Энэ онд хэрэгжих супер технологиуд


Ирээдүйн тухай төсөөлөл болон өнгөрсөн цаг хугацааг мэдэх гэж хичээсэн танин мэдэхүйн эрэл нь хүн төрөлхтний хөгжлийн мөнхийн хөдөлгүүр болж байдаг. Бидний өнгөрсөн амьдрал зоосны нэг тал бол ирээдүй маань нөгөө тал нь юм. Өнгөрснийг сониучирхахын хажуугаар ирж буй ирээдүйг ямар байх бол хэмээн төсөөлдөггүй хүн үгүй биз. Ялангуяа мэдээллийн гэгдэх XXI зуунд амьдарч байгаа бидний хувьд шинэ нээлт, технологийг туршиж үзэхгүй л бол бусдаасаа хоцрогдож байгаа юм шиг мэдрэмж төрж, шинэлэг сайхан бүгдийг амьдралдаа нэвтрүүлэх гэж хичээдэг шүү дээ. Шинжлэх ухаан бидэнд өмнө нь төсөөлж ч чаддаггүй байсан зүйлсийг нээж, илрүүлж, санаачилж, зохион бүтээж өгдөг. 2020 онд ямар ямар шинэ технологиуд бидний амьдралд нэвтрэх вэ, хүн төрөлхтөн ямар гайхалтай нээлтүүдийг туршиж, үр дүнг нь хүртэж эхлэх вэ гэдгийг тоймлон бэлтгэлээ.

Сүүлийн 10 жил буюу 2010-2020 оны хооронд технологи үсрэнгүй хөгжиж, бөмбөрцгийн өнцөг булан бүр хоорондоо сүлжээгээр холбогдож жинхэнэ утгаараа глобалчлагдаж байгааг бид харлаа. Энэхүү технологийн дэвшил дараагийн арван жилд болон цаашид ч улам эрчтэй хөгжиж, бидний багадаа төсөөлдөг байсан, Холливудын зөгнөлт кинон дээрээс хардаг харийн гэмээр ертөнц бий болох цаг ойртсоор байна. 2020 онд хэрэгжих шинэ технологиудыг хүн төвтэй, ухаалаг орон зайн гэсэн хоёр төлөвөөр хөгжинө хэмээн “Gartner Inc”-ээс тодорхойлжээ. “Gartner Inc” нь санхүүгийн чиглэлийн судалгаа шинжилгээ хийдэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хэмжээний томоохон корпораци юм.

ХҮН ТӨВТЭЙ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

ЭРЛИЙЗ АВТОМАТЖУУЛАЛТЫН ЭРИН ҮЕ

Энэ нь хиймэл оюун ухаан (AI), машинд суурилсан суралцахуй (ML) зэрэг дэвшилтэт технологиуд бөгөөд уламжлалт автоматжуулалтын арга барилаас хамаагүй илүү түвшинд хүрсэн технологи юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн даалгавар биелүүлэхээс хэтэрдэггүй байсан хиймэл оюун ухаан хүний оюун ухаантай илүү ойртож очно гэсэн үг. Жишээ нь, роботод тодорхой нэгэн даалгавар өгөхөд өмнө суурилагдсан программынхаа дагуу л автоматаар үйлдэл үзүүлдэг байсан. Тэгвэл энэ шинэ технологийг нэвтрүүлснээр хүн энэ ажлыг хэрхэн хийдэг вэ, яг л тэрэн шиг даалгавар биелүүлдэг болох нь байна. Хүний үйлдэл, хөдөлгөөн, сэтгэл зүй гээд тухайн даалгаврыг гүйцэтгэж байх үеийн бүх оюун ухаан, тархины үйл ажиллагааг хуулан роботод суулгаснаар робот хүн шиг сэтгэж, хүн шиг хөдөлнө гэсэн үг юм. Маш олон программыг хослуулж байж энэхүү төгс шийдэлд хүрэх гэнэ.

