Бөртэ Чонын эзэд юуны учир баярын нулимс дуслуулав


Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслолын ажиллагаа "Корпорейт" зочид буудлын Концертын их танхимд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулагдлаа.
Уг ёслолын арга хэмжээний шилдгүүд тодорсоор хамгийн оргил мөч болох Шилдгийн шилдэг тодрох мөч ирэв. 2019 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, эрэгтэй тамирчнаар Эрдэнэбатын Цэндбаатар нар тодорч шагнал гардуулах торгон мөч ирлээ. 2019 оны Шилдэгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид маань шагналаа гардан аваад үг хэлэхдээ хоёулаа баярын нулимс дуслуулж, танхимд байгаа үзэгчидийг уяраасан юм. "Алтан охин" Мөнхжанцангийн Анхцэцэг шагналаа аваад хэлсэн үгэндээ
- "Спорт гэдэг асар их хүч хөдөлмөрөөр бүтдэг. Энэ бол нэг хүний амжилт биш. Биднийг үргэлж дэмждэг МХӨХ-ны үеийн үеийн зүтгэлтнүүд, дасгалжуулагчид, тамирчид, ивээн тэтгэгчдийн шагнал юм шүү. Ц.Хосбаяр багшдаа, намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ, ханьдаа баярлалаа. Би энэ шагналыг 4 дэх удаагаа авж байна. 2018 онд үрээ өлгийдөж аваад өнжсөн байгаа. Хэдхэн хоногийн өмнө аав, ээж 2 минь 2018 онд миний охин чинь амьдралынхаа хамгийн том "Бөртэ Чоно"-оо авсан юмаа гэж хэлсэн. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй цааш, цаашдаа улам их хичээх болно" гэсэн бол
Э.Цэндбаатар -“Надад ийм том үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж байгаа Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй. Та бүхнийгээ дандаа баярлуулж явах болно. Алдаж, оносон үед ч ард минь үргэлж бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Нэг хүнд үүнийг хэлмээр байна. Эхнэртээ маш их хайртай шүү. Миний бүх амжилт чамтай минь холбоотой шүү” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. М.Анхцэцэгийн нөхөр нь "Драм 3" болон УДЭТ-ийн жүжигчин Б.Золжаргал бөгөөд ханийнхаа хамгийн үнэнч дэмжигч нь байж, тэмцээн, уралдаанд явсан үед нь хүүтэйгээ хамт байж, ар талд нь бат зогсдог нэгэн. Мөн Э.Цэндбаатарын хань нь түүнийг сахилгүйтэж, хэрэг тарих үед нь үргэлж өөрийнх нь талд байж, "Томоогүй" Цэндээг томоотой болгож, "Аав" гэж дуудуулах алдартан болгож өгсөн хүн. Тиймээс Бөртэ чонын эзэд маань тайзан дээр гэр бүл, ханиараа бахархсан ч учиртай бизээ. Хэдхэн сарын дараа эхлэх хүмүүн төрөлхтөний спортын хамгийн том цэнгэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон Токиогийн олимпод өндрөөс өндөр амжилт гарган ард түмэн, эх орныхоо нэрийг орчлонд дуурсгах болтугай.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Ж · [103.9.90.130] · 2019/12/17

    Хоёр сайхан залууд амжилт хүсье.