Л.Гүнбилэг: Агаарын бохирдлын википедиа номыг олон улсын судлаачид сайшааж байгаа


“Агаарын бохирдлын википедиа” ном бүтээх багийн ахлагч, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэгтэй номынх нь талаар ярилцлаа.

-“Агаарын бохирдлын википедиа” ном хийх болсон шалтгаан тань юу байв. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 3 жил ажиллаж байна. Энэ хугацаанд энэ салбарт  ажилладаг олон хүнтэй уулзаж, санал бодлоо солилцож, олон ч туршлага судаллаа. Эдгээр хүмүүс дотор гадны сургуульд агаарын бохирдлын чиглэлээр судалгаа хийдэг олон залуус байсан. Бидэнд мэдээллийн хүртээмжтэй бус  байдал гэдэг ижилхэн бэрхшээл байсан юм. Тиймээс агаарын бохирдлын тухай бүх судалгааг багтаасан нэг том мэдээллийн талбартай болох хэрэгтэйг ойлгосон нь ном бүтээх санаа байлаа. Бидний багад байсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гэдэг шиг агаарын бохирдлын судалгааг цогцоор нь хамарсан  номтой болохыг хүссэн юм л даа.  Агаарын бохирдлын асуудал бидний хамгийн том сорилт дагуулсан асуудал. Өнөөдрийн 3 настай миний хүүд агаарын бохирдлын хор уршиг 30 жилийн дараа ч илрэхгүй гэх баталгаа алга. Би шийдвэр гаргагч биш учраас хаана ямар байшинг барих эсвэл барихгүйг шийдэх мэдлийн хүн биш. Гэхдээ надад ном барих(бичих) мэдэл байгаа учраас би агаарын бохирдлыг бууруулахад үйлдлээ хандивлаж болох юм гэж бодсон. Ингээд бүх мэдээллийг нэг талбарт зангидсан хүртээмжтэй, нэгдсэн, том зургаар нь харвал түүхэн товчоо ч болохуйц бүтээлтэй болохоор шийдсэн.

-Танай номын нээлтийн хэлэлцүүлгийг Нобелын шагналтан, Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит нээж, үг хэлсэн нь ямар ач холбогдолтойг нь илтгэж байна гэж үзэж болох уу?

-Тиймээ бидний хэдэн судлаач залуус, ажлаа эхлүүлж, одоогоор Монголын талаас 3-уулаа байгаа бөгөөд доктор К.Смит номын маань олон улсын зөвлөхөөр ажиллах болсонд бидний зүгээс маш баяртай байгаа. Энэ хүн олон жил агаарын бохирдлын чиглэлээр, тэр дундаа эх хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах чиглэлд судалгаа хийдэг судлаач, эмч хүн юм.

-Танай номын нээлтэд үг хэлсэн Вашингтоны их сургуулийн профессор Жэй Турнир Улаанбаатарын агаарын бохирдол аргалын утаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлттэй судалгаа хүртэл байдаг гэж нэлээд шоолонгуй хэлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Профессор Жэй Турнир бол мөн л Монголд элэгтэй, Улаанбаатарын агаарын бохирдлын талаар маш сайн мэддэг хүн. Гэтэл Улаанбаатарын утааны бохирдол нь Монголчууд хоол хийж, гэрээ дулаацуулахдаа биомасс түлдгээс үүдэлтэй гэсэн дүгнэлт харахаар чинь шоконд орно биз дээ. Ийм харамсалтай ч юм шиг, инээдтэй юм шиг судалгаанууд ч хийгдэж байна. Бас нэг гадны судлаач, нэг судалгааг бидэнд хоёр зарсан байх ч магадлалтай асуудал байна. Энэ юуны балаг вэ? Энэ бид ямар цаастай вэ гэдгээ мэддэггүй, тэр нь хүртээмжтэй биш, хаа нэгтээ хэн нэгний новшин дотор хураалттай байдгийнх гэж бодож байна.

-Монголын талаас гурван судлаач залуу байгаа гэсэн. Багийнхныгаа танилцуулаач?

