Аргагүй л ааг нь багтаж ядсан ясны бөх гэж “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэнг хэлэх байз. Олон улсын тэмцээн уралдаанд эх орнийхоо нэрийг өргөж яваа жижигхэн биетэй хэвлүүхэн залуу маань Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 86 кг-ын жинд 5 дахь алтан медалаа хүртэж энэ жиндээ өөрийн нэрийг дархаллаа. Тус тэмцээн 1 сарын 12 ноос 14 хооронд Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд болсон бөгөөд 86 кг-ын жинд нийт 16 бөх зодголсоноос алтан медаль хүртжээ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул залуу бөх Алдар спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн нутаг усныхаа бахархал байгаад зогсохгүй бөх сонирхогч хүүхэд багачуудын үлгэр дуурайлал мөн цаашлаад Олимпийн дэвжээнээс алтан медаль хүртэж нийт Монголчуудын цөсийг хөөргөх цаг ойрхон бизээ. Мөн энэ жилийн тэмцээний онцлог нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ жингээр явагдсан бөгөөд 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгоод зогсохгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд оролцох оноог авсан байна.
Хангай нутгийн хүчтэй хүү О.Үйтүмэн 5 дахь удаагаа аваргаллаа.
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.