ТЕХНОЛОГИЙН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЦЭЦЭГЛЭНЭ

Технологийн ардчилал гэж технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл явцыг хэлнэ. Нөгөөтэйгүүр хүмүүст техник, төхөөрөмжийн болон бизнесийн шинэ моделуудыг таньж, суралцахад тусалдаг нэг төрлийн үйлчилгээ юм. Хүмүүс интернэтэд ажиллаж, бизнесээ явуулах нь ихсэх тусам интернэтэд суурилсан төхөөрөмж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сайжруулж байдаг. Цаашлаад уг төхөөрөмжүүдэд суурилсан программ, аппликэйшнүүд нэмэгдэж, үүнийг дагаад бүтээгдэхүүн үйлчилгээний суртчилгаа, маркетингийн арга барил өөрчлөгддөг. XXI зууны бизнесийн шинэ моделууд төрөн гарч буй гол механизм бол энэ. Энэхүү өөрчлөлтийг даган дижитал шинжээчид гэх шинэ үеийн хөгжүүлэгчид олноороо төрөн гарч ирж байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид хиймэл оюуныг хөгжүүлэх бүх төрлийн техник болон программ дээр ажилладаг. Тэгвэл энэхүү шинэ төрлийн хөгжүүлэгчид нь бизнес шинжээчдийн анализын дагуу программ, автоматжуулалт зохион бүтээж, хөгжүүлдэг гэсэн үг. Энэ шинэ тренд нь аппликэйшн хөгжүүлэлт, дата болон анализ цуглуулалт, дизайн, мэдлэг гэсэн дөрвөн үндсэн чиглэлд голлон анхаарлаа хандуулах гэнэ. Техникийн салбараас гадуурх хүмүүст технологийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг давхар олгоно хэмээн мэргэжилтнүүд дурдсан байна лээ. Үүнийг түшиглэн крипто валют болон блокчейн ахисан түвшинд хүрч хөгжих төлөв ажиглагдаж байна.

ХҮНИЙ ЧАДАМЖИЙГ УХААЛАГ ӨМСГӨЛӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

Хүний танин мэдэхүй болон бие физиологийн өсөлтөд технологийг хэрхэн ашигтайгаар нэвтрүүлж болохыг судалдаг салбар ухаан гэж бий. Тэгвэл энэ салбарын эрдэмтэд хүний оюун ухаан болон бие махбодын хүчин чадлыг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлж байгаа юм байна. Үүнд бүх төрлийн ухаалаг өмсгөлүүд орно. Ухаалаг өмсгөлүүдийг уул уурхай, барилга гэх мэт хүнд үйлдвэрүүдээс авахуулаад аялал жуулчлал зэргийн жижиг салбарт ч ашиглаж эхлэх нь ээ. Ерөнхийдөө энэ төхөөрөмжийг өмсөж зүүснээр хүний ажиллах чадамж сайжирна аа л гэсэн үг юм. АНУ-ын Бостон Динамик зэрэг компаниуд үйлдвэрийн орчинд хүний чадвар, нөөц бололцоог нэмэгдүүлэх ийм төрлийн техник, хэрэгслүүдийг нэвтрүүлээд удаагүй байгаа юм байна. Тэгэхээр IT ажилчид ийм төхөөрөмжийг хөгжүүлэх салбар луу хөрвөж, шинэ хөгжүүлэгчид бэлтгэгдэн бий болох нь тодорхой байгаа юм.

СИСТЕМИЙН НУУЦЛАЛЫГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ ТӨГС ХОСЛУУЛНА

Орчин цагт мөнгөнөөс илүү дататай хүн баян гэгдэх болсон. Судалгаа явуулж, хөгжүүлж буй салбартаа хэдий чинээ их дата цуглуулна төдий чинээ дэвшил гаргана. Данц ганц судалгаан дээр ч гэлтгүй, дэлхийн улс орны бүх нууц, бүх ажил, бүх бизнес датан дээр оршин тогтнож байна. Үүнийг дагаад мэдээллийн нууц байдал асар хурцаар тавигддаг. Хувь хүн өөрийн мэдээллийг хэрхэн найдвартайгаар хадгалах вэ гэх санаа зовнилоос авахуулаад байгууллагын, цаашлаад улс орны хэмжээнд датагаа хамгаалах нь хамгийн том асуудал болдог. Засгийн газрууд энэ тухай хууль тогтоомж хүртэл гаргадаг. Европын холбооноос гаргасан Дата хамгаалах дүрэм журам хүртэл бий. Гэсэн ч системийн аюулгүй байдал, нууцлалын тухайд дэлхийн улс орнууд үргэлжийн маргаан, айдас дунд байдаг. Иймээс томоохон гүрнүүд ойрын үед энэ талаар нухацтай авч үзэн, нэгдсэн шийдэлд хүрэхээр удирдлагын түвшинд хэлэлцэж буй аж. Хиймэл оюун ухааныг систем хамгаалах технологид ашигладаг бөгөөд дутагдалтай олон тал байгааг засч сайжруулах ажил энэ онд эрчимтэйгээр хийгдэж эхлэх юм байна.