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд мөр зэрэгцэн ажилладаг Г.Гантуяа гэж доктор бүсгүй бий. Бас Анагаахын Их сургуульд тэнхимийн эрхлэгч Л.Дэлгэрзул гэж эмч бүсгүй манай багт ажиллаж байна. Бидний энэ ажил маш том ажил, цаг хугацаа ч их шаардсан. Энэ том ажлыг олны хүчээр хамтдаа босголцвол илүү хурдан байх болно. Тиймээс бид сая номынхоо нээлтийн хэлэлцүүлэгт агаарын бохирдлын чиглэлээр ажилладаг аль болох олон хүн урьж оролцуулсан. Бид хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, байгууллагыг урьж байгаа. Одоогоор профессор академич Ч.Бурмаажав, Ч.Лодойсамба, профессор Ш.Пүрэвсүрэн, доктор Б.Эрдэнэ нар хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

-Ер нь агаарын бохирдлын талаар Монголд хичнээн судалгаа хийсэн байдаг вэ?

-Хавраас ажлаа эхэлж байхад 70 орчим байна гэсэн тооцоотой байлаа, 8 сарын сүүлээр 150 болсон бол одоогоор 190 даваад явж байна даа. Мэдээж, эдгээр судалгаа бүгд сайн эсвэл хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Иймээс манай олон улсын зөвлөх Жэй Турнирын зөвлөснөөр бид хүлээн зөвшөөрөгдсөн судлаачийн хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнд тулгуурласан дүгнэлт, зөвлөмжийг давтамжаар нь ангилж хүргэх төлөвлөгөөтэй байгаа.

- Судалгаанууд мэдээж ерөнхийдөө агаарын бохирдол гэсэн сэдэв рүү чиглэсэн байгаа. Эдгээр судалгаануудыг дотор нь нарийвчлан багцлах байх тийм үү?

-Тиймээ, Агаарын бохирдол гэсэн том шүхэр сэдвийн доор хяналт мониторинг, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд,Бодлого төлөвлөлт, төсөв, хөрөнгө,байгаль орчин, уур амьсгалын, Инноваци, технологи, Олон  нийтийн мэдлэгийн менежмент гэсэн хэсгүүдэд ангилж, хүргэнэ. Ингэснээр бүх салбарыг хамарна гэж харж байгаа.

- Номынхоо ирээдүйг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эхний ээлжинд цуврал ном болон гаргана. Манай өөрийн судлаачдын гаргасан судалгаанууд зарим нь номын сан, архивт байгааг электрон хэлбэрт оруулна. Яг бүх судалгааг багтаасан вебсайт хөгжүүлж, уг сайтдаа  судалгаануудыг нэг талбарт, дээрх ангиллаар байршуулна. Ингэснээр судалгаануудыг дэлхийн аль ч өнцгөөс, хэн ч харж ашиглах боломж бүрдэнэ. Олон хүний цаг зав, мөнгө, үйлдлийг хэмнэсэн сайхан ажил болох учиртай.

-Энэ судалгаануудын зохиогчийн эрхийн асуудлыг яах бэ?

-Агаарын бохирдлын судалгаанууд ихэнхдээ Засгийн газрын нэр дээр гадны донорын мөнгөөр эсвэл улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн байдаг. Аливаа судалгааны ажил олон нийтийн хүртээл болж, амьдралд ашиглагдаж байж үр дүнгээ өгдөг гэж би боддог. Бид эдгээр бүтээлүүдийг олны хүртээл болгож, түгээмэл болгоход л зорьж ажиллаж байгаа. Гэхдээ мэдээж тодорхой хэсэг нь зохиогчийн эрхийн асуудал байгаа эдгээрийг хэвлэн нийтлэх нь хязгаарлагдсан бол зөвшөөрөл авах, эсвэл яаж олж болох линкийг холбож ажиллана.

Улс орон бүхэнд хөгжлийн явцад орчны бохирдлын асуудал тулгарч, иргэдийн оролцоо хүчээр, зөв бодлогыг дэмжиж ажилладаг. Бид замын үзүүрт зогсож байгаа энэ түүхэн цаг үед гэр хорооллын иргэдийг бэрхшээл биш харин боломж гэж харж, иргэд ч энэ талд дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллах нь чухал. Солонгос улс эдийн засгийн хямралын үед улсдаа үнэт эдлэлээ хандивлаж, давж гарсан шиг бүгдээрээ агаарын бохирдлын эсрэг ҮЙЛДЛЭЭ ХАНДИВЛАЯ гэж уриалмаар байна.

Шуурхай.мн 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: