fbpx Хагас тэрбум төгрөгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй “сэйф” Н.Хүрэлбаатар АШУҮИС-ийг удирдахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

Хагас тэрбум төгрөгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй “сэйф” Н.Хүрэлбаатар АШУҮИС-ийг удирдахаар боллоо

Сү.Батболдыг засаг удирдаж байх үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг Монголын хууль, хяналтын байгууллагаас мөнгө угаалт, авлигын хэрэгт сэжиглэн шалгаж буй талаар хэвлэлүүд 2011 оноос эхлэн бичиж буй билээ. Хэдий тийм ч түүнд холбогдох хэргийн хувь заяа чухам яг хэрхэн өрнөсөн нь өнөөдрийг хүртэл тун тодорхойгүй байдаг юм.

Тэгсэн хэр нь түүний улс төрийн карьер баларч арилаагүй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр 2019 оноос томилогдон ажиллах болсон юм. Есөн жилийн өмнө хэвлэлүүдээр  сэйф гэх тодотголтойгоор бичигдэх болсон Н.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд зөвлөх болсонд олон нийт ихэд эгдүүцэн хүлээн авч байсан л даа.

Тэгвэл нөгөөх болж бүтэхгүй асуудалтай нэр холбогдсон сайд асан маань Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль гэж том айлын захирлын албыг өнгөрсөн баасан гарагт хүлээн авчээ.

Уг нь эрх баригч нам 2016 оны сонгуулиар ялалт байгуулахдаа ч саяны сонгуулиар ялалт байгуулахдаа ч Монголын төрд хууль журам зөрчсөн, шоронгийн босго алхсан, шударга бус хүмүүсийг ойртуулахгүй гэж иргэдэд амлаж байсан даа. Гэвч Н.Хүрэлбаатар гэж муу нэртэй, луу данстай нөхрийн зөвлгөөг Засгийн газар нь сонсоод л, улс орны чухал боловсон хүчнийг бэлддэг сургуулиа түүнд даатгаад л байгаа нь үнэндээ ойлгоход бэрх нөхцөл байдлыг үүсгээд байна.

Чухам яагаад түүнийг “муу нэртэй” гээд буйг тодотгох үүднээс долоон жилийн өмнөх хэрэг явдлыг нэхэн сануулъя.

2011 оны хавар  Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Тэр үед Х.Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгаж байлаа. Хэргийг үйлдсэн этгээдүүд төмөр сэйфний түгжээг тайлж чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох хогийн цэгт хаяснаа мэдэгдсэн байдаг.

Улмаар төмөр сэйф хуулийнхны гарт очиж, тэд түгжээг нь тайлахад хоёр сая 245 мянган юань гарч ирсэн гэдэг. 2011 оны Монголбанкны албан ханшаар тооцоход 420 орчим сая төгрөг юм л даа. Сайдын хүүгийн гэрт байсан сэйфнээс илэрсэн хагас тэрбум орчим төгрөгийн эзэн нь сайд өөрөө гэдгийг хүү нь өөрөө амаараа тайлбарласан байдаг. Улмаар сэйфэнд байсан их хэмжээний валютын эх үүсвэр нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй гэсэн үндэслэлээр Улсын Мөрдөн Байцаах Газраас шалгаж эхэлсэн түүхтэй.

Сонирхолтой нь хэрэг явдал ингэж мандаж эхлэх үед Н.Хүрэлбаатар Монгол Улсын хилээр гарч явснаар “дайран дээр давс” гэгчээр  хэвлэлүүд хэрэг явдлын талаар бүгд л бичиж байлаа. Асуудал улс орон даяар өндрөө авч эхлэхтэй зэрэгцэн Н.Хүрэлбаатар Монголдоо буцаж ирэх шийдвэрийг гарган, Сөүл-Улаанбаатарын нислэгээр Буянт-Ухаад газардаж байлаа. Түүнийг буусан даруйд цагдаагийн байгууллагаас баривчлан, хорьж байсан билээ. Н.Хүрэлбаатарыг баривчилсны дараа хүүг нь батлан даалтад гаргаж байсан юм. УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг шалгаж байгаад дараа нь АТГ дангаараа шалгах болсон гэх мэдээлэл байсан юм.

Гэсэн ч Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг хэрхэн яаж шийдсэн нь, хэрэв гэм буруугүй гэж үзсэн бол чухам ямар үндэслэлээр тэгэж шийдвэрлэсэн эсэх талаараа хуулийнхан тодорхой тайлбар хийдэггүй нь хачирхалтай. Төрийн сайд хүний төрсөн хүүгийн гэрээс өөрт нь хамаарал бүхий хагас тэрбум орчим төгрөг гарна гэдэг яах ч аргагүй араас нь тандан, тодруулах ёстой асуудал мөн л дөө. Гэвч өнгөрсөн есөн жилийн хугацаанд сайд асанд холбогдох хагас тэрбум төгрөгтэй тэнцэх валютын эх үүсвэр тодорсонгүй. Харин Н.Хүрэлбаатар гэж хүн дуртай цагтаа Монголын төрд болон төрд хамаатай ажил албыг хашиж, дураараа дургиж явна.

Shuurhai.mn

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​