fbpx Ч.БАТСАНСАР: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ЦАХИМ ЗАСАГЛАЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
35 минут 17 секунд

Ч.БАТСАНСАР: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ЦАХИМ ЗАСАГЛАЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.
Шинэ он гараад удаагүй байгаа учраас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар 2018 онд ямар бодлого баримталж, ямар ажлууд хийх вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлэх үү? 
-Юуны өмнө энэ ярилцлагыг уншиж буй уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье. 2018 онд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого үргэлжлэн, уламжлан хэрэгжинэ. Энэ онд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг Үндэсний хөтөлбөрөө батлах, хууль эрх зүйн шинэчлэл хийх, сүлжээг өргөжүүлэх зэрэг ажилд бодитой үр дүнгүүд гарна.
Үндэсний хөтөлбөр болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ, Засгийн газраар батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хууль батлагдсаны дараа дагалдан гарах холбогдох журмуудыг батлуулахаар ажиллаж байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хөлс төлөх, судалгаа шинжилгээний ажил явуулах, бэлчээр ашиглах, газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг асуудлыг журамлахаар төслүүдийг боловсруулаад байна. 
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 25 хувьд хүргэнэ” гэх зорилт тусгагдсан. Энэ зорилтыг биелүүлэх хүрээнд 2020 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийг нийт 11 сая орчим га талбайгаар өргөжүүлэхээр төлөвлөөд байна. 2017 онд Тост, Тосон бумбын нуруу, Ноён уулын хилийн цэсийг тогтоож тусгай хамгаалалттай газрыг 0.44 хувиар нэмэгдүүллээ.
Түүнчлэн шинээр тусгай хамгаалалтад хамруулахаар есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 22 газрыг авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, ИТХ-ын тогтоол гаргуулан Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгээд байна.
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2017 оны байдлаар 102 байршилд 27,9 сая га талбайг хамарч, Монгол улсын газар нутгийн 17.85 хувийг эзлээд байна. 
Дээр дурдсан 22 газрын нийт талбайн хэмжээ 3.4 сая га бөгөөд ийм хэмжээний газрыг 2018 онд улсын тусгай хамгаалалтад авна гэсэн үг. Мөн бид 2018 оныг судалгаа, шинжилгээний жил болгон зарласан. Энэ хүрээнд одоо хамгаалж байгаа газар нутаг, бодит байдлаа тодорхой тогтоож, мониторинг хийн, хамгаалалт, менежментийг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.


-Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөр болон хуулийн шинэчилсэн найруулгын гол агуулга, үзэл санаа юу вэ? 
-Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлэх, экосистемийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлэх гэсэн зорилтууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.
Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэх хэрэгцээ, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага, хууль эрх зүйн баримт бичгүүд амьдралд нийцэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас төрийн бодлогыг шинэчилж, эрх зүйн шинэчлэл хийх шаардлага үүссэн.
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгааллын шалгарсан арга гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч, менежмэнтийн арга барилыг боловсронгуй болгож байна. 
Гэхдээ тусгай хамгаалалтад авна гээд хав дараад сууна, эсвэл төр дангаараа хамгаална гэсэн үг биш. Хүн, байгалийн харилцан шүтэлцээнд, олон талын хамтын ажиллагааны үр дүнд байгаль хамгаалах агуулгаар хууль, эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг ард иргэдээс тусгаарласан, төр дангаараа хамгаалах үүргийг хүлээсэн шинжтэй байгаа. Гэвч тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг төр өөрөө хариуцаад, санхүүгийн асуудлыг дангаараа хариуцаад явах боломжгүйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн.


-Өнөөдрийн хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, санхүүг төр хариуцаж байгаа. Төсөв, хөрөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ. Олон улсын төсөл, хөтөлбөрөөр багагүй дэмжлэг орж ирдэг байх аа? 
- Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын төсөв 2015 оноос хойш тогтмол хасагдсан үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2015 онд 6583.7 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2016 онд 6514.2, 2017 онд 6284.8 болж буурсан байна. Нийт төсвийн зардлын 87 хувь нь цалин, нийгмийн даатгалын болон бусад даатгал шимтгэл, бараа хангамж, бичиг хэргийн зардал болон бусад урсгал зардалд зарцуулагддаг. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлж, хамгаалалтын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд “2017 онд гадаад эх үүсвэрээс материаллаг баазыг нэг тэрбум хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлнэ” гэх зорилт тусгагдсан. Бид олон улсын төсөл, хөтөлбөртэй өнгөрсөн онд идэвхтэй хамтран ажилласан. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь”, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих”, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар нийт 4.5 тэрбум төгрөгийн ажлууд хийгдээд байна.
Тухайлбал, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төслийн хөрөнгө оруулалтаар 2017 оны байдлаар 3.85 тэрбум төгрөгийн машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл нийлүүлсэн. “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих” төслийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хөвсгөл аймгийн сумдад ариун цэврийн байгууламж барьсан.
Мөн “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ”, Дэлхийн байгаль хамгаалах сан, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв гэсэн байгууллагуудаас компьютер, тоног төхөөрөмж, байршил тогтоогч, мотоцикль, хамгаалах малгай, гар метр, гар тоологч, өдөр, шөнийн дуран, чанга яригч, гар чийдэн зэрэг хамгаалалтын захиргаадад нэн шаардлагатай олон тусламж, дэмжлэг үзүүлсэн. Олон улсын төслийн эдгээр хөрөнгө оруулалт тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалд үнэлж баршгүй дэмжлэг болдог. 2018 онд тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй урьдчилан судалгаа хийгдсэн 22 газрыг хамгаалалтад авснаар 53 байгаль хамгаалагч, 12 мэргэжилтэн, нэг хамгаалалтын захиргаа шинээр байгуулах шаардлагатай байгаа.
-Энэ 2018 онд болон ирэх жилүүдэд дээрх төслүүдийн санхүүжилт хэрхэн хийгдэх вэ
-Азийн хөгжлийн банкны 2017-2019 он хүртэл хэрэгжүүлэх төслүүдийн стратеги жагсаалтад гурван сая ам.долларын Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих “Зээлийн эргэлтийн сан” -гийн төслийг буцалтгүй тусламжаар 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болсон.
Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол улсын нийт тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, тодорхой тооны ажлын байрыг шинээр бий болгох зэрэг олон сайн үр дүн хүлээж байна. ХБНГУ-ын Сэргээн босголт хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн хоёрдугаар үе шат тусгай хамгаалалттай газар нутгийн баруун болон говийн бүсэд 2018 оны хоёрдугаар улирлаас эхлэн хэрэгжихээр болж, нийт 13.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтийг ХБНГУ-ын Засгийн газраас олгохоор болсон байсан.
Мөн үүн дээр нэмж зургаан сая еврог нийт төслийн хүрээнд нэмэлт санхүүжилтээр олгохоор болсон. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран санаачилж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах” туршилтын 50.000 ам.долларын санхүүжилттэй төслийг 2017 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар, Онон Балжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн дархан цаазат газар зэрэг тусгай хамгаалалттай газар нутгуудын орчны бүсэд амьдарч буй ард иргэдийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах зорилго бүхий “Зээлийн эргэлтийн сан”-гаар дамжуулан нийт 700 орчим сая төгрөгийн хөнгөлттөй зээлийг ард иргэдэд олгож байна.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмэнтийг сайжруулах ямар ажлууд хийгдэж байна вэ? 
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг гэрээгээр хариуцуулах хэлбэрийг тодорхойлох бодлогын баримт бичгийг “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулан гаргасан.
Энэхүү бодлогын баримт бичгийн зорилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, нэн ховор, ховор амьтан ургамал, байгалийн болон түүх соёлын өв бүхий газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээх, экосистемийн үйлчилгээ, үнэ цэнэ, иж бүрдлийг алдагдуулахгүй байх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах төрийн бодлогыг хувийн хэвшил гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах юм.
Үүний үр дүнд олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болох, эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, байнгын ажлын байртай болж, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэг гарц нээгдэнэ. Энэ чиглэлээр бодитой ажлууд ч эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Тост, Тосон бумбын нурууны хамгаалалт, талуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хамгаалалтын захиргааг байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд судалгаа шинжилгээний ажлыг “Ирвэс хамгаалах сан”-д хариуцуулахаар болсон.
