Үрээ хамгаалаач, ээж ээ


Монгол хүүхдүүд гэртээ амиа алдсаар байх уу

Дөнгөж төрсөн нялх үрээ үнэрлэн суух, өдөр өдрөөр өсөн торниж байгаа түүнийг харах юутай жаргал. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй торомгор нүд, булцайсан бондгор хацар, божин бор гар, тэнтэр тунтар алхаа. Үргэлж асууж лавлан, шулганах дуу хоолой ер нь ариун, сайхан бүхэн хүүхдэд бий. Тэд төрөхдөө л бидэнд аз жаргал бэлэглэн ирдэг. Гэтэл...

2018 онд улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэнээс 230 буюу 44.9 хувьд нь хүүхэд хохирогч болжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 39.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний арван төв ажиллаж, 2018 онд нийт 1670 хүчирхийллийн хохирогч үйлчлүүлсний мөн л 81.9 хувь буюу 1369  нь 0-18 хүртэлх насны хүүхэд байв.

Хүчирхийллийн хохирогчдын 55 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагчдынхаа гарт өртсөн байжээ. Хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ шийдвэр гаргах эрх хүн бүрт бий. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэргүүдээс хохирогчид нь ихэвчлэн хойт эцгийнхээ гарт өртсөн хүүхдүүд байгааг харж болно.

Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь салснаар хүүхэд хойт эцгийн нүүр үзэхэд хүрдэг. Нөхрөөсөө салсан хүүхэдтэй эмэгтэйчүүдийн олонх нь дахин амьдрал зохиохоос сайн дураараа татгалздаг. Гэтэл нөгөө хэсэг нь итгэж, найдан, хоёр дахь амьдралаа эхлүүлдэг ч энэ мэт хүүхдээ хохирогч болгож, нарт хорвоогоос буцах шалтгаан болгосон нь цөөнгүй. Мэдээж, үлгэр жишээ болохуйц сайн хойт аав олон бий. 

Өнөөдөр бурхны оронд одсон хүүхдүүд анх удаа хүчирхийлэлд өртсөн үү гэвэл үгүй. Ийм явдал өмнө нь хэд хэдэн удаа давтагдаж, тэр бүрт ээж нар нөхрөө өөрчлөгдчих болов уу хэмээн итгэн хүлээдэг бол зарим нь үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй нөхцөл байдалд амьдардаг, бүр нийлж байгаад хүүхдээ зоддог нь ч бий. Нэг удаа хүүхдэд гар хүрсэн хүн дахиад л хүрнэ.

Тиймээс хань болохгүй нэгэнд итгэж, хүүхдийнхээ ирээдүйг хараар битгий будаач, ээж нар аа. Ээж, хойд аав хоёр нь байнга муудалцдаг, үүний шалтгаан нь өөрийгөө гэж бодсон хүүхэд амиа хорлох оролдлого хийж байсан тохиолдол ч олон бий. Мөн хэдэн жилийн өмнө хамтран амьдарч байсан эр хүүхдийг нь хөнөөхөд ээж нь “Гомдолгүй” хэмээн мэдүүлж байсан хэрэг ч гарсан.

Арван сар тээж, ангир уургаа хөхүүлж өсгөсөн хүүхдийг нь ханилсан хүн нь хөнөөхөд гомдолгүй гэх ээж олон биш. Гэхдээ ийм хэрэг гарсан нь үнэн. Хэрэв бусдын гарт амиа алдсан хүүхдүүд үг хэлж чаддаг сан бол тэд “Үрээ хамгаалаач, ээж ээ” гэж хэлэх байсан нь гарцаагүй.

