Улстөр / 2019/09/23 / 3

Ядуурал гэх тэсрэх бөмбөгөн дээр амарлингуй суух гутамшиг



Монгол Улсын ядуурлын нөхцөл байдлыг албан ёсоор танилцуулсны дараа нийгэмд мэтгэлцээн өрнөөд, наадмын айраг цагаатай нийлээд намжлаа. Гэвч насанд хүрэгч монголчуудын тал хувь нь ажилгүй, ядуу байгаа судалгаа гарлаа. Энэ талаар судлаач-профессор Д.Баярхүүг “Mongolian Economy” сэтгүүлийн редакцад урьж ярилцлаа.
 
Монгол Улсын ядуурлын нөхцөл байдлыг албан ёсоор танилцуулсны дараа нийгэмд мэтгэлцээн өрнөөд, наадмын айраг цагаатай нийлээд намжлаа. Гэвч насанд хүрэгч монголчуудын тал хувь нь ажилгүй, ядуу байгаа судалгаа гарлаа. Энэ талаар судлаач-профессор Д.Баярхүүг “Mongolian Economy” сэтгүүлийн редакцад урьж ярилцлаа.
 
- Насанд хүрсэн хүмүүсийн тал хувь нь ийм нөхцөл байдалтай байгаа нь нийгэм өөрөө эрүүл байж чадах уу гэдгээс эхэлье.
 
Юун эрүүл нийгэм бэ? Улс орны ч, ард түмний ч нэр сүрэнд тун муухай үзэгдэл. Монгол хүний нэрэнд бүр ч муухай. Ядууралтайгаа хав зууралдаад байх аваас нийгмийн тогтвортой байдал дотроосоо өмхөрнө, үндэсний аюулгүй байдал шууд хэврэгшинэ. Эрүүл саруул нийгэм гэх ойлголт алсрана. 
 
- Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 – судалгаа” гэдгийг олж үзсэн учраас энэ асуудлыг Та бид хөндөж байна. Энэ илтгэлийн анхаарал татах тэр онцлог хэсгээс нэрлэнэ үү?
 
Манай эх орон 30 жилийн турш ядууралд хав баригдсаныг л улс төржүүлэлгүй, эдийн засгийн аргачлалаар тоон үзүүлэлтээр гаргажээ гэж ойлгосон. Хэвлэлд гарсан мэдээг нь би ярьж байна. Монголд  904 000 иргэн ядуу гэх  ангилалд байгаа юм билээ.  2016 онд  нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол  2018 онд 28.4 хувь буюу  904 мянган хүн  болж, тоо нь тун ялимгүй буусан гэж байна. Миний онцлох эшлэл бол энэ хэсэг дээр байна. Хоёр жилд нэг хувиар буурдаг ядуурал гэхлээр ерөөсөө ажил хийж өгдөггүй, хийх хүсэлгүйгээсээ ажилгүйдээд ядуураад байна хэмээн гадаадын захын энгийн иргэнд ойлголт төрөхөөр. Ийм олуулаа ажилд бэлтгэгдээгүй байж байна гэхийг дэлхий ойлгохгүй. Насанд хүрээ л бол амьдралын хариуцлага гээч юм гадаад ертөнцөд байдаг бол манайд үхэн үхтэл нь амьдралын төлөөх хариуцлага байдаггүйг энэ ганц хувь хэлээд өгчихлөө гэж бодож байна. 
 
- Одоо үед баялаг бүтээсэн, мөнгөтэй хүмүүсээ үзэн ядах сэтгэлгээ газар авлаа. Харин ч эсрэгээр нь тэдний хөдөлмөрийг шүтэж биширч байж явах ёстой юм болов уу?
 
Энэ асуудлыг би “Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь” гээд хөндөж байсан даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн 2017 oны нэгэн судалгааг эшлэсэн. 2019 онд нэг их дээрдсэн гэж одоо бодохгүй байна. Юу гэхлээр монголчуудын 78 хувь нь бухимдалтай явдаг дүн. Энэ бол бага биш тоо. Хүн амын дийлэнхи нь. Хэрэв 3 сая хүн амдаа хуваагаад үзвэл лав хоёр саяас элбэг давна. Тэдний 60 хувь нь тайван замаар тэмцэж, төр засагтаа үгээ хэлж бухимдлынхаа шалтгааныг засуулна гэсэн итгэлтэй бол 10 хувь нь маш ноцтой, бүр түгшмээр хариулт өгч байжээ. Ердөө л галдан шатаана, баячуудын хаусуудыг үнсэн товрого болгоно гэсэн байх юм. Тэр 10 хувийг нөгөө 78 хувьдаа тооцоод үзвэл лав 200 мянгаас давсан хэт даврагчид цагийг анан хорслоо тайлах тэмцэлд босоход бэлэн зэхээстэй явдаг хэмээн би бичиж байсныг миний вэбээс эргээд нэг уншаарай. Баячуудын бүтээсэн босгосныг шүтэж, үлгэр дууриал авч, хөдөлмөрийн хүмүүжилдээ хэрэглэнэ хэмээн сэрүүн зүүдлээд яахав. Бүтээсэн цуглуулсныг нь шударга ёс нэрийн дор улс төржүүлж байгаад дээрэмдэж хурааж аваад ядууст тараан өнгөх популизм явж байгаа цагт баячууд үлгэр дууриал болох нь бүү хэл амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог гашуун жишээг Венесуэл илтгэн харуулсан бус уу? Монголд тийм цаг үе ирэхгүй гэх баталгаа байхгүй байна. 
 
