүн болгон л таныг сонирхож байна. “Энэ С.Түмэнгэрэл хэзээ хөрөнгө оруулалт хийх юм болоо” гэсэн асуултад та бараг л ээрэгдэж байгаа байх, тийм үү?

-Харин тийм ээ. Уг нь оруулсан шүү дээ. Бид тав хамтраад майхан, явуулын гарааш үйлдвэрлэдэг залууд хөрөнгө оруулалт хийснийг та мэдэж байгаа биз дээ. 

-Үзсэн. Гэхдээ бие даан хөрөнгө оруулалт хийх үү гэдэг нь үзэгчдэд сонин байх шиг байна?

-Хүн болгон л тэгж асууж байна. 

-Та юу гэж хариулж байгаа вэ?

-Оруулна. Гэхдээ өөрийнхөө хувьд жинхэнэ утгаар нь дэмжих ёстой. Бүр дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй гэсэн тийм төсөлд хөрөнгө оруулалт хийнэ. Гол нь энэ нэвтрүүлгийг зөвхөн хөрөнгө оруулалт хийх гэхээс илүүтэй үзэгчдэд бизнесийн цагаан толгой болох, хүмүүст сургамж өгөх, эдийн засгийн мэдлэгт нь багахан ч болов тус дэм болоосой гэдэг зорилгоор хийж байгаа. Биднийг ч тэр зорилгынхоо хүрээнд нэвтрүүлэгтээ оруулсан гэж ойлгосон. 

Танин мэдэхүйн хувьд нийгэмд өгөх ач холбогдол нь энэ. Тэр дундаа, залуучуудыг бизнес рүү оруулах. Сүүлийн үед залуусын олонх нь улс төрд орох, хэн нэгний цүнхийг барих замаар дээшээ гарахыг чухалчилдаг болсон байна. Иймд үед ажил, хөдөлмөрийнхөө амт шимтээр сайхан амьдрах боломжтой гэдгийг харуулж байгаа нь их чухал. Бид чинь сүүлийн 30 орчим жилийн хугацаанд тасралтгүй хөдөлмөрлөсөн хүмүүс.

Мэдээж “Хас” банкны ерөнхий захирал Амартүвшин, “МАК”-ын ерөнхий захирал Н.Цэлмүүн нарын хувьд харьцангуй залуу байна. Гэсэн ч дэлхийн бизнесийн том сургуулиудад сурчихсан, олон улсын том том гэрээнд оролцож, өөрсдөө хийгээд үзчихсэн хүмүүс. Миний хувьд тэр хоёроор маш их бахархаж байгаа. Хамт ярилцаад суухад тэднээс суралцах зүйл маш их бий. Ийм хүмүүсийг цуглуулж, баг болгосонд баяртай байгаа.

Харин яг санхүүжилт өгч, хөрөнгө оруулалт хийхийн тухайд энэ бол буяны нэвтрүүлэг биш.Үүнийг үзэгчид маань юун түрүүнд ойлгох хэрэгтэй. Хэрэв бид буян хийхийг хүссэн бол энэ нэвтрүүлэгт орохгүй. Боломж бололцоогоороо нийгмийн тустай үйл хэргийг дэмжээд явна. Өмнө нь ч тэгж ирсэн. Тэгэхээр надаас “Та хэзээ хөрөнгө оруулалт хийх гээд байна вэ” гэж асуухаасаа өмнө “Шарк танк” бол буяны нэвтрүүлэг биш юм байна” гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгээд ч энэ чинь “махчин загас” гэсэн үг шүү дээ. 

-Манайхан бол нэвтрүүлэг үзэж суухдаа л “Хөөрхий минь, энэ хүнийг дэмжчихгүй. Үгүй ээ, энэ их аятайхан санаа байна. Нийгмийн хариуцлагаа бодоод дэмжих хэрэгтэй” гэх мэтээр хэлэлцэж, ярилцдаг бололтой юм билээ. Та тэдэнд зориулж энэ үгээ хэлж байна уу?

-Ер нь бол үзэгчдэд ч, оролцогчдод ч адилхан. Бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Ерөөсөө л бодит хөрөнгө оруулалтын нэвтрүүлэг. Дээр нь, шаркуудын хувьд тавхан минутын танилцуулга л сонсож байгаа. Нэвтрүүлэг болж гарах учраас нэмнэ, хасна гэсэн ойлголт байхгүй. Бараг шууд явж байгаа гэсэн үг. Бид гуравхан асуулт асуух эрхтэй. Тэр даруйдаа шийдвэрээ гаргах ёстой.

Тэгэхээр мэдээж тодорхой нэг зөв санал нь орхигдсон байхыг үгүйсгэх аргагүй. Дэмжлэг авч чадаагүй байж болно. Ийм нөхцөлд бид 30 гаруй жил хөдөлмөрлөж, өдөр шөнөгүй зүтгэж олсон мөнгөө улс төрийн шоу хийж байгаа биш, хөрөнгө оруулалт хүссэн хүн бүрт шууд өгөөд байна гэж байхгүй. Оролцогчидтой өмнө нь нэг ч удаа уулзаж үзээгүй гээд бод л доо. Нэвтрүүлгийн талаар би өөр илүү зүйл ярихгүй. 