АСААД УНТАРСАН ЛАА

Жаал хүүгийн гар дахь лааг асаахаар үл таних эр хэд хэдэн удаа оролдсон ч өвлийн дунд сарын жихүүн салхи асаж ядан буй дөлийг үлээж орхино. Өнөөх эр лааг асаахаар ахин дахин оролдсоор, ашгүй нэг юм асав. Энэ бол 2015 оны хоёрдугаар сарын 28. Хүмүүний амьдралд хөл тавиад удаагүй бяцхан зүрх энэ лаа шиг ойр тойрондоо гэрэл түгээхээр орчлонд хүн заяаг олж төрсөн ч өөрийнхөө аав, хойт ээждээ зодуулан хорвоогийн мөнх бусыг үзэн, нэгэн амь бөхсөн.

Лааг ахиад асааж болох ч нэгэнт нас барсан дөрвөн настай охиныг дахиад амьдруулах боломжгүй. Түүний гэгээн дурсгалд зориулан монгол түмэн Сүхбаатарын талбайд хүндэтгэл үзүүлсэн нь энэ. Дахиж ийм хэрэг битгий гараасай, төр засаг үүнд анхаарал хандуулаасай хэмээн тэд хүсэж, өвлийн хүйтнийг үл ажран эх орныхоо төв талбайд жагссан юм. Гэтэл энэ явдлаас хойш хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн тоо буурсангүй. Харин ч бүр шил шилээ даран энэ төрлийн гэмт хэргүүд ил болсоор байна.

Оны өмнөхөн Хэнтий аймгийн Хэрлэн сумд хойт эцэг нь хоёр настай хүүг шөнөжин зодож, улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн хохирогчид нь хоёр ойтой болон ой гурван сартай хүүхдүүд байсан юм. Харин хэргийг үйлдсэн этгээд нь хулгай, дээрэм, залилан, хүчингийн хэргээр удаа дараа ял авч, тэнсэнгээр суллагдаад байсан 23-хан настай залуу байлаа. Мөн хамгийн сүүлд буюу энэ сарын 4-нд Дорнод аймгийн Хэрлэн сумд хоёрхон настай хүү 19 цаг гэртээ ганцаараа байж, осгож үхэхийн даваан дээр хөрш нь холбогдох байгууллагад мэдэгдсэнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, амь гарсан.

Хов хоосон гэрт бараг бүтэн өдөр идэх хоолгүй, эвийлэх хүнгүй, хоолойгоо сөөтөл уйлаад ч сонсох хэн нэгэнгүй хоригдсон хүүгийн оронд өөрийгөө тавиад үзвэл хэний ч айдас төрөм. Азаар хүү амьд гарсан. Хэрэв ямар нэгэн муу зүйл тохиолдсон бол өнөөдөр буруутан олдохгүй нь. Хүүг ээж нь эмээд нь үлдээгээд хөдөө ажлаар явсан хойгуур эгч нь гэртээ аваачсан байдаг. Харин дараа нь найзтайгаа уулзан, архи ууж, тухайн өдөр гэртээ хариагүй. Хоёрхон настай хүүг гав ганцааранг нь бүтэн өдөр орхиод явсныхаа тайлбарт “Нөхрийгөө харьчихсан хэмээн бодсон” гэж зөвтгөл эрсэн. Хэнэггүй гэхэд арай хэтэрхий биш гэж үү.

Түүнчлэн өнөөг хүртэл хүүгийн ээж чухам хаана, юу хийж яваа талаарх мэдээлэл байхгүй байгаа юм. Аавынх нь талаар бүр дурсах ч хэрэггүй. Энэ мэдээтэй зэрэгцэн Баянзүрх дүүргийн XI хороонд ой нэг сартай бяцхан хүү гэрийнхээ устай саванд толгойгоороо унаж, нас барав. Тухайн үед алгын чинээхэн хүүг хаана, юу хийж явааг харчих хүн байсангүй гэж үү. Хэрэв байсан сан бол тэр өнөөдөр бидний дунд амьдарч, нэгэн зүрх цохилж байх байлаа.