 
- Ядуу амьдарна гэдэг өөрөө ичгүүртэй зүйл бус уу?
 
Шившигтэйгээр барах уу даа. Ер нь яагаад ядуурчихсан, хэн ядууруулчихсан, хэн дээрэмдчихсэн гээд тодорхой асуулт тавиад үзээрэй. Үнэн зөв хариултыг монгол хүний амнаас олж сонсохгүй дээ. Монголчуудын олонхи нь хорвоогийн тоосыг хов хоосон хөдөлгөж яваагаас болоод улс маань нэг л сэхдэггүй, өөдөлдөггүй, дэлхийн өрсөлдөөнд бүү хэл гадаад ямар ч улсад, бүс нутагт эдийн засгийн нэр хүндтэй байраа эзэлж чадахгүй будилж яваа нь худал биш. Эдийн засаг нойл, хүн ард нь ядуугаараа байгаад байвал нэр хүнд дагалдаад нойл гэдгийг бид, улс төрчид, монголчууд бултаараа яагаад ойлгохгүй байна вэ? Ядуу доройг хүн ойлгоно, хайрлана, хүндлэнэ гэсэн тэнэг гэнэн ойлголтоосоо бид хэзээ салдаг юм бол, бүү мэд?Бид үргэлж зарц гуйлгачин шиг явж яавч болохгүй тийм цаг үе шүү дээ. Бид дэндүү цөөхүүлээ. Хэрсүү, ажилсаг, хөдөлмөрч ард түмэн болж төлөвшихгүй бол оройтлоо. Монгол хүн өөрөө чанга нягт бай гэж би амаа цангатал ярьдаг, үзгээ мохтол бичдэг.
 
- Нийгмийн халамж хавтгайрсан. Энэ нь ядуурал ажилгүйдлийг бий болгож байна. Та үүнтэй санал нийлэх үү?
 
Зуун хувь санал нийлнэ. Бид бол нийгмийн халамжийн бодлогоороо Азидаа эхний 6 дугаарт бичигдсэн хэт зүүний халамжийн бүгд найрамдах улс шүү дээ. Асрамжийн улс гэсэн ч болно. Гадаад орнуудад болбүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй байхад нь төрөөс халамж-acpaмжийн бодлого зориудаар хэрэгжүүлэхгүй, халамжийн бодлогыг онцгой тусгай шаардлагаар, эрүүл мэндийн аргагүй байдал, эсвэл гавьяаны амралт гэх мэтэд нь жинтэйхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг ажилласан бүтээсэн, бүтээгээгүй, хөдөлмөрлөсөн хөдөлмөрлөөгүй ялгаагүй бүгд хүртэх давуу талтай. Гэм нь бэлэнчлэх сэтгэлгээ нийгэмд нь гүн суусан. Монголын захын иргэн төр засаг биднийг тэжээх ёстой гэсэн сэтгэлгээтэй. Халамжийн бодлого тийм сэтгэхүйг нь хөөргөдөж өгдөг. Одоо манай улсад 72 төрлийн халамж хэрэгждэг. Түүнд жилдээ 700 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гээд албан ёсны нэг эх сурвалжид биччихсэн байна билээ. Гуравхан сая хүнд ийм их халамж үзүүлдэг нь нэг бол хэт энэрэнгүйнх, нэг бол мөнгөө барж ядсан асар их баялагтай улс, нэг бол цагаандаа гарсан популизм, нэг бол ард түмэн нь туйлын арчаагүй, өөрийгөө яваад явах чадваргүй – нэг үгэндээ туйлын сул үндэстэн. Өөрөөр нэмж нэрлэх аргумент надад алга.
 
- Ядуурлаас сэтгэхүйн ямар хувьсал хийж гарах вэ?
 
Сэтгэхүйн хувьсгал гэдэгтэй санал нэг байна. Магтаал сайшаал, халамжинд дасч пээдийсэн эмнэг хангал гурван сая хүн ардтай улс шүү дээ. Магтаал сайшаал, халамжаас нь салгадаг бол одоо л салгадаг цаг санж. Энэ их халамжийн бодлогоо эргэн харах шаардлагатай хэмээн ОУВС, олон улсын санхүүгийн, хандивлагч институц, түнш улс орнууд амаа цангатал хэлдэг байх. Монголын төр нь элдэв төрлийн халамжаар угжсаар байгаад ажил хийх сонирхолгүй, гиюүрсэн, хувиа хичээсэн, архинд толгойгоо мэдүүлсэн, бүтээмжгүй бүхэл бүтэн анги давхаргыг бэлтгэчихсэн. Бүр үр удмаар нь төлөвшүүлчихсэн. Ажилгүй гиюүрсэн иргэдийн ихэнхи нь ид тэгширч яваа хөдөлмөрийн насны залуучууд байгаа нь маш том гамшиг. Манайулсын өрсөлдөх чадварыг сулруулдаг хүчин зүйлийг л яриад байна л даа. Энэ эрчээрээ яваад байвал манай улс дэлхийн эдийн засгуудын бөгсөнд эдийн засгаа аваачиж үнэлүүлээд сүүл мушгигчдын тоонд Монгол маань зоолттой байсаар байх болно. Ийм учраас ядуурал ба ядуурлыг тэтгэгч нийгмийн халамж, улс төрийн бодлогоос шууд татгалзах хэрэгтэй.
 
 
- Эдийн засгийн ерөнхий дүр зураг тун баргар байгаас болоод ядуурал нөхцөлдөж байгаа бус уу?
 
Яг үнэн. Эдийн засаг тун тааруухан. Хоёр гуравхан түүхий эдийн ханш даган Монголын эдийн засаг бүхэлдээ савлаж байдаг, Хятадын ДНБ-ий өсөлт хэр байх хувь процентоор экспортын маань их бага хэлбэлздэг. 2018 онд нийт экспортынхоо 92.8 хувийг Хятад руу гаргасан. Тэр нь тэр чигтээ уул уурхайн салбарын олборлосон түүхий эд. Нэгэнтээ ухаад гаргаж ирээд ачаад урд хил рүү зөөчихнө, цаанаас нь тосч аваад төлбөр хийчихнэ. Уг нь тун хялбар наймаа. Нэг зуун жилийн өмнө бол болоод байх л наймаа. XXI зуунд хаашаа ч юм, тэгээд бас тэр наймаанаас ард түмэнд нялзах нь тун өчүүхэн. Нийгмийн халамжийн нөхвөр мөнгөнд ихэнхи нь явчихна. Ийм хамаарал нь залхуурал ба бэлэнчлэлийг монголчуудад суулгаад өгчихсөн. Урд хөршийн эдийн засгаас хамааралтай, түүндээ огтоос санаа зовдоггүй, өнөө хэр нь улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахгүй, тэр нь уриа, хурлын сэдэв болчихсон. Бас нэг дарамт байна. Тэр нь гуравхан сая хүн амдаа ахдахаар дэндүү том данхгар Засгийн газрын ба засаг захиргааны бүтэцтэй. Хэрэглэдэг зардал ньхэт өндөр, тэгсэн хэрнээ үр ашиггүй, нуль гарлага. Монгол Улсын Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт хоёр тогтмол өссөн ч хангалттай үр дүн үзүүлээгүй. Төрийн албан хаагч нь 200 мянга хүрч яваа. Тэд нь төсвийн мөнгө юүлэгчид, ихэнхи нь гуйлгачнаас арай дээгүүр, тиймээс авилгадна гэдгийг үзүүлж өгнө гэх мэт ярьвал барагдахгүй сэдэв байна даа.
 
- Хүн мөнгөтэй болох, ажил хийдэг сэтгэхүйтэй болгохыг тулд хэрхэх вэ?
 