2017 онд Хорго-Тэрхийн цагаан нуурын болон Заг байдрагийн голын ай сав, Ноён хангай, Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газруудын менежмент төлөвлөгөөг баталж, хэвлүүлээд байна. Говийн их дархан цаазат газрын Б хэсэг, Хар-Ус нуурын орчмын болон Булган гол-Их Онгог, Чигэртэй голын ай савын байгалийн цогцолборт газар, Хүйсийн найман нуурын дархан газрын менежмент төлөвлөгөөг талуудын оролцоотой боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгээд байна.
Мөн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Де Найче Консерванси, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газруудтай хамтран баруун бүсийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн албан хаагчдад менежмент төлөвлөгөө боловсруулах сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Цаашид менежмент төлөвлөгөө боловсруулах “Миради” программыг шинэчлэн, мониторинг хийх зэрэг арга зүйг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад анхаарах хүчин зүйлийг тусгахаар ажиллаж байна. Хамгаалалттай газруудын оновчтой менежмэнтийн хүрээнд 102 тусгай хамгаалалттай газрыг хамгаалж байгаа хамгаалалтын захиргаадын байршил хэр оновчтой байгааг судалж, хамгаалж буй газруудад нь ойртуулах ажлыг хийж эхлээд байна. Энэ судалгааны ажлыг зүүн, баруун бүсэд хийж байна, цаашид бусад газарт хийж, оновчтой менежмэнтийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Судалгаа, шинжилгээний чиглэлээр өнгөрсөн онд ямар ажлууд хийгдэв? 
-БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар энэ 2018 оныг “Судалгаа, шинжилгээний жил” болгон зарлаж байгаа юм. Судалгаа шинжилгээний жил болгон зарласантай холбогдуулан энэ жил Тусгай хамгаалалттай газрын сүлжээний хэмжээнд судалгаа шинжилгээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу явуулах, тухайн хариуцан хамгаалж буй газруудын ан амьтан, ургамал, байгалийн нөөцөө нарийн тодорхой тодорхойлж, зурагжуулах, атлас, ном товхимол хэвлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд анх тусгай хамгаалалтад авснаас хойш өнөөг хүртэл тухайн газрын биологийн төрөл зүйл хэдэн хувиар өссөн, нөөц даацын хэмжээг мэдэх боломжтой бөгөөд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой үе шаттайгаар тодорхойлох боломж бүрдэх юм.
Өнгөрсөн жил тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд 135 судалгаа шинжилгээний ажил хийсэн. Аргаль, хулан, ирвэс зэрэг олон амьтны тархац нутгуудыг судалсан. 
Тухайлбал, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнтэй хамтран Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэгт мазаалай баавгайн биологи, экологи, амьдрах орчин, генетикийн судалгааны ажлыг хийж, үр дүн, тайланг хүлээн авч боловсруулалтын ажил хийгдэж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ирвэс, аргалийн гол байршил нутгийг нарийвчилж, амьдрах орчныг тодорхойлох зорилгоор баруун бүсийн Мөнххайрхан байгалийн цогцолборт газар, Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газарт автомат камерын аргаар тархац нутгийг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлж, мэдээлэл цуглуулах ажлыг мөн хийсэн.
Аргаль хонины 2016 оны тооллогын дүнг нэгтгэсэн. Английн хавтгай тэмээ хамгаалах сан, Лондонгийн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгтэй хамтран Говийн их дархан цаазат газрын А хэсэгт нутагшиж буй хавтгай тэмээг тоолох ажил хийгдэж, судалгааны үр дүнд 500-550 гаруй тоо толгой байгааг тогтоосон. 
Мөн хавтгай тэмээний ДНК-д хийсэн судалгаагаар гэрийн тэмээнээс 3,5 хувийн ялгаатай дүгнэлт гарсан байна. Үүнээс үүдэж Хавтгай тэмээ хамгаалах хөтөлбөрийг боловсруулаад байна.Түүнчлэн шувууны томуугийн болон цагаан зээрийн шилжилт, хөдөлгөөн, тархацын судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байгаа зэрэг олон ажлыг дурдаж болно. Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд Тахь хамгаалах үндэсний дэд хөтөлбөр боловсруулж, сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. Мөн Мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг Мазаалай баавгайг хамгаалах төсөлтэй хамтран боловсруулж байна.
-Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр өнгөрсөн онд юу хийгдэв. 2018 онд юу хийхээр төлөвлөж байна вэ? 
- Гадаад орны тусгай хамгаалалттай газар, үндэсний парктай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хамгаалалтын менежмэнтэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд ихээхэн дэмжлэг болох нь ойлгомжтой.
Өнгөрсөн онд байгаль экологийн хувьд адил төстөй АНУ-ын Денали үндэсний парктай Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрыг эгч дүү паркийн харилцаатай болгосон. 
Энэ хүрээнд туулах чадвар сайтай найман мотоциклийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн. Мөн БНСУ-ын Үндэсний парктай Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрыг холбохоор саналын төвшинд хэлэлцэж байна. ХБНГУ-ын Хаарзын үндэсний парктай Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ-ыг хамтын ажиллагаатай болгох асуудал тус тус хэлэлцээрийн шатандаа явж байгааг хэлэхэд таатай байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Дагуурын дархан цаазат газрыг бүртгүүлэх ажлыг хийсэн нь бидний ажлын томоохон нэг үр дүн байлаа. 
Хил дамнасан харилцааг өргөжүүлж ОХУ-тай хамтран хил дамнасан тусгай хамгаалалтай газар байгуулах бэлтгэл ажлыг мөн амжилттай хийж байна. Энэ хүрээнд Онон Балж-Сохонд, Хөвсгөл-Тункен, Сийлхэм-Сальюгемийн хил дамнасан тусгай хамгаалалттай газруудыг байгуулахаар ярьж байгаа. Энэ чиглэлээр хоёр орны уулзалтууд хийгдэж, баримт бичиг нь Гадаад харилцааны яамаар гарын үсэг зурагдаад ОХУ-д илгээгдсэн.
ОХУ-ын тал зөвшөөрвөл хил дамнасан тусгай хамгаалалттай газруудыг шинээр байгуулах асуудал шийдэгдэнэ. Үүний зэрэгцээ Хил дамнасан газар нутгийн менежмент төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дууссан учраас 2018-2023 оны менежмент төлөвлөгөөг олон улсын байгаль хамгаалах төлөвлөгөөнд ашигладаг “OPEN STANDART” аргазүйг ашиглан боловсруулж, хоёр талын Холимог комиссын хурлаар батлуулахаар төлөвлөөд байна.
Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Увс нуурын хил дамнасан тусгай хамгаалалттай газрын Орос–Монголын холимог комиссын Монгол талын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлаад байна. Олон улсын гэрээ конвенцид орсон газар нутгийн чиглэлээр хоёр ажлыг онцлох хэрэгтэй. Нэг нь Ус намгархаг газрын Рамсарын мэдээллийн санд манай улсаас бүртгэлтэй 11 газар байдаг.Эдгээрээс таван газрынх нь мэдээллийн санг шинэчлэх саналыг загварын дагуу боловсруулж, бүртгүүлэх хүсэлтээ албан ёсоор Щвейцарь улсын Глант хотноо орших Рамсарын төв оффист хүргүүлсэн. 
Мөн ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын Мадридын 10 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн дагуу цөм бүс нутаг, шилжилтийн бүс нутаг, орчны бүс нутаг гэж гурав ангилан баталгаажуулах шаардлагатай болсон тул Монгол улсаас ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын нөөц газрын хөтөлбөрт бүртгэгдсэн зургаан газраас таван газрын дотоод бүсчлэлийг зөвлөмжийн дагуу шинэчлэн боловсруулж баталгаажуулан, ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсэд хүргүүлээ. 
-Олон улсын сайн туршлагыг хэрхэн яаж нэвтрүүлж байна вэ? 
-Олон улсын сайн туршлагын хамгийн бодитой жишээ бол СМАРТ буюу Spatial Monitoring and Reporting Tool программыг тусгай хамгаалалттай газруудад амжилттай хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Уг программ нь тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч хяналт шалгалт хийж, мэдээ цуглуулан, түүнийгээ програм ашиглан нэгтгэж, дүн шинжилгээ хийх, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох, тайлагнах цогц арга юм.