-Яагаад?

-Нэвтрүүлгийн бодлого, зарчим, стандарт нь олон улсын жишгээр, яг дэлхийн өөр оронд хийхэд ямар гэрээ байгуулдаг вэ тэр гэрээг л бидэнтэй байгуулсан. Харин нэг зүйл нэмж задлахад бид тухайн бизнесийн төслийг танилцуулж байгаа хүний эхэлж санал болгосон мөнгийг доош нь буулгах замаар хөрөнгө оруулалт хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг нь нэмж бол болно гэсэн үг. Харин хувь дээрээ ярилцах эрх бол бидэнд байгаа. 

 

-Та тэгээд гол нь ямар төсөл хүлээгээд байгаа юм бэ. Нэвтрүүлгийн бичлэг одоо ч үргэлжилж байгаа гэж сонссон. Тэгэхээр уншигчдад маань бяцхан боломж өгөөч?

-Тогтвортой өсөлттэй, нийгэмд хэрэгтэй, хэрэглэгчдэд тустай, хөрөнгө оруулагчдадаа харилцан ашигтай тийм л бизнест хөрөнгө оруулалт хийнэ. Миний харснаар өнөөдөртөө тийм бизнес орж ирээгүй байна. Би хөрөнгө оруулалт хийсэн бол шууд цаг зав, мэдлэг боловсрол юу байдаг бүх зүйлээ зориулаад хамтраад ажиллахад бэлэн байгаа. 

-Юу нь танд гологдоод байна?

-Дутагдалтай байна л гэсэн үг. Боломжийн явж байгаа бизнес юм уу даа гэж харахаар яг тухайн хүндээ таарчихсан, тэр хүн ганцаараа аваад явж чадах бизнес байдаг. Нэг их хөрөнгө оруулалт шаардлагагүй байх жишээний. Зарим нь бүр сансрын юм яриад орж байна. Би зөвхөн нарийн боовны чиглэлээр 30 гаруй жил үйлдвэрлэл эрхэлж, оргүйгээс бүх зүйлийг босгож ирсэн учраас Монголын нөхцөлд ямар бизнес явах явахгүйг, хэрэгжих боломжтой боломжгүйг бас гадарлахтайгаа болсон.

Гэхдээ энд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Монголд зөвхөн тавхан шарк байгаа юм биш.Зурагтаар үзэж байгаа бизнес нь хөл дээрээ тогтож, бусадтай хамтран ажиллахад бэлэн байгаа бусад бизнес эрхлэгч дэмжихийг хүссэн хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Дээр нь энэ нэвтрүүлэгт оролцсоноор хөрөнгө оруулалт олохоос илүүтэй борлуулалт нь нэмэгдэх, зах зээлд танигдах гээд давуу тал бас байна.

Тэгэхээр хөрөнгө оруулалтыг таван хүний шийдвэрээр хязгаарлаж бас болохгүй. Миний хувьд дахиад хэлэхэд би өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээр л хөрөнгө оруулалт хийнэ.Үзэгчид тэгж хүслээ гээд шууд нэг төсөл бариад дэмжихгүй. Ямар улс төрийн шоучин биш дээ. Гол нь санаа зоволтгүй. Би хөрөнгө оруулалт хийнэ. Дээр нь хүн нь зөв хүн байх хэрэгтэй. 

Нэг хүнтэй нийлээд бизнес хийдэг, далайд гардаг замдаа “Үхлээ, хатлаа, үсэрлээ буулаа” гээд байвал хэцүү биз дээ. Завь шууд л живнэ. Тэгэхээр хүнээ харна.

 

-Та нарын “Энэ миний мэдэхгүй салбар байна. Би гарлаа” гэсэн үгэнд үзэгчид бас их эмзэглээд байгаа. “Ямар тавхан төрлийн бизнес дэлхий дээр байдаг биш дээ. Өөр бизнест хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй шүү дээ. Аз турших хэрэгтэй” гэх мэтээр сошиалаар шүүмжилж байгаа харагддаг?

-Бизнесийн алтан дүрэм гэж бий. Тэр нь “Чаддаг зүйлдээ л хөрөнгө оруул” гэж. Би тэр дүрмийг мөрдсөөр ирсэн. Хэзээ ч “Энэ ашигтай юм байна” гэж тийшээгээ үсэрч ороод л. Энэ илүү их мөнгө олно гэж өмнөхөө орхиод эргэж буцсанаар амжилтад хүрэхгүй гэж боддог. Хүн ер нь мэддэг зүйлээ, дуртай юмаа хийж байж л амжилтад хүрнэ. 

-За тэгвэл танд өөрийгөө “Шарк танк” нэвтрүүлгийн оролцогч гэж нэг бизнес санал болгоё. Таныг нэлээн гоё чамин хувцаслалтад, тансаг сэтгэлийн таашаал өгөхүйц зүйлд дуртай гэдгийг тань бодолцоод “Франц өглөөний цайны хүргэлтийн үйлчилгээнд хувь эзэмшээч” гэвэл та оролцох уу, сонирхох уу. Мэдээж, нарийн боов энд байж таараа. Шинэ оролцогчдод будаа идэх боломж олгох гээд байна л даа?

-Хэрэв ямар ч хамаагүй үнээр гоё өглөөний цай бэлдэх гэж байгаа бол би дэмжихгүй. Харин жинхэнэ утгаараа өөрөө тэр өглөөний цайндаа сэтгэл зүрхээ өгсөн, захиалагч нь хараад ч, амтлаад ч дээд зэргийн сэтгэл ханамж авахуйц бараг бүтээл байвал бас бодож үзнэ байх. Ер нь бол 10 мянган ам.доллараар машин авах уу, 100 мянган ам.доллараар бенз авах уу гэвэл мөнгөтэй хүн бол чанар, стандартаа бодоод бенз л авна. Тэгэхээр үйлчилгээний үнэлгээ, чанарын үнэлгээ гээд олон зүйлийг тал талаас нь бодож байж шийдвэрээ гаргана даа. 

-Гол нь таны тухай хүмүүсийн “Мэддэггүй салбартаа хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм чинь нарийн боовны бизнест хөрөнгө оруулж магадгүй” гэсэн ярианд хариулт өгөх зорилгоор, тодорхой хэрэглээний төвшинг нь дээшлүүлээд асууж байгаа хэрэг шүү?

-Тийм юм байхгүй ээ. Гол нь би чинь яг өөрийнхөө улаан гараар ажиллаж, хөдөлмөрлөөд, зүтгээд, хөлсөө урсгаад сурчихсан хүн. Энэ 30 жилд чинь хүний амьдралд, бизнест юу эс тохиолдох билээ дээ. Зовсон ч, жаргасан нь ч байгаа. Тийм болохоор тэнгэрийн юм ярьдаг хүмүүст үнэндээ итгэдэггүй. Яг л адилхан зүтгээд хийх хүнд л итгэнэ.

Би тэр майхан хийдэг залууд хөрөнгө оруулалт хийхдээ хүртэл та санаж байгаа бол “Таны энэ бизнес нэг их чухал биш байна. Харин таны хэлсэндээ хүрдэг хүн гэсэн үг чинь таалагдаж байна. Энэ чанарт тань би хөрөнгө оруулалт хийе ээ” гэж хэлсэн. Энэ л миний зарчим. Нэг хүнтэй нийлээд бизнес хийдэг, далайд гардаг замдаа “Үхлээ, хатлаа, үсэрлээ буулаа” гээд байвал хэцүү биз дээ. Завь шууд л живнэ. Тэгэхээр хүнээ харна. Хүн ер нь мэдэгддэг дээ, таван үгнээс. Би чинь энэ олон жил дандаа л хүнтэй ажиллаа шүү дээ. 

-Гэхдээ тэр майхны бизнест та тавыг хөрөнгө оруулалт хийхэд “Хятадад аль хэдийнээ худалдаанд гарч, хэрэглээнд шилжсэн бизнест хөрөнгө оруулалт хийгээд” гэдэг шүүмжлэл гарч байсан. Та нар тэрийг мэдэхгүй байна гэж байхгүй баймаар?

-Хөгжил гэж нэг зүйл бий. Анхны хөрөнгө оруулалт, анхны бизнесээр бүх юм дуусахгүй. Бид цаадах хөгжлийг нь харсан. Ганц гарааж биш. Л.Чинбат гуай гэхэд тэр үед том техникийн хучлагаас эхлээд олон зүйл хийж болно гэж байсан. Энэ нь биднийг нэгтгэсэн. Бүхэл бүтэн бизнес байхгүй юу. Цаашаа хөгжих боломжтой гэж үзсэн учраас хөрөнгө оруулалт хийсэн. Тэр бүрт хөрөнгө оруулалт нэмэгдэх ч боломжтой. 

-Ер нь яагаад таныг сонгосон юм бол?

-Ёстой мэдэхгүй. “Ийм гоё нэвтрүүлэг хийх гэж байна. Та оролцох уу” гэж яриад, зарчмаа танилцуулахад нь би шууд зөвшөөрсөн. Миний бизнес харьцангуй тогтворжоод ёстой нэг гар, хөл амардаг дээрээ ирчихлээ. Үүнийгээ дагаад хүнд өөр шинэ юм эхлүүлэх, хүч сонирхол бас төрдөг юм байна. Яг тийм үед санал тавьсан. 

-Монголын олонх бизнес эрхлэгчийг харахад нэг нэгнийхээ эхлүүлсэн салбар руу амжилттай харагдвал шууд шинэ тооно босгож байгаа нь харагддаг. Сүүлдээ эхнэрүүд нь хүртэл адил төрлийн бизнестэй болж хувирч байна. Таны хувьд бизнесээ солиогүй гэдгээ дээр хэлсэн. Уг нь төрсөн ах тань уул уурхайн бизнестэй хүн. Тэнд хүртэл танд хувь эзэмших бодол төрөөгүй юү?

-Хүн хүний араншин байх. Зарим нь үсэрч ордог, зарим нь дагнаж ажилладаг байх. Миний өөрийн натур дагнаж ажиллах, тууштай байх юм шиг байгаа юм. Дээр нь миний бизнес чинь их зөв бас их буянтай ажил. Дотоод итгэл үнэмшилд маань яв цав таарсан бизнес. Ёстой өөрийн тань хэлснээр өөр салбар руу орох боломж их байсан. Уул уурхай, архи, тамхины бизнест ч хөрөнгө оруулах санал ирж байсан. Тэгэхэд ёстой л “боовоороо оролдсоор л” өдий хүрсэн байна даа. 

