Нийгэм / 2019/09/19 / 2

Үлгэрлэхдээ “өвсөөр” лав биш



Сүүлийн жилүүдэд хошин урлагийн стэнд ап төрлийг олон нийт сонирхож, залуус бүр шимтэх болсон. Тиймдээ энэ төрлийн уран бүтээлчдэд орон зай бий болж, олны анхаарлыг татах болсон биз. Гэтэл “Comedy lab” клуб байгуулж, захирал Д.Амартүвшин цахим орчинд залуусыг буруу зүйлд уриалж байна уу гэхээр пост оруулсан нь бусдын эгдүүцлийг төрүүлж байна.

Тэрбээр “Энэ өвсийг зөвшөөрчөөчээ” гэсэн постыг байршуулжээ. Саяхан хошин уралгийнхан “Галзуу хот” шоу тоглолтынхоо сурталчилгааг хийхдээ гудамжинд хог хаяж, ТҮК-ийн ажилтныг зодож байгаагаар цахим орчинд оруулсан. Энэ нь хэдий сурталчилгаа басайн ч хүмүүсийн  байр суурийг хувааж л байсан.

Гэтэл урлагаар өөрийгөө дамжуулан, залууст үлгэр дууриалал болохуйц хэмжээнд хүрсэн Д.Амартүвшингийн пост манай улсад аюулын харанга дэлдэж буй мансууралх бодистой холбоотой байсан нь хууль эрхзүйн хувьд ч зөвд тооцогдохгүй ээ.

Түүний хувьд “Бид оюун санааны эрх чөлөөгөө хамгаалах цаг аль хэдийн болсон” гэж ярих дуртай. Түүнчлэн “Би бодит байдал дээр ч ялгаагүй “саркастик” хүн. Амьдрал болон тайзан дээрх Амараа яг л адилхан. Тиймээс ч хиймэл дүр бүтээдэггүй учир зарим хүмүүс надад сайн ханддаг байх” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэгэхээр Д.Амартүвшин өвс сордог гэж ойлгох уу эсвэл ямар нэг урлагийн сурталчилгаа гэж ойлгох уу.

Д.Амартүвшин Австрийн эдийн засгийн онолын сургуулийг болон чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг эх орондоо сурталчлах зорилготой “Мизес Монгол” ТББ-тай. Мөн академик, хувь хүний эрх чөлөөнд чиглэсэн номууд гаргасан тухайгаа ч ярьдаг. Тэр “Чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөг дэмждэг хүмүүсийн томоохон арга хэмжээ манайд байдаггүй хэмээн шүүмжилдэг. Бид эдийн засгийн эрх чөлөөний индексээр 160 орноос 125-д жагсаж байна. Ийнхүү “Ихэнхдээ эдийн засгийн эрх чөлөөгүй” гэсэн ангилалд багтчихлаа. Тиймээс бид дуугарч, нэгдэн нийгэмд эрх чөлөө хэр чухлыг ойлгуулах цаг аль хэдийн ирсэн. Ийм учир хэн нэгэн манлайлан хийх хэрэгтэй байсан, харин энэ манлайлагч нь манай байгууллага болсонд бид баяртай байгаа” гэж ярьсан нь ч саяхан.

Үүнийг хэрхэн ойлгох болж байна вэ. Тэр чөлөөт эрх чөлөөг хүсэгч байж болно. Манлайлагч байхыг хүсч болно. Энэ бол түүний хэлээд байгаа ардчилалтай холбоотой. Гэхдээ хуульт засаглалтай улсад хар тамхины төрлийг сурталчлан нэхэж байгаа нь зөвтгөх үйлдэл биш. Бас түүний адилтгаад байгаа барууны улс орнууд шиг монголчууд хэдэн арван саяр тоологдох олон хүн амтай ч бус.

Ердөө гурван сая гаруйхан хүнтэй. Өвчин болоод гэнэтийн осол, өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй үхэл өдөрт хэдэн мянгаараа тоологдож байгаа. Харин хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу. Гэтэл архидалт газар авчихлаа, энэ бол түгшүүрийн харанга хэмээн томчууд, ахмадууд нь халаглаж байхад нөгөө талд хар тамхины төрлийг сурталчилж, зөвшөөрөхийг шаардах нь нийгмийн ухамсарын түвшинтэй харьцуулахад мөхөлд хүргэх гэсэн санаархал гэлтэй.  

Залуус гадаад улс орнуудад боловсрол эзэмшиж, тухайн нийгмээ үлгэрлэхийг хүсэх нь гарцаагүй. Гэвч манай өнөөдрийн нийгмийг Нидерланд, АНУ, Канадтай харьцуулах боломж хэр билээ.

Дөнгөж өчигдөрхөн ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хийсэн мэдээлэлд “2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болжээ. Нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насы залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна. Шуудан илгээмж ашиглан гадны орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа. 2018 оны 09 дүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна. 2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхэд байна. 2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8,7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.” гэх тоонуудыг дурдаж байна.

Энэ бол мансууруулах бодист донтогчдын тоо өдөр тутам нэмэгдэж байгаа хэлж байгаа хэрэг. Хэрэв хүүхэд залуус өвсөөр (каннабис, опиум, гашиш) дамжаад цаашилж синтетик гаралтай хар тамхинд (мөс, коккайн, героен, лсд) донтоод эхэлбэл манай оронд жинхэнэ утгаараа сүйрэл болно. Эргээд гарах муу үр дагавар нь зүйрлэшгүй их! Олон айл гаслам зовлонд унах болно. Тиймээс ирээдүйгээ, үр хүүхдээ бодож хар тамхины эсрэг ажиллагаа бүрийг дэмжиж хамт зогсох болно! Монголчууд айл бүрт нэг орифлэймчин, бөө, архичин байдаг гэж ирээд хошигнож, маазрахдаа мундаг. Тэгвэл хэзээ нэгэн цагт айл болгонд нэг хар тамхичин бий болжээ гэвэл энэ маазрал биш эмгэнэл. Эмгэнэлийг эртлэн дуудах эрх, бас хэрэг хэнд үгүй. Хүн олны танил байж болно. Гэхдээ тэрхүү талархалыг зөв ашиглахгүй Д.Амартүвшин мэт шиг бурууд уриалж байгаа нь ч бас эмгэнэл. Урлагийн эрүүл ухаантай, ухамсар сайтай ямар ч хүн түүний оронд постоо устгаж, уучлал гуйх байсан биз.



  • zugeer l marzagnaad ybuul yasiin · [139.5.216.202] · 2019/09/24

    jjjj


  • зочин · [66.181.169.116] · 2019/09/20

    монголын телевизүүдээр хүн үзэх юм үнэндээ алга. битүү хэрүүл хулгай баривчилгаа ярьсан хүмүүс. эсвэл өөрсдийгөө рекламдаж худлаа цэцэрхсэн амьтад. хүүхэд залуучуудад юу үзүүлээд байдаг юм бэ. наад зах нь мэдээллийн хэрэгсэллээр хааяа ч гэсэн гэгээлэг юм гаргаж байгаач. тэд нар чинь одоо хэнд юунд итгэхэ мэдэхээ байлаа чиглүүлэх оюун санааны лидер хэрэгтэй байна