Олон улсын хэрэглээнд нэвтэрсэн цогц уг программ хангамжийг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хэрэглээнд 2016 оноос туршиж эхэлсэн. Программын хөгжүүлэлт, менежментийг сайжруулах зорилгоор БОАЖ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, Тосон Хулстай, Тост, Тосон бумбын нуруу болон Говийн Их дархан цаазат газрын Б хэсэгт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Смарт программын чухал ач холбогдол нь биологийн төрөл зүйлүүдээ мониторинг хийгээд гаргаад ирэх боломж бололцоо бүрддэг.Хоёрдугаарт, байгаль хамгаалагч ажлаа хийж байгаа, эсэхийг программ ашиглаад шалгаад байх боломж бололцоотой болж байгаа.
Алс хол байгаа тусгай хамгаалалттай газар нутгуудад GPS аваад явж байгаа байгаль хамгаалагч эргүүл, шалгалтаа маршрутын дагуу хийж байна уу, үгүй юу гэдэг нь программд бичигдэнэ гэсэн үг. Смарт программыг нэвтрүүлэх дэд бүтэц буюу шилэн кабель, интернэтэд холбож өгөх ажлыг хийж өгсөн. Өнөөдрийн байдлаар 27 тусгай хамгаалалттай газарт дэд бүтэц хийсэн нь томоохон бүтээн байгуулалтын ажил юм.
Цаашид Биосан болон Смарт програмуудыг нэгтгэснээр тусгай хамгаалалттай газар нутагт судалгааны ажил болон хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, байгаль хамгааллын үйл ажиллагаа шинэ түвшинд гарч байгаагаараа онцлог юм.Мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өнгө төрхийн нэгдсэн загвартай болохоор ажиллаж, уг төслийн хамгийн гол элемент болох бэлгэдлийг өнгөрсөн онд оюуны өмчид бүртгүүлсэн. ADB-ын санхүүжилтээр Францын компаниар тусгай хамгаалалттай газрын мэдээллийн төвийн дэлхийн жишигт нийцсэн зураг, төслийг хийлгэж байгаа зэрэг олон ажлыг дурдаж болно.
-Өнгөрсөн 2017 онд Тусгай хамгаалалттай газруудын аялал жуулчлалын маршрутын дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Өнгөрсөн оны бүтээн байгуулалтын талаар болон энэ чиглэлээр цаашид хийх ажлын талаар мэдээлэл өгнө үү? 
- Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн байгальд ээлтэй авто зогсоол, үйлчилгээний төвүүдийг байгуулах зорилт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа. Энэ зорилтын хүрээнд Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн аманд нийт гурван га газрыг сайдын тушаалаар хэсэгчлэн цуцлаж, газрын асуудлыг шийдвэрлэн, тус газар дээр 264 автомашины зогсоол, 60 дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, 2.05 км авто замын шинэчлэл, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг Нийслэлийн ИТХ-ын Авто замын шинэчлэлтийн ажлын төсвөөр хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан.
Мөн Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань Өндөр, Алаг-Эрдэнэ сумд, Хатгал тосгонд нийт 170.000 ам долларын санхүүжилтээр гурван төрлийн технологиор 50 байршилд ариун цэврийн байгууламж барьсан. Уг бүтээн байгуулалтыг “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих” төслийн хөрөнгө оруулалтаар хийсэн.
Мөн Горхи- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялагч, жуулчдад зориулсан нийтийн ариун цэврийн байгууламж барихаар Мэлхий хадны ойролцоо газрын асуудлыг шийдсэн. Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газарт Элсэн тасархай чиглэлийн төв авто замын дагуу эко 00-той үйлчилгээний төв, түр амарч буудаллах цэг, тодорхой тооны авто машины зогсоол болон бусад шаардлагатай байгууламжуудыг багтаасан цогцолборыг ойрын хугацаанд барихаар төлөвлөж байна.
Цаашид аялал жуулчлал идэвхтэй явагддаг бүх тусгай хамгаалалттай газруудад зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын нэгдсэн цэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран Төрхурах, Зайсангийн ам, Маншуширийн хийд зэрэгт зогсоол, тэмдэг, тэмдэглэгээ, эко 00 барихаар төлөвлөж байна. Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутаг нь нийслэлчүүдийн гол зорчдог газар учраас хамгаалалт, менежмэнтэд онцгой анхаарах шаардлагатай байдаг.
-Тусгай хамгаалалттай газруудад бүх төрлийн аялал жуулчлалыг хүлээн зөвшөөрдөг үү? 
-Тусгай хамгаалалттай газарт зөв аялж, жуулчлах асуудлыг бид ярьж байх ёстой. Ер нь хамгаалалттай газарт ороод, гардаг аялал жуулчлалыг л зөвшөөрнө. Түүнээс бус тусгай хамгаалалттай газар дээр суурьшлын бүс бий болгохын эсрэг байдаг. Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын баазуудын шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Тухайн компаниудыг бүртгэлжүүлж, регистрийн дугаар өгөөд онлайнаар ил тод үйл ажиллагаагаа тайлагнаж, харилцаж байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 26-ны сахилга, хариуцлага, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх албан даалгаврын хүрээнд энэ ажил хийгдэж байгаа гэж ойлгож болно. Ер нь тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлага бий. Энэ хүрээнд тухайлбал, ирэх зургадугаар сарын 1-нээс хойш энгийн нүхэн жорлон ашиглахыг хориглох шийдвэр гарсан. “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих” төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар, байгалийн цогцолборт газар, түүний орчны бүс нутагт ашиглах эко ариун цэврийн байгууламжийн гарын авлагыг хийж тараасан.
-Ил тод байдлыг сайжруулахаар багагүй ажил хийж, Та ч мэдээллээ дэлгэрэнгүй өгч байна. Ил тод байдал нь сахилга, хариуцлагатай байхын гол нөхцөл биз дээ? 
-Тусгай хамгаалалттай газар нутагт хамааралгүй, тэндээс үйлчилгээ авдаггүй, байгалийн сайханд нь аялж зугаалдаггүй нэг ч иргэн байдаггүй. Ийм ч учраас мэдээллийг ил тод байлгах нь чухал. Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах” албан даалгаврын хүрээнд цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлж, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж хэрэглэгчийг мэдээллээр хангах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай газрын Удирдлагын мэдээллийн нэгдсэн цахим оффисын программд цахим номын сан, албан хэрэг хөтлөлтийн системийг холбон өргөжүүлэх ажлыг хийж байна.
Цахим номын сантай болсноор олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс гарсан зөвлөх үйлчилгээний зөвлөмж, судалгаа шинжилгээний тайлан, ном товхимол болон холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэр, дүрэм журам, заавар зэргийг файл хэлбэрээр иргэд, олон нийт татаж авах боломж бүрдэх юм.
Архив, албан хэрэг хөтлөлт, цахим номын сан зэргийг энэ оны эхний улиралд холбохоор ажиллаж байна. Мөн Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд мэдээллийг түргэн шуурхай солилцох үүднээс mpa.gov.mn цахим оффис ашиглалтад оруулсан. Энэхүү цахим оффисоор албан тоот явуулах, авах, шуурхай үүрэг даалгавар өгөх, цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг өгөх, хурал хийх, санал авах зэргээр ажиллаж байна.
Өнгөрсөн оны эхний хагаст хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хангаж, мэдээллийн сан үүсгэх, тайлан төлөвлөгөөг хүлээж авах зэргээр системийн шинэчлэл хийсэн. Одоогоор мэдээллийн сангийн мэдээллийг оруулах ажлыг хийж байна.Мөн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт зориулсан мэргэшлийн сорилын шалгалтыг онлайн хэлбэрээр авах системийг хийлээ.
Энэхүү шалгалтын систем нь Байгаль орчны багц хууль, биологийн олон янз байдлын ажиглалт, судалгааны арга зүй зэрэг 1000 сорилын тесттэй программ ба санамсаргүй байдлаар сонгогдсон 20 тестээр шалгалт авах тул цаг хугацаа, хүн хүч ихээр шаардсан, гар ажиллагаа ихтэй уламжлалт байдлыг халж байгаа юм. Цаашид цахим шалгалтын системийг нэвтрүүлснээр орон зайгаас үл хамааран онлайнаар шалгалт авах процессыг автоматжуулж, үр дүнг шууд интернетээр мэдээлэх, шалгалтын дүнд боловсруулалт хийж дараагийн шалгалтын төлөвлөгөөг гаргах боломжтой болж хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын ур чадвар сайжирч мэргэших боломж бүрдэж байна.