-Та “30 жил төрийн тендерт ороогүй. Төртэй хутгалдаагүй” гэж хэлдэг ч “Өгөөж”-ийг хувьчлалаар авсныг тань хэлэх хүмүүс бас байх юм?

-Өө, ёстой сайхан асуулт. Энэ боломжийг ашиглаад ёстой нэг хариулт өгчихье. Ер нь олон хүн “Өмч хувьчлалаар төрийн өмчийг авсан, дээрэмдсэн” гэж ярьдаг шиг байгаа юм. Ярьж байгаа нь ч дуулддаг. Уг нь “Өгөөж”-ийг жинхэнэ зах зээлийн зарчим, классик утгаар нь хувьчилж авсан байхгүй юу. 1992 онд улсын үйлдвэрийн “Өгөөж” компани 100 хувь хувьцаат компани болсон байсан. Тэр үед ягаан, цэнхэр тасалбараар тарааж хувьчилсан байсан 1997 онд болсон хоёр дахь зах зээлийн хувьчлал гэдэг нь явагдаж Хөрөнгийн бирж дээр хүмүүс хувьцаагаа зарж эхэлсэн.

Тэгэхэд бид хувьцааг нь цуглуулахаар болж, биржийн худалдаанд оролцсон. Тэр даруйд 500 төгрөг байсан хувьцаа нь долоо хоногийн дотор 15 мянган төгрөг хүрч өссөн. Манайхан хоёр компанитай хувьцааны ханшин дээр өрсөлдсөөр байгаад 51 хувийг нь цуглуулж чадсан. Тэгэхээр төрөөс тендердэж аваагүй, төрийн дуудлага худалдаагаар аваагүй байгаа биз. Ерөөсөө л би зах зээлийн зарчмаар нь авсан. Хүмүүс үүнийг мэдээж тэр болгон мэдэхгүй л дээ.

Одоо харин нэг тайлбарлачихъя. Ёстой хувьчлалын түүхэнд хамгийн цэвэрхэн хувьчлагдсан үйлдвэр гэж учир мэдэх хүмүүс нь ярьдаг юм шүү. Амь насаа хайхралгүй ганзаганд явж, гэрийн бараа харахгүй вагонд хоноглож явж байж олсон бүх мөнгөө л тэгэхэд оруулсан. Одоо бодоход би азтай л байгаа юм л даа. Ер нь бидний үеийн ихэнх бизнесмен ганзаганаас анхны капиталаа босгосон. Би ч тэр жишгээр л явсан. 

Би төрд ажиллах, дарга болох, тендер авах тухай юу ч ярьдаггүй шүү

 

-Одоо танай гэр бүл хэдэн хувийг нь эзэмшдэг юм бэ?

-100 хувь манай гэр бүлийн өмч болсон. Хааяа бодоход бас сонин. Би чинь өөрөө цахилгаан холбооны инженер мэргэжилтэй. Ёстой хувь заяаны салхиар л хүнсний салбарт орсон байх. Тухайн үеийн боломж нь энэ байсан. Боломжийг ашиглах ёстой гэж бодсон. Өөр юм байхгүй дээ. 

 

-Гэхдээ хүнсний үйлдвэрлэл өөрөө их эмзэг салбар. Гэтэл монголчууд “Өгөөж” компанийн ул боовыг авахын тулд дугаарлаж зогсох нь бий. Энэ бол мэдээж яах аргагүй үнэ цэнэ юм л даа. Та одоо өдөр тутмын ажилд нь хэр оролцож байна?

-Дөнгөж авсны дараа бол ёстой өдөр шөнөгүй ордог байсан. Ачигч, цэвэрлэгч хийнэ.Хуралдах үедээ хуралдана. Одоо бол ерөнхий нэг балансаа хараад явдаг болсон. Манай баг их итгэлтэй, сайн хамт олон. Олон жилийн турш тогтсон компанийн соёл, сэтгэлгээ, уламжлал нь их гоё. Тэр энэ бас их түшиг болдог талтай.

Ёстой л одоо бол арай нэг толгой өндийлгөх, өөр зүйл сонирхох, өөр юманд анхаарах цаг завтай болж ирж байна. Магадгүй “Шарк танк” нэвтрүүлэгт орсон маань ч үүнтэй холбоотой. Нийгэмд хэрэгтэй, өөрт тустай, хөрөнгө оруулалтыг нь чинээнд нь тултал хийгээд явах бизнес юу байна гэсэн эрэл бол надад байсан. Цаг мөч нь тохирсон гэж хэлж болно.

-Та гэхдээ сүүлийн үед Төрийн ордноор нэлээн гүйдэлтэй болсон харагдах юм?

-Үгүй ээ /инээв/. Нээрээ өмнө нь ер нь ордоггүй байсан байх шүү. Одоо яах вэ, жаахан нас яваад бас төр засагт үгээ хүргэмээр санагддаг болсон байна. Тэр утгаар ганц нэг хүнтэй уулзаж, ярилцах хэрэг гардаг. Өөрөөр би төрд ажиллах, дарга болох, тендер авах тухай юу ч ярьдаггүй шүү. Дээр нь би чинь МАН-ын гишүүн. Тийм болохоор гишүүний эрх, үүргээ эдлээд бодит мэдээллийг энэ шийдвэр гаргадаг хүмүүст нь хэлчих санаа бас байдаг. 

-Та чинь МАН-аас бас УИХ-д нэр дэвшиж байсан биз дээ?

-Өө, тэр ёстой санаандгүй зүйл болсон. УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийг зарлахаас хоёр өдрийн өмнө тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболд гэнэт залгаж “Сайн байна уу та, Би Батболд байна” гэсэн. Ямар Батболд гэхэд Ерөнхий сайд л гэж хэлсэн. Тэр үед Ерөнхий сайдтай утсаар ярих нь битгий хэл хааяа нэг арга хэмжээн дээр л таардаг байсан байх. Тийм хүний хувьд ёстой гэнэтийн дуудлага болсон. 

-Гол нь юу гэж хэлсэн юм бэ?

-“Та хаа байна” гэхэд нь би Бээжин нисэх гэж байгаагаа хэлсэн. Тэгэхэд “Та костюмаа өмсөөд Тусгаар тогтнолын ордон дээр хальт хүрээд ирээч” гэсэн. Хүрээд очтол “Та манай намд элсээд удаж байгаа юм байна. Судлаад үзэхэд бас нэр цэвэр юм. Удирдах зөвлөл дээр таныг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх талаар ярьсан. Та Сонгинохайрхан дүүрэгт сурч, ажиллаж байсан хүн юм байна. Та арван минут бодоод хариугаа хэлээч” гэхэд би бараг шоконд орсон байх.

“Яагаад 10-хан минут гэж” гэхэд “Хоёр тойргийн нэр дэвшигч шийдэгдэхийг хүлээгээд Бага хурал завсарлачихсан байгаа. Та одоо л шийдвэрээ гаргах хэрэгтэй байна” гэсэн. Үгүй тэгээд бүхэл бүтэн энэ том нам санал тавьж байхад “Би чадахгүй” гэж томроод яах вэ гээд зөвшөөрчихсөн.Тэгээд л шууд үсрээд орчихсон. 

-Гэхдээ та бизнесмен хүн шүү дээ. Юунд мөнгөө оруулах вэ гэдгээ сайтар бодож байгаатай адилхан УИХ-д нэр дэвших шийдвэрийг тийм хурдан хугацаанд гаргасан гэдэгт тань итгэмгүй юм?

-Яг үнэндээ би улс төрийг үнэхээр мэддэггүй байсан юм билээ. “За” гээд л хэлчихсэн биш нэг хэсэгтээ паникт бараг орсон. Хотын захирагч байсан Г.Мөнхбаярыг “За штабаа бай-гуулж амжсан уу” гэж хэлэх хүртэл би сурталчилгааны байргүй байсан гээд л бод. Ёстой бизнесийн ертөнцөөс шал өөр ангид ертөнц юм билээ. Их сонин. 

-Танд дараагийн сонгуульд нь туршлага дээрээ үндэслээд нэр дэвшчих бодол төрөөгүй юү?

-Намаас нэрээ дэвшүүлбэл гэдэг юм ярьж байсан. Яг үнэндээ надад тийм улс төрийн амбиц байдаггүй юм билээ. 

-Та өнгөрсөн зун “АПУ” компанийн ерөнхий захирал П.Батсайханы Манхаттан дахь гэрээс нүүр номондоо “Хийж бүтээснийхээ үр шимээр монгол хүн, найз маань ингэж сайхан амьдарч байгаад бахархаж байна” гэж бичсэн байсан. Мэдээж үүнд хүмүүс янз бүрийн л байр суурьтай байсан байх. Гэхдээ бизнес эрхлэгч хүн нэг бизнесменээрээ ингэж бахархана гэдэг яах аргагүй сайн чанар. Манайхан бол дотоодын өрсөлдөөн дундаа нэг нэгнээ цохиж унагаагаад байдаг гэмтэй хүмүүс шүү дээ. Ер нь бизнес эрхлэгчдийн дунд нөхөрлөл гэж байдаг юм уу?

-Ёстой наадах чинь бидний асуудал болоод байгаа нь үнэн шүү. Яагаад сүүлийн 30 жил хувийн хэвшилд зовлонг нь эдэлж, ачааг нь үүрсэн бизнесмен тэгж амьдарч болохгүй гэж. Би ер нь бол аливаа зүйлийг сайхан талаас нь харахыг хичээдэг. Монгол хүний атаархуу, тамын тогооны үзлийг өөрчлөх юмсан гэж боддог. Эсрэгээрээ дэм дэмэндээ байж, нэг нэгэндээ яаж урам зориг өгөх вэ гэж боддог. Түүнээс бус “Манай найз баян болчихжээ” гээд “Тэгээд яах юм. Чамайг бас баян болгох юм уу” гэхэд “Үгүй ээ, тэрийг адилхан ядуу болгоодох” гэдэг шиг л байж болохгүй. Харин ч амжилтаар нь бахархаж, хажууд нь суралцах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд тэднээс суралцсан зүйл их.

