Нийслэлийн Онцгой комисс өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.
Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа гэр хорооллын тэр дундаа галлагаатай өрхүүдэд сайжруулсан түлшний хэрэглээнээс үүдэн үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан угаарын хий мэдрэгчийг суурилуулах чиглэл өгсөн.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга арваннэгдүгээр сард шийдвэр гарган, нөхцөл байдлыг судалж, дотооддоо борлуулдаг, нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд нээлттэй санал тавьсан байна.
Ингээд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр гэхэд 37 аж ахуйн нэгж угаарын хий мэдрэгчтэй холбоотой хамтран ажиллах боломжтой гэсэн ч 32 нь үнэлж болохуйц санал ирүүлжээ.
Монгол Улсад угаарын хий мэдрэгчийн стандарт байхгүй, импортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнд мөрдөх стандартыг хангадаггүй зэргээс үүдэн ихэнх ААН-тэй хамтран ажиллах боломжгүй болсон тул БНХАУ-ын компанитай шууд гэрээ хийхээр болсон талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээлж байв.
Энэ дагуу эхний ээлжийн 80 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг энэ долоо хоногт хүлээн авах бөгөөд угаарын хий мэдрэгчийн стандартыг боловсруулж байгаа юм.