Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Ариунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж эхэлжээ. Учир нь, 2016 оны сонгуулийн дараа дээрх албан тушаалд томилогдсон Д.Ариунбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын баланст бүртгэгдэх ёстой байсан долоон орон сууцыг өөрийн болгож авсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Нэг ч биш, бүүр долоогийн долоон орон сууц шүү дээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Орон сууцны санд бүрддэг 0.2 хувь буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг орон сууцыг Өмчийн харилцааны газрын зөвхөн нэг орлогч өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн бүртгэлд тооцоогүйгээр нийслэлийн хөрөнгөнөөс завшсан асуудал байгаа. Тэрхүү байруудыг буцаан авч, нийслэлд бүртгэн чөлөөлүүлж байгаа” гэжээ.
Шалгалтаар илрээд байгаа эхний жишээ нь л энэ. Үүнээс цааш нарийвчлан шалгавал юу ч гарах юм билээ. Ердөө гурван жилийн дотор нэг орлогч долоо наймаар нь орон сууц хувьдаа завшиж байхад, цагдаагийн хурандаа нэг байраа мартах энүүхэнд мэт. Хамгийн гол нь нийслэлийн нэг орлогч л албан тушаалаа урвуулан ашиглаж долоогийн долоон байр хувьдаа авч чадсан байхад гурван жилийн дотор бусад нь яасан бол гэх хар өөрийн эрхгүй төрнө. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ.