Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч aсан, Монгол Улсын Баатар, Э.Бат-Үүл “Гэр Хороолол” хөдөлгөөний тэргүүнээр саяхан сонгогдсон билээ. Э.Бат-Үүлийг 12 сарын 13-нд “Хүндлүүлэх эрхээ нэгдэж нэхье” сэдэвт Гэр хорооллын иргэдийн дөрөвдүгээр чуулганаар хөдөлгөөний тэргүүн Б.Батсүхийг чөлөөлж, оронд нь томилсон аж. Түүнийг хотын даргаар ажиллаж байх үед нь туслах, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хэсэг залуус хамтран “Гэр Хороолол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байсан юм. Улмаар уг хөдөлгөөн өргөжин тэлж “Гэр Хороолол Хөгжлийн Нам” болсон билээ. ГХХН нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам ба энэ оны нэгдүгээр сарын 07-нд Дээд шүүхэд албан ёсоор бүртгэгдсэн юм.
“Гэр Хороолол Хөгжлийн Нам” нь 12-р сарын 04-нд Монголын Ногоон Намтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Хэрвээ УИХ-ын 2020 оны сонгуульд Монголын Ногоон Нам, Гэр Хороолол Хөгжлийн Намтай эвсэл байгуулж оролцвол саналын хуудсанд дээрээсээ 3-т бичигдэнэ. Учир нь Бум-Ялагч даргатай Монголын Ногоон Нам нь Улсын Дээд Шүүхэд 3-т бичигддэг Монголын улс төрийн ууган намуудын нэг юм.
Ингэснээр Э.Бат-Үүл Гэр Хорооллын Хөгжлийн Намаа удирдан, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцвол АН-ын саналыг хувааж мэдэх нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь Ардчилсан намын хувьд таагүй мэдээ бөгөөд түүнд НИТХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг удирдаж орох санал дэвшүүлж ч мэдэх нөхцөл байдал юм. АН-ын удирдлагууд хэрэв Э.Бат-Үүлийн сонгуулийн тактикыг сайн анхаарахгүй бол тэрбээр Гэр Хорооллын Хөгжлийн Намаа удирдан АН-ын саналыг Нийслэл хотын хэмжээнд ихээхэн хуваах магадлал үнэхээр их билээ.
Шуурхай.мн