Тэгэхэд манайхан “За, чи арван жилд миний хажууд тохой залгаад л сурч байсан. Надаас л муу сурдаг байсан биз дээ. Чи яахаараа ийм баян болчихдог юм” гэдэг. Ийм хандлагатай байж болохгүй. Манайхан ингэж хэлэхдээ нэг зүйлийг боддоггүй. Амжилттай яваа хүн бүх хүнээс илүүрхээд байх содон, онцгой чанаргүй байдаг. Ердөө л чуть, чуть зүйлээрээ бол харин илүү байдаг. Тэр илүүг нь харж чаддаггүй. Тэр жижигхэн илүүг нь хүлээн зөвшөөрдөггүй.

Жишээ нь, олимпын аварга хүн бусад тамирчнаасаа минутаар бус хэдхэн долиор л алтан медаль авдаг. Энэ чинь тэр чүд чүд илүү зүйл нь байхгүй юу. Тэгэхэд манайх тэр долийг хүлээн зөвшөөрдөггүй. Ингэж атаархаж, доош нь хийж муулснаар амжилт олдог байсан бол бүх хүн бизнесмен болж, төрд ч, нийгэмд ч, спортод ч амжилт гаргах байсан. Бизнес гэдэг ер нь бол орчин үед маш хурдтай болж байна. Үүнийг хүртэл ойлгох хэрэгтэй. Амжилт олох тухай бодож байгаа бол шүү дээ.

Гэтэл манайхан амжилттай яваа нэгний зам мөрөөр дагаад гүйгээд байдаг. “Шарк танк”-д орж байгаа хүмүүс ч адилхан. “Монголчуудын нэг муу юм байна. Тэр нь юу вэ гэхээр сургаар, нэг нэгнээ дагаж, араас нь хөөж бизнес хийдэг” гэж би нэвтрүүлгийн үеэр хэлж л байсан. Харин дагана гэдэг чинь хуулж хийх бус хамтарч хийхийн нэр юм. Том бизнесээ дагаж жижиг бизнес нь хөгждөг байх хэрэгтэй. Хууль нь ч тэгж гарах цаг болсон. Хэрэв том бизнесүүд нь тэдэн тооны жижиг бизнесийг дэргэдээ аваад, эрэг шургаа болгоод, дэмжээд явбал тэр хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ гэж зааж өгөх хэрэгтэй.

Бөөн туршлага болсон Монголын шилдэг, манлайлагч залуу. Үнэхээр гайхалтай хүмүүс. 

 

Жижиг, дунд үйлдвэрлэлдээ “Танайд зээл өгнө. Гэхдээ танайх зөвхөн үүнийг хийж, том бизнестээ тусална” гэж зааж өгөх шаардлагатай. Тэгэхгүй болохоор томууд нь жижиг бизнесээ булаагаад, жижгүүд нь томтойгоо барьцалдаж явсаар дампуураад дуусдаг. Хамтран ажиллах хэм хэмжээг нь хуулиар хязгаарлаад өгчихвөл хэн нь хэнийхээ ашгаас булаахгүй, хуваахгүй. Гол нь дампуурахгүй. Япон, Тайван яг тэгж хөгжсөн. “Тоёото” ойролцоогоор 90 мянган жижиг үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнээ авдаг.

Гол нь, тэд нь жинхэнэ утгаараа төгс ажиллаж чаддаг. Эрэг шураг хийдэг бол эрэг шургаа л хийнэ. Шалны резин хийх бол шалны резинээ л хийнэ. Өөр ямар ч сонирхол байхгүй. Гэтэл манайд бүгдээрээ болбол л тус тусдаа машин үйлдвэрлэчих санаатай. Ийм бүтэхгүй амбицаа дарах цаг болсон.

Тэгэхэд манайхан байгуулаад хоёр сар болж байгаа компаниа таван тэрбумаар үнэлээд орж ирж байна. Цаасан дээр төсөл буулгачхаад хөрөнгө оруулалт хий гэдэг. Гэтэл дэлхий дээр ажил болоогүй санаа түм бумаараа байгаа. Хэрэв санаа болгоныг санхүүжүүлсэн бол өнөөдөр бараг дэлхийн газар нутаг ч хүрэхгүй байх. Энд оролцогчдын нэг алдаа бас бий шүү. 

-Өөрийн тань хэлээд байгаа нөхцөл байдал, атаархах хандлага, эвлэрч нэгддэггүй зөрчил зэргээс үүдээд тань залхах, шантрах үе гарч байв уу?

-Амьдрал юм хойно зөндөө л юм тохиолдоно. Тэр бүхнийг гол нь давж гарах нь л чухал. Унаж бол харин ёстой болохгүй шүү. 

-Охид тань таны бизнесийг үргэлжлүүлж байгаа гэж сонссон?

-Ерөнхийдөө “Өгөөж”-ийнхөө ажлыг том охиндоо хариуцуулсан байгаа. Монголдоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд дөрвөн жил намайг дагаж ажилласан. Ёстой уулзалтад орсон ч хамт, үйлдвэр орсон ч хамт, үзэсгэлэн үзсэн ч хамт явсан. Загнах үедээ загнаад, заах үедээ заагаад явчихаар хүүхэд хурдан дөртэй болдог юм билээ. Тэгж эндээ ерөнхий ойлголттой болчихоор нь АНУ-д бизнесийн сургуулийн магистрт явуулсан. Төгсөж ирээд ажлаа авч байгаа нь энэ. Одоо харин миний хувьд “Шарк танк”-аас гайгүй бизнес олоод хөгжүүлчих санаа байна. 

-Уншигчдын санааг амраагаад хэлэхэд мөнгөө харамлаад байгаа зүйл бол байхгүй юм байна. Тийм үү?

-Хэрэв яг өөрийнхөө хайж байгаа төслөө олчихвол хөрөнгөө өгнө, цаг заваа өгнө зүрх сэтгэлээрээ хамтраад зүтгэнэ. Тэгэхгүйгээр хэрэгтэй, хэрэггүй юм болгонд мөнгө өгнө гэж байхгүй. Хүмүүс харин нэг их мөнгөтэй, тэр мөнгө нь багтаж шингэхээ байсан. Мөнгө тараах ёстой хүмүүс гэж биднийг хараад байх шиг байна лээ. Уг нь тийм биш байхгүй юу. Гэхдээ би өөрөө ч гэсэн энэ нэвтрүүлэгт орсноороо маш их зүйл суралцаж байна.

Ялангуяа би залуучуудаас суралцах дуртай. Хүн болгонд өөрийн гэсэн давуу тал, туршлага бий. Их зөв баг бүрдсэн гэж бодож байгаа. “МАК”-ын ерөнхий захирал Н.Цэлмүүн гэхэд жишээ нь миний хийж үзээгүй олон улсын сая сая ам.долларын гэрээг хийгээд, үйлдвэрлэлийн том төсөл удирдаад хэрэгжүүлчихсэн байх жишээний. Төсөл бүр дээр тооцоог нь хийж байгаа, эдийн засгийн үндэслэл, бааз суурийг нь хэлж, зөвлөж байгааг нь хүмүүс сонсох хэрэгтэй. Үнэндээ анхандаа би нэг их сайн таньдаггүй, мэддэггүй байсан. Ёстой л “Аав, ээжийн хүчинд яваа” гэж харж байсан ч байх талтай.

Гэтэл яг хамтраад нэг баг болоод ажиллаад үзсэн чинь би хувьдаа Н.Цэлмүүнээр бахархсан.Тэр хүний тухай миний ойлголт шал өөр болсон. Эдийн засгийг, бизнесийг яг номоор нь сурчихсан. Шулуун шударга, түс тас яриатай, зарчимч гээд олон давуу тал сайн чанарыг нь олж харсан. Хэний ч олж хараагүй бизнес план гаргаж, зөвлөж байгааг нь зөвхөн оролцогчид төдийгүй үзэгчид сайн сонсож, суралцах хэрэгтэй. Их өөр бүсгүй юм байна гэж бодогдсон. Манай Л.Чинбат захирал бол мэдээж амьдралын, бизнесийн асар их туршлагатай хүн.

“Монгол базальт”-ын Л.Ариунбаатар захирал гэхэд үйлдвэрлэлийг технологийн төвшинд нь судалчихсан, шинэ технологи нэвтрүүлэхийг чухалчилдаг, үйлдвэрийн байх жишээний. “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин олон улсын банк санхүүгийн зах зээлд ажиллаад үзчихсэн. Бөөн туршлага болсон Монголын шилдэг, манлайлагч залуу. Үнэхээр гайхалтай хүмүүс. 

-Ярилцлагынхаа сэдвийг өөрчлөөд таны хувцаслалтын тухай асуумаар байна. Яагаад гэхээр та инстаграмм, нүүр номонд стиль, имижээрээ бас л од шүү дээ?

-Тийм гэж үү. Мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс харин янз бүрийн л сэтгэгдэл үлдээж байгаа харагддаг. Гол нь хувцаслалт гэдэг бол хүндлэл юм л даа. Өөрийгөө ч, харилцаж байгаа хүмүүсээ ч, орон зайгаа ч хүндэлж байгаа нэг хэлбэр. Би чинь автобусанд хүртэл эрвээхий зангиатай суугаад л явдаг. Зарим нь гайхууллаа гэдэг. Үгүй ээ, хүн чинь өөрийнхөө хэрэглээг өөрөө мэдэх эрхтэй биз дээ. Хувцаслалт бол миний сонирхол. Би өөрөө бас гоё сайхан юманд дуртай хүн. 

-Та автобусанд хэр суудаг вэ?

-Сууна. Би чинь ихэвчлэн алхдаг. Автобусанд суухаар дандаа нэгдүгээр эгнээгээр явдаг болохоор хурдан, амар байдаг юм. 

-Сүүлийн үед “бизнесээ хамгаалах” гэдэг ойлголт бий болоод байна. Энэ нь шууд утгаараа төр засаг болон тодорхой тооны улстөрчдийн үйлдэлтэй холбоотой асуулт юм. Танд ямар бодол төрдөг вэ?