УХААЛАГ ОРОН ЗАЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

CLOUD БУЮУ ҮҮЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАРХААНА

Cloud гэдэг нь аливаа ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаа хүний интернэт орчинд өөрийн файлыг хадгалах авдар юм. Өөрөөр хэлбэл, таны ухаалаг утасны багтаамж дүүрлээ гэхэд Cloud үйлчилгээний аккаунтаараа нэвтэрч ороод өөрийн гэсэн зураг, видео зэрэг файлуудаа хадгалж болно. Гар утсаа хаясан ч гэсэн Cloud хаяг чинь байгаа цагт таны бүх мэдээлэл интернэт орчинд зөвхөн танд харагдах байдлаар хадгалагдана гэсэн үг. Өмнө нь “үүл” тооцоолол нь байршлаас шалтгаалдаг байсан.

Хэрэглэгч өөрийн файлыг “үүл”-нд байх нь байгаа гэдгийг мэдэхээс хэтэрдэггүй байсан бол одоо мэдээлэл хадгалагдаж буй байршлыг илүү чухалчилж авч үзэж байна. Том үүлийг задалж секторуудад хувааж өгснөөр илүү тодорхой, нээлттэй болно хэмээн хөгжүүлэгчид дурджээ.

ИЛҮҮ ИХАВТОМАТ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Хиймэл оюун ухааныг ашиглан сайжруулсан автомат төхөөрөмжүүд энэ онд илт нэмэгдэх төлөвтэй байна. Хаа сайгүй камер, царай таних төхөөрөмжүүд, хог цэвэрлэх роботууд, машин зогсоолын робот ажилтан гэх мэт төхөөрөмжүүдийг хардаг болох нь. Ийм төрлийн хэрэгслүүд маш хатуу программын дагуу зохион бүтээгдэнэ. Дронууд агаараар нисэлдэн хамгийн харанхуй гудамжийг ч хяналтдаа авч эхлэх гэнэ. Нийгмийн хэрэгцээ шаардлага өсөхийн хэрээр автоматчилал дэлхийг бүрхэнэ хэмээн шинжээчид зөгнөж байна. Ер нь бол хүмүүс хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Эрлийз автоматжуулалт гэх зэрэг хөгжиж буй технологиуд хэрхэн өөрчлөгдөж байгааг бид олж мэдлээ. Гэхдээ эдгээр технологиудын аюулгүй байдал нэн тэргүүнд яригдах ёстой. Ирээдүйн AI буюу хиймэл оюун ухааны аюулгүй байдал нь гурван үндсэн хэтийн төлөвтэй байх гэнэ. 1. AI хөдөлгүүртэй системийг хамгаалах, AI сургалтад баталгаатай өгөгдөл ашиглах, мөн сургалтад аюулгүй машин болон төхөө-рөмж ашиглах; 2. Аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглах, загвар зохион байгуулалтыг ойлгох, гадны халдлагыг илрүүлэх, кибер аюулгүй байдлын үйл явцыг автоматжуулах зорилгоор автомашины сургалтыг ашиглах; 3) Халдлага үйлдэгчид хиймэл оюун ухааныг сөрөг зүйлд ашиглах эрсдэлийг урьдчилан харах, эдгээр дайралтыг тодорхойлж, эсрэг хамгаалалт хийх гэсэн чиглэлээр AI буюу хиймэл оюун ухааныг хамгаалах технологийг энэ онд эрчимтэйгээр хөгжүүлнэ хэмээн Gartner Inc-ийнхэн мэдэгдсэн.

Эцэст нь дүгнээд харахад, XXI зууны аж амьдрал интернэтгүйгээр цааш өрнөх боломжгүй болжээ. Бүх технологи интернэтийн сүлжээнд суурилна, хөгжиж цэцэглэнэ, бүх бизнес сүлжээгээр тэлнэ. Хүн төрөлхтний хөгжлийн алтан түлхүүр интернэт гэдэг нь хамгийн ойлгомжтой, бас үнэн томьёо. Дэлхий ертөнц хуваагдаж, зааглагдахаа больж, сүлжээнд холбогдсон бүхэл цул талбар болон хувирч байна. Хүн төрөлхтөн интернэт гэх асар том түүдгийг тойрон сууцгаажээ. Галын илч хэр их, хэр удаан дулаацуулах нь таны сууж буй байршлаас шалтгаалах болж байна.

 

А.МӨНХЗУЛ

 


Энэ мэдээ таалагдаж байвал: