Европын холбоо мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-д Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ хэмээн өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ж.Батзандан гишүүн хэлсэн юм.
Тэгвэл Европын холбооны зүгээс энэ мэдээллийг албан ёсоор баталгаажууллаа. Холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааг сайжруулахын тулд шинэ бүтэц бүхий байгууллагатай болох саналыг Европын комиссоос холбооны гишүүн улс орнуудын засгийн газруудад хүргүүлсэн байна.
Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд дутагдалтай орнуудын жагсаалтыг шинэчилж, Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мавритани, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве зэрэг улсуудыг нэмж буйгаа Европын комиссын зүгээс мэдэгдлээ.
Жагсаалтыг сарын дотор албажуулан батлах бөгөөд ирэх аравдугаар сараас эхлэн мөрдөх аж. Коронавирусний улмаас “Хар жагсаалт” дахь улс орнуудад тавих хяналтыг хэрэгжүүлэх хугацааг аравдугаар сар болгон хойшлуулжээ.