Сургууль, цэцэрлэгийн карентиныг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Тиймээс төгсөх ангийнхан буюу 12 дугаар ангийнханд давтлага орохоор болсон юм. Энэ талаар БШСУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад ЭЕШ-д бэлдэх зорилгоор нэг сарын хугацаанд давтлага өгөхөөр болсон. Давтлага тавдугаар сарын 11-нээс эхэлнэ. Давтлага хичээлийг 596 сургуульд зохион байгуулна. Нэг ангид 10-15 хүүхэд, элсэлтийн шалгалт өгөх чиглэлээрээ хуваагдаж орно. Хоорондын зай 1.5 метр байна. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс давтлагын хуваарийн зөвлөмжийг гаргасан байгаа. Сургууль руу орохдоо нэг хаалгаар бөөгнөрөл үүсгэж орохгүй. Орж болох бүх хаалгаар хуваагдан орно. Сургууль орох бүрт халууныг хэмжинэ. Амны хаалтаа зүүнэ.
Энэ жилийн ЭЕШ-д 31000 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Нэг хүүхэд дунджаар гурван шалгалт өгнө. Энэ жилийн давтлага ЭЕШ-д зориулагдаж байгаа учир хүүхдүүдийн бүртгүүлсэн гурван хичээлээр нь давтлагыг зохион байгуулна. Мөн хүүхэд өөрөө сонголтоо хийх боломжтой бөгөөд давтлагад хүүхдүүд орох эсэхээ өөрсдөө шийднэ. Заавал суу, ирц бүртгэнэ гэсэн асуудал байхгүй.
Бүх сургуулиуд өчигдрөөс бэлтгэлээ эхэлсэн байгаа." гэлээ.
Б.Аз