Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах хэсгийг 3.2 тэрбум төгрөгөөр "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн" болгохоор шийдвэрлэсэн. Гэвч үүнийг иргэд эсэргүүцэж, коронавирусийн халдварын үед эдийн засаг муу байхад 3.2 тэрбумаар ногоон байгууламж үгүй хийх гэлээ хэмээн шүүмжилсэн юм.
Харин "Алтан Дорнод" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд "Бид өнөөдөр талбайн өмнөх саадны тохижилтыг 3.2 тэрбумаар хийж яасан ч болохгүй. Энэ мөнгөөр яаралтай эмнэлэг барих хэрэгтэй. Мэр С.Амарсайхан та Улаанбаатар хотын иргэдийн үгийг сонсооч. Би даагаад тэр саадны жорлонгийн шугам, шинэчлэл, тохижилт, цэвэрлэгээг иргэдтэй нийлээд хийгээд өгье" хэмээн мэдэгдсэн билээ.
Түүний саналд Хотын дарга С.Амарсайхан хариу өгчээ. Тэрбээр "Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан "Алтан дорнод" ХХК компаний захирал, их хотын иргэн Т.Ганболд танд баярлалаа. Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилъя" гэжээ.