Эхний ээлжид баруун бүс болон төв, зүүн бүсийн хамгаалалтын захиргаадыг энэхүү шалгалтад хамруулж, үр дүнг боловсруулаад байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн портал сайт mpa.gov.mn болон 33 хамгаалалтын захиргаадын портал сайтыг шинэчлэх ажил хийгдсэн. Энэ бүхний үр дүнд тусгай хамгаалалттай газарт цахим засаглалыг нэвтрүүллээ гэж хэлж болно.
Ил тод байдал, хариуцлагыг сайжруулахаар хийж буй дараагийн нэг ажил бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын шинэчилсэн бүртгэлийг хийж, холбогдох цаасан материалыг сканердан тоон архив үүсгэж, зурган мэдээлийн сантай холбох ажлынг зохион байгуулан ажиллаж байна.
-Орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд ямар нэг хэлбэрээр иймэрхүү бүртгэл, мэдээлэлд хамрагддаг уу? 
-Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг нь улсын Тусгай хамгаалалттай газрын сүлжээний нэг бүрэлдэхүүн хэсэг хэдий ч нэгдсэн мэдээлэлгүй, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг баримталдаггүй зэрэг зөрчил давтагддаг байсан. 2015 оноос “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн дэмжлэгтэйгээр Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран мэдээллийн сан үүсгэсэн.
Уг мэдээллийн сангаас үзвэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 21 аймгийн 23.43 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 15.0 хувьд нийт 1325 газрыг орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр тусгай хамгаалалтад авсан байна.
Зарим аймаг, сумын ИТХ-ын тогтоол, шийдвэр нь хуульд заасан шаардлагын дагуу гарахгүй байгаагаас эрх зүйн зөрчил бүхий 1017 орон нутгийн тусгай хамгаалалттай газар байна. 
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хилийн заагтай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай буюу газар зүйн зөрчилтэй 641 орон нутгийн тусгай хамгаалалттай газар бүртгэгдээд байна. Энэхүү мэдээллийн санг тогтвортой үргэлжлүүлэн авч явах үүрэг бүхий БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Газрын харилцаа, геодизи зураг зүйн газар хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан.
-Тусгай хамгаалалттай газруудад ажилладаг албан хаагчид, байгаль хамгаалагчдаа чадавхжуулах, идэвхжүүлэх чиглэлээр юу хийдэг вэ? 
-2017 оны байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд нийт 650 гаруй албан хаагч, байгаль хамгаалагчид ажиллаж байна. Эднийгээ чадавхжуулах, идэвхжүүлэх сургалт, аяллыг тогтмол зохион байгуулж ирсэн. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газар ашиглалт, аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтнүүдэд гар GPS дээр хэрхэн ажиллах, хэмжсэн хэмжилтийн өгөгдлөө хэрхэн программ дээр боловсруулах, боловсруулсан өгөгдөл цэг, маршрутаа хэрхэн хэвлэлийн эх бэлтгэж, аяллын зураг гаргах зэрэг асуудлыг газар зүйн мэдээллийн системийн ArcGIS программ хангамж дээр зааж сургах гэх мэт нэлээд нарийн төвшний сургалтуудыг хийж, тодорхой үр дүнд хүрч байгаа. Гадаадын тусгай хамгаалалттай газар нутгууд, үндэсний паркуудад туршлага солилцох аяллыг мөн хийдэг.
-Ярилцлагын төгсгөлийг Танд үлдээе.
-Баярлалаа.Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд зүтгэж яваа үйлс зорилго нэгт журмын нөхдөдөө амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилтыг хүсэн ерөөе. Бид хамтран 2018 оныхоо зорилтуудыг биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголынхоо иргэн бүрийг байгаль хамгаалах үйлст хүчин зүтгэхийг уриалж байна. Эх болсон байгалийнхаа агаараар амьсгалдаггүй, усаар ундаалдаггүй, газар дээр гишгэдэггүй хүн байдаггүй учраас хүн бүр байгаль хамгаалагч байгаасай гэж боддог доо.
Танд баярлалаа. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Улаанбаатарт -15 хэмийн хүйтэн
Улаанбаатарт -15 хэмийн хүйтэн
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​