Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2019.11.28/ нэгдсэн хуралдаанаараа есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Үүнээс Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо тогтоолын төслийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэснийг онцоллоо. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65,9 хувь нь дэмжив.
УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгож эхлэх юм
Шуурхай.мн