Ядуурлыг бууруулах гол арга нь 904 000 иргэнээ цалинтай орлоготой болгох гэсгээд улс төрчид ба миний үзэл бодлын зам салдаг. Төр засаг, улс төрч нь тэр “904 мянга”-даа гүн итгэж ямагт хайрлах, бас ажилгүй ядуу байгаагийн бурууг улс төр рүү тохдог бол би өөрсөд рүү тохдог. Ажиллаж амьдарч болоод байгаа цаана нь 2 сая хүн байхад тэр 2 саяасаа юугаараа дордчихоод, хэн юуг нь булааж дээрэмдчихээд, ямар эрхтэн нь дутуу төрчихөөд ядуурчихсан юм бэ? Ид тэгширсэн насны 30-39 насны залуус яагаад арчаагүйтсэн юм бэ? “Цалинтай орлоготой болгох” гэдгээ улс төрчид яаж хэрхэн гэдгээр тайлбарлаж хэзээ ч чаддаггүй. Ерөөл магтаал уриалга голлоод ятгаад нэмэргүйг 30 жилийн гашуун түүх харуулсан. Цаашаа шал өөр шийдэл хүлээж байна. 
 
- Ямар шийдэл?
 
Эхийн хэвлийд байхаасаа ажил хөдөлмөрт бэлтгэгдэх гээд тэнгэрийн юм яриад нэмэргүй. Хүн төрлөө, эцэг эх нь гардаж авлаа, өсгөлөө, ажлын байранд, амьдралын нугачаанд монгол хөвгүүд охидыг бэлтгэх ажил нойл заачихснаас дээрхи “904 мянга” буй болчихсон юм. Би энд дээд боловсролын тухай яриагүй байна. Сэхээтэн болохоосоо өмнө хүн болох ёстой. Мэрэгжилтэн болохоосоо өмнө хүн болж зөв төлөвших ёстой. 
 
- Та цааш нь тодруулаач?
 
Нууж хаалгүй шууд хэлье. Нэг л мэргэн гарц үлдсэн. Монгол хүн уриалга, уран сайхнаар ажил хийхгүй гэдэг нь харагдлаа. Нам дагаж уярч хайлдаг цаг нь ч өнгөрсөн. Монголчууд бол тэр чигтээ асар их хэрэглээ, бүтээдэггүй хэрэглээ болж төлөвшсөн байна. Үүнийг эвдэх гарцыг би хэлж байна. Социализмын үед “Хүүхэдгүйн татвар” гэж нэгэн төрлийн татвар байсан шиг насанд хүрсэн, эрүүл саруул бүх иргэндээ татвар шимтгэлийн тусгай хатуу хууль үйлчлүүлэх хэрэгтэй. Татвараа төлөхийн тулд ажил хийхгүй бол болохгүй гэсэн гарцаагүй байдал руу иргэдээ шахаж оруулна. Ажил эрхэлсэн ч, эрхлээгүй ч төрдөө татвар төлж байг. Эсвэл ажил хийхгүй байгаагийн албан татвар гэж ногдуулж болно. Нэг үгээр бол мөнгө олох гэсэн хүмүүний шударга шунал, хуулийн дарангуйллыг хослуулах тухай юм. Мөнгө олог, мөнгөтэй болог, гэхдээ хуулийн дагуу. Ерөөсөө хүн төрөлхтөний түүхийг ажваас хүнийг ажиллуулдаг хоёрхон хүчин зүйл байж иржээ. Нэг нь хүний шунал, нөгөөх нь айдас. Тэр хоёрыг холбох тухайд би ярьж байна шүү дээ. Ажил хийхгүй, бүр юу ч хийхгүйгээр амьдраад сурчихсан, амьдруулаад сургачихсан энэ монгол ахуй, нүүдлийн гэх иргэншлийн тогтолцоог хуулийн ба зөв шуналын хүчээр нэн даруй халах тухайд л ярьж байна. Эхлээд хуулиар шах. Шахалтад ороод ажил хийнэ, хийж эхэлбэл мөнгийг нь сайн өг гэсэн үг шүү дээ. “Ажил хийвэл ам тосдоно” гэдгийг л хуульчлах хэрэгтэй. 
 
 
- Та хаанаас ийм туршлага олж мэдсэн хэрэг вэ? Зоригтой яриад байх чинь?
 
Зүүн Азийн хөгжлийн туршлага гэгчийн гол амин сүнс юу юм бэ, Та нар мэдэх үү? Анхлан дайны дараахи Японд туршаад дараа нь “Бар улс”-ууд авч хэрэглээд, Хятад туршчихаад өнөө хүргэсэн туршлага юм л даа. Нэг үгээр ард иргэдээ албадаж ажиллуулах, албадаж мөнгөжүүлэх, залхуу хойрго, салан задгай, хойш суугчдыг нийгмээс хүчээр шахаж зайлуулах, түүндээ хүчирхийллийн машин ашиглах туршлага шүү дээ. Ядуурлын эсрэг хайр найргүй тэмцэл өрнүүлнэ гэсэн үг. Айдсаар хүн ардаа буланд шахна гэсэн үг. Ажилгүй, залхуу, мөнгөгүй байх нь нийгэмдээ ялгаварлагдаж, гадуурхагдаж, тэр нь өөрт нь айдас аймшиг байх болно гэдгийг Зүүн Азийн туршлага хүн ардынхаа тархинд хэдэн үеэр нь суулгаад өгчихсөн. Энэ талаар монголчууд огт сэтгээгүй яваа, сэтгэх ч үгүй. Би үүнийг л ярьж байна.
 
- Ер нь хүний сэтгэхүй гэж ямар хүчтэй зүйл байдаг вэ?
 
Хүн чинь адгууснаас юугаараа ялгаатай вэ? Сэтгэдэг боддог, хөгждөгтөө байдаг юм. Адгуустай юугаараа адилхан бэ? Иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг, унтдагтаа байдаг юм. Тэгвэл өнгөрсөн 30 жилд адгууснаас ялгарах чанараа бага хөгжүүлээд, адгуустай ижилсэх чанараа түлхүү эрх чөлөөтэй хөгжүүлсэн, эдэлж хэрэглэж үрснээрээ бол монголчууд дэлхийд товойж харагдах хэмжээнд хүрсэн. Та бид 30 жилийн турш асар их боломжин дээр зайдлан суулаа. Гэм нь 30 жилийн алтан сайхан тэр цаг үеэ үр дүнгүй өнгөрөөлөө. Одоо ч өнгөрөөж байна. Зах дэлгүүр, лангуу, чингэлэг олныг нээж, хэдэн зуун мянгуулаа зах тойрч аж төрснөөс өөрөөр бид юу бүтээв дээ? Эргэцүүлээд боддоо?
 
- Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
 
Эх сурвалж: Baabar.mn


  • Зочин · [202.9.44.138] · 2019/09/26

    Үнэн ярьж байнаа.Засгийн хэт халамжаар улс хөгжихгүйээ.Цалин,орлого бага гээд голох шаардлагүй,юм хийж хөдлөж л байвал цаашдаа өөрт болоод бусдад хэрэгтэй гэдгийг үр хүүхэд,залуустаа байнга хэлж шаардаж байх хэрэгтэй.


  • Нямган · [202.131.233.251] · 2019/09/24

    Архичдыг хүчээр эмчилдэг, албадан хөдөлмөр хийлгэдэг цаг саяхан хүртэл байлаа шүү дээ. Хороо хариуцсан сэргийлэгч / одоогийнхоор бол цагдаа/ хороонд нь хэн ажил хийж байна гэдгийг нарийн судалдаг, ажил хийдгүйг нь албадан хөдөлмөрт татан оруулдаг, архи уусан, эрүүлжүүлэгдсэнийг нь 301-д 7-14 хоногоор баривчилж ажил хийлгэдэг байлаа. Тэр үед ер нь ажилгүй, ядуу хүн байгаагүй юм шүү дээ. Харин орон сууцны хороолол дунд байх хогийн савыг хаяа ухадаг хэдэн хөгшин хятад байдаг байсан л юм. Орон сууцны хороолол нь хотын төвийн хэдэн байшин л байсан даа. Бүгд л эрвийх дэрвийхээрээ ажил хийдэг, хийх ажил байна уу гээд хайж явдаг байсан шүү дээ. Өнөөгийн энэ бэлэнчлэх бодолтой, зөвхөн биеийн амрыг харсан иргэдтэй болчихсон нийгмээ хархааар 60-80-аад оныг өөрийн эрхгүй санагалзах юм. Төр төмөр нүүртэй байх хэрэгтэй. Тэрнээс биш та нар байж бай. Та нарыг бар улс болгоно гэ жамлаад нэмэргүй, явцгүй болох нь сүүлийн 30 шахам жилийн гашуун үнэнээс харагдаж байна.


  • Гэрэл · [202.131.245.154] · 2019/09/23

    Маш зүйтэй санал байна. Хүчээр ажил хийлгэх хэрэгтэй Одоо хороолол бүрд бөбө нэртэй архичаар дүүрч байна Дандаа ид насны сайхан залуучууд. Улсаас орон сууцны орчныг нь сайхан тохижуулаад хүүхэд өндөр настанг амраах тоглуулахаар тоглоом сүүдрэвч сандал тавиад өгөнгүүд нөгөө бөөбө нар нь эзлээд юун хүүхэд ойртох тоглох ямарч боломжүй болгоод бузарлаад эзлээд хэвтэж байна.Эднийг яаралтай арга хэмжээ авч хүчээр эмчлүүлж хүчээр ажил хийлгэвэл ар гэрийнхэнд нь хэрэгтэй дээ.