Энэ бол он гараад долоохон хоноход гарсан, бидэнд мэдэгдсэн хэргийн тоо. Дээрх шиг олон жишээг дурдаж болно. Сүүлийн долоо хоног хүрэхгүй хугацаанд дээрх хэргүүд ар араасаа гарсан нь Монголд хүүхдийн хүчирхийлэл, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг илтгэж буй юм. Гэвч бидэнд мэдэгдээгүй хэчнээн хэрэг цоожтой хаалганы цаана дарагдаж, хэчнээн хүүхэд хашгиран уйлж, хорвоог зүхэж суугааг таахын аргагүй. Тэгвэл одоо бид юу хийх ёстой вэ. Инээж, эрхэлж, тоглоод гүйж байх насны алдрай бяцхан үрсээ харгис эцэг, эхийнх нь гарт зодуулж, хүчирхийлүүлсээр байх уу. 

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ТООЛЪЁ

Манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон хэдий ч хүүхдийн эрх зөрчигдөх үзэгдэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. Эх оронд маань өнөөдөр дайн тулаан болоогүй, энх амгалан цаг юмсан, уг нь. Гэтэл дарийн утаа үнэртсэн дайны он жилүүдээс ч дутахгүй олон хүүхэд хамгаалах ёстой хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, тэдний гарын чилээг гаргах болов. Монгол Улс сүүлийн жилүүдэд тоолж болох боломжтой бүх зүйлсийг тоолдог болсон.

Түүх соёлын дурсгалт зүйлс, уул, ус, ургамал, амьтан, орон сууц, машин тэрэг гээд тоолохгүй зүйл алга. Тун удахгүй арван жилд нэг удаа болдог Хүн ам, орон сууцны тооллого ч эхэлнэ. Хүүхдийн мөнгө олгохын тулд хэдхэн жилийн өмнө бид ашигладаг бүх цахилгаан хэрэгслээ тоолуулсан. Мөн монголчууд хэчнээн малтайгаа хэний ч өмнө нүүр бардам хэлж чадна. Түүнчлэн ашиглалтын хэдэн орд байгаа, хэдийнх нь хугацаа хэзээ дуусахыг хайлтын систем  ашиглаад мэдэж болно.

Гэтэл хэчнээн хүүхэд өнөөдөр хүчирхийллийн дунд өсөж, хүмүүжиж байгааг харин хэлж чадахгүй гэхээр ичмээр биш гэж үү. Эсвэл хүүхэд эдийн засгийн ач холбогдолгүй, сонгууль ч өгдөггүй болохоор энэ улсын бодлого тэднийг  тойрч өнгөрөөд байдаг хэрэг үү. 2018 онд л гэхэд 995 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байранд хүргэгдсэн байна. 2012-2016 оны хооронд 1088 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон харамсалтай мэдээ ч бий.

Түүнчлэн судалгаагаар арван хүүхэд тутмын найм нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн гэдгээ хэлжээ.  Үүнээс хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртжээ. Нэгэнт л бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байгаагаас хойш эрсдэлт бүлэгт амьдарч байгаа, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдээ тоолъё.

Тэднийг ядаж долоо хоногтоо нэг удаа хэрхэн, яаж амьдарч байгааг нь хариуцсан нийгмийн ажилтан нь харж, хянадаг болъё.. Чихэр хүлхэж, үлгэрт итгэн, эргэн тойрныхоо хүмүүсийн хайранд дунд өлгийдүүлэн, бөмбөрч байх ёстой хүүхдүүдээ хамгаалъя, төр засаг нь. Энэ чиглэлээр бодлого боловсруулъя. Хэлж, яриад өнгөрдөг биш, хийж хэрэгжүүлж, бодлого боловсруулах цаг болсныг хойно хойноосооо цувран гарсан олон хэргүүд сануулж байна.

Э.Эрдэнэцэцэг

Эх сурвалж: Үндэсний шуудан


Энэ мэдээ таалагдаж байвал: