Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ЭМЯ-наас албан ёсоор мэдээллээ. Тодруулбал, уг иргэнээс коронавирусийн халдвар гараагүй гэсэн юм.
Хэрэг явдлыг сануулбал, хоёрдугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн сэжигтэй эмэгтэйг тусгаарласан. 30 настай эмэгтэй тус эмнэлэгт ханиалгаж, цээж хөндүүрлээд байна гэсэн шинж тэмдэгтэйгээр хандсан байна. Мөн тэрбээр нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд Тайваньд зорчсон. Ингээд нэгдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатарт онгоцоор ирж, хувийн унаагаар Дархан-Уул аймагт ирсэн гэжээ. Тиймээс уг тохиолдлыг сэжигтэй тооцон тусгаарлаж, шинжилгээ авсан ч ийнхүү сөрөг гарлаа.