-Буруу хандлага руугаа яваад байна л даа. Сүүлдээ ямар нийгэм сонгочхов оо гэж гайхах үе ч гарч байна. Зах зээлийн нийгэм рүү орсон гэдгээ ойлгохгүй байна уу гэж бодогддог. Уг нь хэн сэтгэж, бодож чадаж байна, хэн нь азтай одтой байна вэ гэдгээсээ шалтгаалж амьдралын төвшин өөр өөр байх нь мэдээж. Бүгд азтай одтой байна гэж байхгүй. Гэтэл манайд гайгүй яваа хүмүүсээ доош нь чирээд байдаг. Гэхдээ тэр хүмүүс нь хууль зөрчсөн бол шалгаад ял, шийтгэлийг нь оноох хэрэгтэй.

Харин хууль зөрчөөгүй бол дам яриагаар ингэж нийгмээрээ яллаж болохгүй. “30 гэр бүлд хариуцлага тооц ч” гэх шиг. Ардчилсан нийгэмд ингэж түрүүлж хөдөлж, түрүүлж ажилласнаа нийгмийн дайсан шиг үзээд байж болохгүй. Бид ардчилал эхлэхтэй зэрэгцэж бүгд нэг гараанаас гарсан. Хэнд нь ч илүү мөнгө, илүү хөрөнгө байгаагүй. Харин ч төрийн албан хаагчдаас эхлээд Монголын бүх хүнийг бизнесменүүд бараг тэжээж яваа байх. Үүнийг хүн болгон чадахгүй. Иймд чадахгүй бол барьцаж, доош нь татаад байж болохгүй. Харин ч баярлах хэрэгтэй.

Наад захын жишээ гэхэд саяхан л “Хятадууд барилга бариад бүх ажлыг авчихлаа” гээд бөөн юм болоод байсан. Гэтэл одоо бид Хятад руу гардаг болчихлоо. Хамаг гайгүй оёдолчин, барилгачид нь Хятадад ажилладаг болчихлоо. Амьдрал нь дээшлээд, цалин мөнгө нь гайгүй болоод ирэхээр хятадууд хар бор ажлаа хийхээ больж байна. Дуучид, морин хуурчид хүртэл тийшээ явчихлаа. Юун Монголыг хятадууд эзлэх.

Манайхан ер нь баялаг бүтээгчдээ хүртэл шүүж, буруутгахаасаа өмнө өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэр их хэцүү бэрхийг туулж, гал шуурган дундуур туучиж, амь насаа эрсдэлд оруулж зүтгэснийг нь нэг бодоод үзмээр л байгаа юм. Амар зам туулсан хүн одоогийн хөл дээрээ тогтсон бизнесменүүд дунд ер нь байхгүй дээ. Хэрэв баялаг бүтээгчид нь татвар төлөөгүй бол энэ улс орон юу ч болж хувирах байсан юм бүү мэд. Одоо ч гэсэн татвар төлөхгүй болчихвол ихэнх нь л цалингүй болох байх. Энэ мэтээр дор бүрнээ бодож үзмээр л байгаа юм. 

Хүн нь зөв байгаад, санал нь оновчтой, бодит ашиг өгч чадах бол би хамаагүй тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд л явна. 

 

-Ярилцсанд баярлалаа. Гэхдээ ярилцлагын төгсгөлд сонирхоод асуухад шаркуудад нэвтрүүлгийн турш төд хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ дээ гэсэн санхүүжилтийн баланс ер нь байгаа юу?

-Байхгүй. Доошоо дээшээ ямар ч босго байхгүй. Тэрбум, тэрбумаар нь оруулсан ч болно. Арав, хорин саяар санхүүжүүлж ч болно. 

-Тэгвэл үнэхээр таны “гижгийг” хүргэсэн бизнес байвал тэрбумын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна уу?

-Оруулна. Үнэхээр ирээдүйтэй бодит бизнес байвал тэрбумаар санхүүжүүлнэ. Би олон зуун саяын үнэтэй машин авах сонирхолгүй хүн байж магадгүй. Харин олон тэрбумын үнэтэй тоног төхөөрөмжийг бол үйлдвэртээ аваад тавьчихдаг л хүн. Тэгэхээр хүн нь зөв байгаад, санал нь оновчтой, бодит ашиг өгч чадах бол би хамаагүй тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд л явна. 

-Ерөөсөө л тэгэхээр “Таныг 30 жилийн дараа “Өгөөж” үйлдвэрийг охиндоо хариуцуулаад хоёр дахь шинэ бизнесээ эхлүүлэх сонирхолтой байгаа. Тэр бизнесээ “Шарк танк”-аас хайж байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү?

-Зорилго нь л тэр. Гол нь хөрөнгө оруулагч, санаачилга хоёр адилхан “ялах” зарчимтай байх ёстой.

-За тэгвэл ярилцлагаа “Би зөв хүний зөв бизнест тэрбумыг ч оруулахад бэлэн байна” гэж гарчиглалаа. Та зөвшөөрөх үү?

-Зөвшөөрөхөөр барах уу. Зорилго маань угаасаа тэр. 

-За, ярилцсанд дахин баярлалаа. Танд шинэ бизнесээ олохыг хүсье. 

-Баярлалаа.

Г.ОТГОНЖАРГАЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

“Southgobi Resources” компани Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
“Southgobi Resources” компани Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​