Б.Баттөмөр: Дубайн гэрээ анхнаасаа маш муу болсон


Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг цуцлах тухай шийдвэрийг өчигдөр /уржигдар/ гаргасан. Тодруулбал, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын зүгээс “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Монгол Улсыг төлөөлж уг гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт олгосон нь буруу гэж үзээд шүүхэд хандсан. Үүний дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх хүмүүст гарын үсэг зурах зөвшөөрөл олгосон Ерөнхий сайдын /Ч.Сайханбилэгийн/ 123 дугаар захирамж хууль бус болохыг тогтоосон юм. Ингэснээр Дубайн гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээд байна. Шүүх ийнхүү шийдвэр гаргасан өдөр буюу өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг Оюутолгойд хийсэн шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцсэн. Хаалттай горимоор хэлэлцсэн уг хуралдаанаар гэрээнд хэрхэн өөрчлөлт оруулах болон Дубайн гэрээг хэрхэх талаар ч нарийвчлан ярилцсан гэх мэдээлэл бий. Ямартай ч УИХ-ын ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд Оюутолгойн гэрээтэй холбоотрй асуудлыг хэлэлцэхээр тогтоод байна. Аль хэдийнэ бэлэн болсон ч УИХ-аар хэлэлцүүлэлгүй удаж буй Оюутолгойн шалгалтын ажлын хэсгээс боловсруулсан дүгнэлтийг тун удахгүй олон нийтэд ил болгохоор болжээ. Тэгвэл Оюутолгойн гэрээг хэрхэн өөрчлөх, Дубайн гэрээг цуцлах уу зэрэг асуудлаар Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

 

-Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргалаа. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт дотор ч ийм заалт байгаа гэсэн. Ер нь ажлын хэсгийн түвшинд энэ гэрээг хэрхэхээр ярилцаж байна вэ?

 

-Дубайн гэрээтэй холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгох талаар төрийн бус байгууллагын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм билээ. Үүний дагуу дөрвөн төрлийн шийдвэрийг хүчингүй болгосон гэх мэдээлэл гарсан байна. Миний хувьд энэ талаар албан ёсны мэдээлэл аваагүй болохоор илүү зүйл хэлэх боломжгүй. Ер нь Дубайн гэрээг засч сайжруулах ёстой буюу хоёр талаас ширээний ард суух хэрэгтэй гэх шийдвэрийг бид гаргаж байна. Энэ гэрээг байгуулаад үндсэндээ тав дахь жил рүүгээ орж байна шүү дээ. Энэ хугацаанд маш их хэмжээний ажил хийчихсэн байна. Үүний хажуугаар гэрээний хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байна уу гэвэл, тийм. Анхнаасаа маш муу гэрээ болсон. Энэ гэрээний хүрээнд “Рио Тинто’’-гоос менежментийн баг томилсон байдаг. Ингээд менежментийн төлбөрт нийт борлуулалтын дүнгээс 6.5 хувийн төлбөр төлж байна. Энэ мэтээр одоо хүчин төгөлдөр, үйлчилж буй олон хууль, тогтоолыг зөрчсөн. Тиймээс Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах нь зүйтэй гэх дүгнэлт гаргасан. Харин бидний зүгээс эхлээд ширээний ард суу, “Оюутолгой" төслийнхөнтэй хамтарч ажилла. Болохгүй бол гэрээг цуцал гэсэн үүрэг даалгавар өгсөн. Оюутолгойн гэрээг анх байгуулснаас хойш улсын төсөвт 2.5 их наяд төгрөгийн татвар оруулсан байдаг. Нэгдүгээрт, АМНАТ төлж байна. Хоёрдугаарт, хүн амын орлогын албан татвар төлдөг. Энэ төрлийн татварыг нийт 11 мянган ажилтан төлж байна. Гуравдугаарт, газрын төлбөр төлдөг. Төлсөн татварынхаа нийт дүнгээр Монголд эхний гуравт орж байна.

 

“Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, дараа нь “Оюутолгой" жагсдаг. Энэ гэрээг байгуулснаас хойш нийтдээ 323 сая ам.доллар буюу 750 орчим тэрбум төгрөгийг Монгол Улсад төсөвт төвлөрүүлсэн тооцоо гардаг. “Оюутолгой” төслийнхөн өчигдөр УИХ-ын даргатай уулзсан. Ингэхдээ хоёр талаас харилцан санал солилцох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

 

 

Дубайн гэрээ гэдэг шиг Улаанбаатарын төлөвлөгөө маягийн зүйлийг хоёр талаас ярилцаж боловсруулъя гэдгийг хэлсэн байна билээ. Нэгэнт нөгөө тал ийм байр суурьтай байхад хамтарч ажиллах хэрэгтэй. Асуудлыг хүндрүүлээд заавал гэрээ цуцлах тухай яриад, арбитр шүүхдээ тулах шаардлагагүй шүү дээ.

 

-МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар Оюутолгойн гэрээний талаар хаалттай хэлэлцсэн. Ер нь энэ гэрээний ямар зүйл, заалтыг өөрчлөхөөр ярилцаж байгаа юм бэ?

 

-Уг гэрээний 6-7 заалт бүхий шийдвэрийн төслийг бэлтгэсэн. Үүний хүрээнд анх 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь, энэ гэрээний хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийн хэд хэдэн заалтыг зөрчиж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй байна. Тиймээс үүнийг эргэж харъя. Цаашлаад Дубайн гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах, мөн 2010 онд ТЭЗҮ-г өөрчилсөн байна. Тиймээс дщхин шинээр боловсруулан гаргах хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний зардал гарах, цаашлаад хэдий хэмжээний баялаг олборлох вэ гэдгийг нарийвчилж тооцоолох шаардлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр байгаль орчинтой холбоотой асуудлыг цэгцлэх шаардлага бий. Жишээлбэл, усны ашиглалтыг хүртэл нэг тийш болгох хэрэгтэй байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс 86 зөвлөмж бүхий дүгнэлтийг гаргасан. Тиймээс агуулгыг нь өөрчлөхгүйгээр Засгийн газрын зүгээс “Оюутолгой” компанитай уулзаж ярилцсан зүйл байгаа юм билээ. Үүнийг нэгтгээд УИХ-д танилцуулна.

 

-Ажлын хэсгийн дүгнэлт хэдийнэ гарсан ч УИХ-аар хэлэлцэлгүй удаж байна. Хэзээ оруулж ирэх юм бэ?

 

-Ирэх долоо хоногт оруулж ирээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байна.

 

-“Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгойн шалгалтын ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж байсан. Энэ тухайд ярилцаж шийдэлд хүрсэн үү?

 

-Ийм мэдээлэл гардаг. Гэхдээ бид албан ёсоор мэдээлэл аваагүй. Цаашид энэ талаар тухайлан ярилцах хэрэгтэй. Энэ гэрээг анх 2009 онд байгуулсан. Түүнээс хойш бүтэн арван жил болчихлоо. Энэ хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн нь тодорхой. Дотоодын төдийгүй олон улсын нөхцөл байдал олон зүйлээр өөрчлөгдсөн. Тиймээс хөрөнгө оруулагч талын тавьсан хүсэлт, шаардлагыг биелүүлж ажиллах хэрэгтэй. Үүний тулд хэлэлцээрийн ширээний ард сууж таарна.

 

Оюутолгойн гэрээ Монголын талд ашиггүй байгааг засч сайжруулах зайлшгүй шаардлагатай. Хоёр тал тэнцүү ашиг хүртэж байх учиртай. Ашиг сонирхол хоёр талаас нэгдэж байж гэрээ урт удаан, тогтвортой үргэлжилнэ.

 

 

-Дубайн гэрээг өөрчлөх юм уу цуцалсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ?

 

-Дубайн гэрээний дүнд зургаан тэрбум төгрөгийг босгох учиртай. Үүнээс миний авсан мэдээллээр 4.1 орчим ам.долларыг захиран зарцуулчихсан байгаа юм. Дубайн гэрээг байгуулснаас хойш ийм хэмжээний хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн учраас бүхэлд нь цуцлаад шинээр байгуулах боломжтой эсэхийг шууд хэлж мэдэхгүй байна. Харин тодорхой хэмжээний өөрчлөлт хийх шаардлага байгаа гэдэг нь ойлгомжтой.

 

-Дубайн гэрээг цуцлахад хүрвэл Оюутолгойн үндсэн гэрээнд нөлөөлөхгүй гэж ойлгож болох уу?

 

-Нөлөөлөхгүй, тусдаа гэрээ учраас харилцан хамаарал багатай. Өөрсдийнх нь зарласнаар “Оюутолгой” бол 2025 он гэхэд дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болох ёстой. Тиймээс Дубайн гэрээг нэг мөсөн цуцлах нь аль аль талдаа ашиггүй. Хөрөнгө оруулагч тал Монголд ашиггүй байгаа өнөөгийн байдлыг Оюутолгойнхон хүлээж авч ажиллах л хэрэгтэй. Яагаад гэвэл, баялгийн эзэд нь тэд биш бид.

 

-УИХ-аар авч хэлэлцээд Дубайн гэрээг өөрчлөх бус цуцлах нь зүйтэй гэх шийдвэрт хүрэх магадлалтай юм байна. Иймдээ тулбал манай тал дангаар шийдвэр гаргах боломжтой юу?

 

-Харилцан ойлголцож таарна. Манайх дотоодцоо яриад шийдвэр гаргачихаж болохгүй.

 

-Гэрээндээ өөрчлөлт оруулах эсвэл цуцлах саналаа нөгөө талд албан ёсоор илэрхийлсэн үү?

 

-Гэрээний аль заалтад, ямар өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа бид удаа дараа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бид санал бодлоо хангалттай тайлбарласан учраас нөгөө тал хүлээж аваад харилцан ойлголцоод явах болов уу гэж бодож байна. Анх гэрээ байгуулснаас хойш маш олон зүйл,заалтыг зөрчсөнийг өөрсдөө ч мэдэж байх учиртай.

 

-Тухайлбал, гэрээний ямар заалтыг зөрчсөн бэ?

 

-Эхний ээлжид цахилгааны асуудал. Тодруулбал, 2009 онд гэрээ байгуулахад Оюутолгойн зүгээс цахилгаан станц барих ёстой байсан. Энэ бүтээн байгуулалтыг дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэснээр Оюутолгойнхон 2013 оноос эхлээд Монголоос цахилгаанаа авах ёстой байв. Гэтэл дундуур нь буюу 2011 онд гэрээнд өөрчлөлт оруулаад Өвөрмонголоос авна гэх заалтыг оруулчихсан. Үүнийг нь хүчингүй болгосон. Үндсэн гэрээний дөрөв дэх жилээс эхлээд Монголоос эрчим хүч авна гэсэн заалт хэвээрээ л байгаа шүү дээ. Түүнчлэн Монголоос гарч буй экспортын бүтээгдэхүүний үнийг судлах гаалийн лаборатори байгуулах ёстой байсан. Энэ ажлыг эхлүүлсэн ч юм алга. Манай улсын банкуудаар тодорхой гүйлгээгээ дамжуулах ёстой ч бас л чимээгүй. Гадаад худалдаа тэр дундаа зэсийн баяжмал, алтны худалдаатай холбоотой гэрээний нууцлалаа Монголын талд үзүүлэхгүй байгаа. Энэ мэтээс Оюутолгойнхны босгож буй санхүүжилтээс авахуулаад тодруулж, нэг тийш болгох шаардлагатай маргаан дагуулсан олон асуудал бий. Эдгээрийг Засгийн газар ширээний ард сууж шийдэх ёстой. Ийм үүрэг, даалгаврыг УИХ-аас ч өгч байгаа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Энэ мэдээ таалагдаж байвал: